Үндсэн хуульд зааснаар төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгын хүрээнд “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой.
Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй.
Мөн тэднийг тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлохоор шийдвэр гаргалаа” хэмээв.
Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах ажлыг арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэх байсныг хойшлуулж, 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг товлосон гэх тайлбарыг УИХ-ын гишүүн Н.Энхболд өгсөн.
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга замын талаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Засгийн газарт даалгах аж.
Түүнчлэн Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө баталж, санал асуулгыг зохион байгуулахыг ТББХ, УИХ-ын Тамгын газарт үүрэг болгосон байна.