Categories
мэдээ нийгэм

10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд явууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар 10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд явуулав. Нийтийн тээврийн ачаалал ихтэй баруун чиглэлийн бүсэд 5 автобус, зүүн чиглэлд 4 автобус, Таван шараас Офицеруудын ордны чиглэлд 3 автобус, Ханын материал Толгойтын чиглэлд 5 автобус, 13 дугаар хороолол Халдвартын чиглэлд 4 автобус, Авто худалдааны цогцолбор, Саппоро чиглэлд 1 автобус тус тус гарган ажиллаж байна.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 07-17 хооронд зохион байгуулж, тооллогын дүн мэдээг танилцуулах
  • Нутгийн захиргааны байгууллагууд, өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн харьяа байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа үр дүнгийн гэрээг үнэлэх, 2015 онд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллах
  • Нийслэлийн дүүргүүдэд гэмт хэрэг зөрчлийн тоо сүүлийн үед тогтмол өсч байгаатай холбогдуулан гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж дүн мэдээг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах албан хаагчдаа бэлтгэх, 2015 оны 12 дугаар сарын 10-20-ны хооронд нүүх бэлтгэл ажлыг зохион байгуулж дүн мэдээг танилцуулах
  • Шинээр ашиглалтад орсон замуудын арчлалт, хамгаалалтын ажлыг эзэнжүүлэх, Богд уулын арын хурдны замын хальтиргаа гулгаа болон зам арчилгааны ажлыг сайтар зохион байгуулах
  • 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Яармагийн шинэ гүүрэн дээр гарсан автын ослоос шалтгаалан гүүрийн даацын бэхэлгээнд эвдрэл гарсан тул холбогдох мэргэжлийн байгууллагууд засварын ажлыг яаралтай эхлүүлж хэвийн үйл ажиллагаанд нь оруулах
  • Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах, Нийслэлийн ИТХ-ын 61,63 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн хариуцдаг 50 метр квадрат талбайн цас мөсийг цэвэрлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *