Хотхоноос төв зам руу орох гарцан дээр хоёр приус шүргэлцэн таг хаажээ. Өөр гарц орц байхгүй тул хотхоны бүх хөдөлгөөн гацав. Гацаж түгжирсэн жолооч нар дэмий л дуут дохиогоо орилуулна. Шүргэлцсэн хоёр жолооч болох бүдүүн махлаг араб сахалтай залуу, туранхайвтар боловч өндөр эр буугаад ирчихсэн хоёр тийш харан утсаар зогсоо зайгүй ярьж юуг ч юм тайлбарлах аж. Таньдаг цагдаа руугаа ч юм уу даатгалын газар луугаа ярьж байгаа буй за. Шүргэлцсэн хоёроос хэдэн машины ард дуут дохиогоо цөхрөлтгүй хангинуулж байсан түргэний тэргэнээс нэг хижээл эр буун бээцийсээр тэдэн рүү очлоо. Их л зориг гаргаж байгаа бололтой нөгөө хоёроос “Зам тавьж өгөөч, хөгшний минь бие муу байна. Ахдаа ингэж тус болооч” гэж гуйлаа. Нөгөө хоёрын сахалтай нь “Хөдөлчихвөл би хохирлоо гаргуулж авч чадахгүй болно шүү дээ ах минь, тус боллоо гээд миний хохирол барагдахгүйгээс хойш чадахгүй нь дээ” гэв. Өөртэй нь харьцсан болохоор нөгөө бүдүүн эр лүү хандан “Ах нь их баярлана шүү, ёстой мартахгүй” гэв.
Нөгөө эр “хм хоосон баярлалаагаар яах вэ, сайхан сэтгэл гаргалаа гээд хэн төлбөр төлж байлаа” гэж хэлээд ширэв татлаа. Хижээл эр “төлбөр нь хэд байдаг юм бол” гэхэд “Дор хаяж хоёр зуу болдог юм байгаа биз дээ” гэж араб сахалт зандарлаа. Хижээл эр “Ээ гончигсүм минь” гэж хэлээд дуугаа хураав. Гэтэл хажуугаар нь гарч явсан идэр насны эмэгтэй “та дансаа явуулчих” гэж нөгөө сахалт руу шууд хэлэв. Хижээл эр “охин минь би наадахыг чинь төлж чадахгүй байх аа тэтгэвэр…” гээд ээрч мууран юм хэлэх гэв. Эмэгтэй “Ах минь сайхан сэтгэлд төлбөр нэхдэггүй юм” гэж хэлээд утсаа гаргалаа.