Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл түгшилт хэтэрвэл эмгэг болно

СЭТГЭЛ ТҮГШҮҮР ГЭЖ ЮУ ВЭ. ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?

Сэтгэл түгшилт нь хүн болгонд байдаг хэвийн мэдрэмж бөгөөд ирээдүйд болох үйл явдлаас айх мэдрэмж юм. Амьтдын сэтгэл ч бас түгшдэг. Жишээ нь: чоно харсан буга аюул ойртож байгааг мэдэрснээр “тулалдах эсвэл зугтах” команд тархинд нь очдог. Зугтах командын дагуу бугын зүрхний цохилт хурдсаж, хүүхэн хараа нь томорч, амьсгал нь түргэсэж түгшиж эхэлдэг.

Харин хүмүүс бид өөр зүйлээс болж сэтгэл түгшдэг. Жишээ нь: чи ангийнхныхаа өмнө илтгэл танилцуулахаар гарсан гэж төсөөлье. Энэ үед чиний бие чоно харсан бугатай адилхан “тулалдах эсвэл зугтаах”-д бэлддэг. Сонирхолтой нь энэ мэдрэмж ихэнх хүмүүст илтгэлээ сайн танилцуулахад тусалдаг. Харин сэтгэл түгшүүрт автсан хүмүүс хэт их сандарснаас болоод анхаарал нь төвлөрөхгүй, амьсгаа нь түргэсэж, ярьж байхдаа түгдэрч, хэлэх гэж байсан зүйлээ мартдаг. Зарим тохиолдолд илтгэлээ тавилгүй зугтаах тохиолдол ч бий.

Сэтгэл түгшилт үүсэх шалтгаан

Сэтгэл түгшилт үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Өсвөр насны дааврын өөрчлөлтөөс болж сэтгэл зүй хямрах тохиолдол цөөнгүй байдаг ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их сэтгэл түгшүүрт автах магадлалтай байдаг. Эцэг эхээсээ сэтгэл түгшилтийн ген өвлөх тохиолдол ч бий. Мөн амьдралын хурдацтай хэмнэл, дарамт шахалт, ар гэр болон нийгмийн тогтворгүй байдлаас шалтгаалж сэтгэл түгшүүр үүсэж болно. Харин сүүлийн үед Коронавирусийн халдвараас үүдсэн сэтгэл түгшүүр ихээр нэмэгдэж байна.

СЭТГЭЛ ТҮГШИЛТИЙГ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ?

Өөрийн сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх. Юун түрүүнд, сэтгэл түгшээж буй асуудлаа итгэл даах хүнд ярьж, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд, багш, нийгмийн ажилтан эсвэл сургуулийн сэтгэл зүйчдээ хандаж болно. Ингэж өөрт тулгамдаж буй асуудлыг бусадтай хуваалцсанаар чиний сэтгэлд хуримтлагдсан бул хар чулуу хөнгөрөх болно. Дотнын найзтайгаа ярилцах хэрэгтэй ч тэд мэдлэг, туршлагаар чамтай адил тул насанд хүрэгчид илүү тус хүргэх болно.

Өөртөө шүүмжлэлтэй хандахаа болих. Хүн өөрийн бүх алдаа дутагдлаа хэнээс ч илүү сайн мэддэг тул өөртөө хамгийн хатуу шүүмжлэлийг өгдөг. Өөрийнхөө талаар мөн ирээдүйд болох үйл явдлын талаар сөрөг зүйлс ургуулан бодож түүндээ итгэснээр сэтгэл түгшүүр улам нэмэгддэг. Энэ нөхцөлд сөрөг бодлуудаа эерэг болгоход анхаараарай. Мөн ихэнх сөрөг бодлууд биелдэггүй гэдгийг өөртөө сануулаарай.

Цагийн хуваарь, төлөвлөгөөтэй болох. Сэтгэлийн түгшүүрээ багасгах бас нэгэн үр дүнтэй арга бол “сайн төлөвлөлт”. Хийх шаардлагатай зүйлсээ өдөр цагаар нь хуваарилж, түүнийгээ ягштал даган мөрдвөл өөр зүйлд санаа зовж сатаарах нь багасах болно. Ажлаа хойш тавьснаар дараа нь түүнийгээ богино хугацаанд амжуулах гэсээр улам их түгших болно. Иймд аль болох ажлаа хойш тавилгүй хийж эхлээрэй. Хийх явцдаа бодож байснаас чинь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг ойлгох болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *