Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Цагдаагийн газар, Баяндалай сумын ЗДТГ-тай хамтран энэ оны нэгдүгээр сарын 20-22-нд Баяндалай сумын Төхөм багийн “Дэвсэг”, “Цагаан чулуут”, “Далай хайлааст”, “Улаан толгой”, “Хувын булаг”, Сэврэй сумын Хоолт багийн “Хул морьт”, “Хүрэн овоо”, “Наран туул” зэрэг газруудад хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын явцад Сэврэй сумын Хоолт багийн “Хүрэн овоо” хэмээх тусгай хамгаалалттай газарт Баянхонгор, Булган, Дундговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 25 автомашин бүхий 100 гаруй иргэн цуглараад байсныг тарааж, тухайн ухсан газрыг иргэдээр гар аргаар нөхөн сэргээлт хийлгүүлэн гурав орчим га газрын хогийг цэвэрлүүлэв. Тус газарт иргэд газрын гүний усыг их хэмжээгээр гаргаж хоёр орчим га газарт ухсан нүх нь усаар дүүрч мөстсөн байжээ. Энэ нь цаг агаар дулаарч байгаа үед мал, амьтан унаж эрсдэх аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна.