УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу товлосон хугацаанд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нийт 136 хүн нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг эл асуудлаар хуралдаж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгосон юм. Үүнд,
1. Л.Төр-Од – Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
2. Г.Галбадрах – Зураг, хөдөлмөрийн багш
3. О.Мөнхсайхан – Судлаач
4. О.Амартүвшин – Эдийн засагч
5. Ө.Ганхуяг – Эдийн засагч
6. Х.Ганбаатар – Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
7. Г.Чулуунбаатар – Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
8. С.Эрдэнэбат – Хөдөлмөрийн эдийн засагч
9. Д.Моондой – Радио электроникийн инженер
10. Д.Мягмарсүрэн – Улс төр судлаач
11. И.Цэрэн-Онолт – Багш, математикч нарын нэр багтсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Эдгээр нэр дотор эмэгтэй хүн алга. Эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулж ирье. МАН, АН зэрэг намуудын төлөөлөл багтсан байна. Иймд бусад намуудын төлөөллийг оруулж ирж, оролцоог хангах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн П.Анужин мөн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаа жагссан залуучуудын төлөөллийг тус бүрэлдэхүүнд оруулах саналтай байгаагаа хэлсэн. УИХ-ын гишүүн, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хүлээж авсан нэрс дотор нийт 32 эмэгтэй нэрээ дэвшүүлсэн байсан. Сонгон шалгаруулалтыг нууц санал хураалтаар явуулсан болохыг тайлбарлалаа.
Үг хэлж, санал дэвшүүлсэн УИХ-ын гишүүд эл асуудлаар дээрхтэй адил саналууд хэлж байсан тул хуралдааныг даргалагч “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанд дахин оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, эл асуудлыг дахин хэлэлцэх нь.