Categories
мэдээ нийгэм

10 аймагт зүрхний эхо аппарат хүлээлгэн өгөв

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төслийн санхүүжилтээр 10 аймагт хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай, өнгөт доплер зүрхний эхо аппаратыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар нь Монгол Улсын Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд сүүлийн 17 жилийн турш тасралтгүй дэмжлэг үзүүлэн 3 шатны 15 жилийн хугацаатай төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

2017 оноос тус улсын дэмжлэгтэй МОН/006 буюу “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа юм.
Энэ удаад төслийн хүрээнд 10 жилийн өмнө зүрхний эхо аппарат анх суурилуулсан 8 аймгийн аппаратыг сольж сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай шинэ аппаратуудаар дахин хангаж байгаагаас гадна зүрхний эхо аппаратгүй байсан 2 аймгийг шинээр хангалаа. Аймаг орон нутагт хүлээлгэн өгч буй аппаратууд нь Philips, Sаmsung маркийн хамгийн сүүлийн үеийн, өндөр түвшний оношилгоог явуулах боломжтой юм. Төслийн хүрээнд дээрхи аппаратуудыг хүлээн авч буй Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Төв, Өвөрхангай, Ховд, Орхон, Хөвсгөл зэрэг аймаг нь тухайн орон нутаг дахь зүрх судасны тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах, шаардлагагүй шилжүүлгийг багасгах, оновчтой оношилгоо, эмчилгээг явуулах зэрэг үүргийг хүлээж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олон, Люксембургийн Зүрхний мэс заслын Интервеншнл кардиологи төв (INCCI)-ийн захирал төлөөлөгчид, мөн аймаг орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *