Цахим залилангийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Бат-Оргил мэдээлэл өглөө.
Тэрбээр ” 2024 он гарснаас хойш залилах гэмт хэрэг 5910 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 3674 буюу 62.2 хувийг цахим залилах гэмт хэрэг эзэлж байна. Онлайн захиалгын залилах гэмт хэрэг 1131 байна.
Энэхүү төрлийн гэмт хэрэг хүний хэрэгцээнд тулгуурласан бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас бага үнэ санал болгодог. Цаашлаад өндөр хувийн хямдрал санал болгоно. Мөн бараа бүтээгдэхүүний нөөц дуусаж байна гэж яаравчлуулдаг. Мөнгөө бүрэн төлсөн тохиолдолд нийслэл орон нутаг руу хүргэлт үнэгүй зэргээр хялбар худалдан авалтыг танд санал болгодог.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бараа бүтээгдэхүүн таны гар дээр очоогүй тохиолдолд мөнгөө бүү шилжүүлээрэй . Эзэмшигч нь хэн гэдэг нь тодорхой, албан ёсны сайт болон хувь хүн байгууллагаас бараа бүтээгдэхүүнээ захиалж авахыг сануулж байна. Мөн тухайн байгууллагыг албан ёсны сайт мөн болохыг сайтар нягталж шалгахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.
Т.УНДРАХБАЯР