Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй гүний худаг гаргахгүй

Иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшил газартаа дур мэдэн гүний худаг гаргахгүй байхыг анхааруулж байна

Сүүлийн жилүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газартаа гүний худаг гаргаж, төр болон хувийн хэвшлийн хөрөнгөнд хохирол учруулах зөрчил гарсаар байна. энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн иргэн Мөнхболд дур мэдэн хашаандаа гүний худаг гаргахаар өрөмдлөг хийснээс ф800 мм-ийн ус дамжуулах шугамыг гэмтээсэн. Ингэснээр нийслэлийн зүүн талын хэрэглэгчдийг усан хангамжийг тасрах нөхцөл үүссэн юм. Энэхүү гэмтлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн ахмад Н.Отгонбаатар “Баянзүрх дүүргийн товчооны баруун талд маш их хэмжээний ус оргилж байна” гэж Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийг удирдах газарт утсаар мэдэгдсэн. Мэдээллийн дагуу УСУГ-аас аваарийн бригад очиж шалгахад ф800 мм-ийн дамжуулах шугамыг иргэн Мөнхболд гүний худаг гаргах зорилгоор Ф125 голчтой өрөмөөр цоолж гэмтээсэн байжээ.

Гэмтлийн улмаас тухайн хэсэг усанд автаж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах ангийн нийт 12 албан хаагч ажиллав. Мөн УСУГ-аас Ус хангамж ашиглалтын албаны дарга Амарсанаа, Техник хяналтын хэлтсийн дарга Батхишиг, Шуурхай зохицуулалтын албаны дарга Давгасүрэн нараар ахлуулсан аваарийн бригад 3 техник, 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж засварласан. Засварыг 4 дүгээр сарын 24-ны өглөө 05 цаг 10 минутанд хийж дуусган, горим тохиргооны ажлыг хийсэн байна. Тухайн нөхцөл байдлаас үүдэж иргэдийн амь нас, эд хөрөнгөнд хохирол учраагүй ч 7 айлын хашаа усанд автсан байсныг соруулж хэвийн болгосон.

Тиймээс цаашид иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газраа гүний худаг гаргаж нийслэлийн иргэдийн эрх ашгийг зөрчихгүй байхыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *