Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гэр хороолол руу авто зам тавих бодлого баримтлан ажиллаж байгаа.
Энэ тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Улаанбаатар хот маань хотгор газар байрладаг бол гэр хорооллын бүс өндөрлөг газар байрлаж байна. Хотод авто машины замын сүлжээ хангалттай бий болсон учраас цаашид гэр хороолол руу авто зам тавих бодлого баримталж байгаа юм. Өндөржилт ихтэй бүсэд авто зам тавьснаар замын гадаргуу дахь үерийн ус жалга руу урсах ёстой. Гэвч энэхүү бүтээн байгуулалтын ажилд аж ахуй нэгж байгууллага, иргэн саад болж байна. Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь холбогдох байгууллагаасаа зөвшөөрөл авалгүй дэлгүүр, дугуй засвар, барилга барьснаас үүдэн борооны ус урсах ёстой газар бөглөрч, үерийн ус хуримтлагдан эргээд айл өрхүүдийг усанд автуулах, хотын төв рүү орж ирэх, хүний амь нас хохирох шалтгаан болж байна. Иймд иргэн аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн эрх ашгийг бүү бодооч гэж хэлье” гэлээ.