Categories
мэдээ цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Хөлдсөн машиныг хэрхэн асаах вэ?

Гадаа -15 хэмээс хүйтэнд машины асалт эрс муудаж эхэлдэг. Энэ нь олон зүйлээс шалтгаалдаг. Хамгийн гол гурван зүйлийг доор нэрлэлээ.

  • Аккумулятор – Олон жил хэрэглэж, цэнэг барихаа больсон, жоохон хүйтэнд л цэнэгээ алдаад суучихдаг бол хүйтэнд өдөр асаана гэдэг төвөгтэй. Танд сайн аккумулятор байж л асалт асуудалгүй байх болно.
  • Моторын тос – Өтгөн буюу 10W зэрэглэлтэй тостой бол стартер тахир голыг хангалттай хэмжээгээр эргүүлж хүчрэхгүй. Учир нь хангалттай их эсэргүүцэлтэй тулгарч байгаагаас үүдэлтэй юм. 5W, 0W зэрэглэлтэй тостой бол асалт тосноос тийм ч их хамааралтай бус.
  • Свэчэ, агаар шүүгч – Бензин, агаарын холимог дээр оч хаяснаар тэсрэлт үүсэж мотор асдаг. Оч хаягч маань муу бол свэчэ норж ажлын хөндийд тэсрэлт үүсгэж чадахгүй. Тэгэхээр свэчэ сайн байх хэрэгтэй.

Одоо тэгвэл ямар дарааллаар асаах вэ?

1. Хөлдүү машиндаа суугаад түлхүүрээ нэг түлх. Бүх нэмэлт цахилгаан хэрэгслүүдээ унтраа. Хөгжим, агааржуулагч, салоны гэрэл мэт. Учир нь аккумуляторын цэнэгийг л хямгадаж байгаа нь юм.

2. Хаазаа 1-2 удаа гишгэчих. Магадгүй дизель машинтай бол өвлийн түлш нь жоохон ч гэсэн гүйг. Бензин машин бол шатахууны шугамын бэлэн байдлыг хангах зорилгоор. Уг нь ч түлхүүр 1 түлхсэн байхад шаардлагагүй гэх байх л даа. Гэхдээ юмыг яаж мэдхэв машин бүр адилгүй шүү дээ.

3. Одоо түлхүүрээ тултал нь дар. Тултал нь гэдэг нь эхний 1 юмуу 2 оролдлогоор астал нь дар. Яг асах гээд ганц 2 тэсрээд байгаа мөртлөө асахгүй бол хаазаа ганц 2 гишгээд өг. Асчихвал маш сайн. Харин асахгүй бол доорх зүйлсийг анхаараарай.

Асахгүй бол анхаарах зүйлс:

1. Хэд хэд тултал нь дараад мотор асах шинжгүй бол зүгээр л больчих. Заавал аккумуляторын цэнэгийг дуустал дараад байх ер хэрэггүй. Учир нь цэнэггүй болсон аккумулятор хөлддөг. Хөлдвөл дахин ашиглаж болохгүй. Хэрвээ цэнэггүй болтол нь дарсан бол яаралтай дулаан газарт аккумулятороо оруулаарай.

2. Моторыг туйлдтал нь дарснаас болж свэчэ баяждаг. Сүүлд нь хуурай болгож цэвэрлэх гэж бөөн ажил болно.

3. Асахгүй байгаа учир шалтгаанаа таамаглах. Хэрвээ аккумулятор сайн эргүүлж байгаа хэрнээ асахгүй бол ажлын холимогтой холбоотой асуудал үүссэн байх магадлалтай. Тиймээс хамгийн зөв гарц нь дулаан гараашд чирч оруулах.

4. Хэрвээ аккумулятор тэсэртэл нь эргүүлж чадахгүй бол холбох эсвэл өөр аккумулятороор дэмжих хэрэгтэй.

Ассан бол яах вэ?

1. Ассан бол, асаж байна гээд л 5 минут нормалдаад унтраагаад явчихаж болохгүй. Энэ үйлдлээ олон хийдэг бол бүр ч болохгүй. Учир нь жанам аккумуляторыг цэнэглэж амжихгүй. Зүв зүгээр асаж байсан мотор нэг л өдөр асахаа больчдог.

2. Тэгэхээр мотор халсны дараа машиныг хөдөлгөхгүй буцааж унтраах гэж байгаа бол бага зэрэг хааз өгч хэдэн минут нормалдах хэрэгтэй. Ингэснээр жанам аккумуляторыг цэнэглэж дараа асах нөөцийг бүрдүүлнэ.

3. Хайбрид машины хувьд мотор халсан ч бензин мотор унтрахгүй байх нь элбэг. Энэ нь энгийн зүйл тул санаа зоволтгүй. Уг нь хөдөлж эхэлвэл цэнэг дүүрч, түүний дараа амрах үйлдэл хийх юм. Унтрахгүй байна гэдэг нь том батэрэй хүйтдээд эсвэл цэнэг нь орж өгөхгүй байна л гэсэн үг. Хайбрид том баттерэй олон км гүйлттэй бол жижиг баттерэйнийхээ цэнэгийг сорж эхэлдэг гэдгийг мартаж болохгүй.

5. Ер нь тэгээд асалт сайтай атлаа асаагаад хөдлөхгүй бол машинаа асаагаад хэрэггүй. Нэгдүгээрт байгаль орчин хоёрдугаарт эдийн засаг гуравдугаарт хүн амьтны амгалан тайван байдлыг алдагдуулна.

За ингээд бидний бэлтгэсэн багахан зөвлөгөө дууслаа. Аа тийм нэг чухал зүйл хэлэхээ мартаж. Юмыг яаж мэдэхэв. Өвлийн цагт машиныхаа хамрыг гарах чиглэл рүү харуулж тавьж байгаарай. Машин холбох, чирэх асуудал үүсэхэд илүү үйлдэл хийгээд байхгүй ажлыг маш их хөнгөвчилдөг. Бас татлага, холбогч багаажинд байхад илүүдэхгүй шүү.

Эх сурвалж https://www.cardoctor.mn/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *