Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран Халх голын тухай дөрвөн ангит түүхэн баримтат кино бүтээсэн. Дээрх кино төслийн хүрээнд Монгол, ОХУ-ын 40 орчим уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг өнгөрсөн зургаадугаар сард гурван долоо хоногийн турш зураг авалт хийсэн билээ. Тухайлбал, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу монгол, оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар – Хэнтий – Баян-Овоо – Талын хөндлөн – Баян-Овоо – Чингис хот – Баянтүмэн – Дорнод – Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 2326 км орчим км зам туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийсэн.
Дээрх кино төслийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц санаачилж, Ерөнхий продюсерээр ажилласан бөгөөд Монголын талаас продюсерээр Д.Ганчимэг, Д.Цэцэгдэлгэр, гүйцэтгэх продюсерээр О.Отгонжаргал, найруулагчаар Н.Чингис, редактороор А.Ариунбаатар, зургийн дарга, хилийн зөвлөхөөр Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа Д.Баасанжаргал, түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар, зураачаар А.Баяраа, хувцасны зураачаар Д.Батмөнх, зураглаачаар Б.Чинбат, тайзны зураачаар М.Даваасүрэн, Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлч ажилласан.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевиз, МҮОНРТ -ийн хамтын бүтээл “Халх гол дээрх баатарлаг гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлтийн ажиллагаа болон улаан хивсний ёслол есдүгээр сарын 2-ны 18:30 цагт “Зайсан Хилл” цогцолборт болох юм.