Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно

Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог. Иймээс нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь ёсдүгээр сарын 10-наас эхэлдэг. Өмнө нь энэ хугацаа аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан. Иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/24 дүгээр тушаалаар энэ хугацааг 35 хоногоор урагшлуулсан юм. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой.

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *