Categories
мэдээ нийгэм

​Зөвлөе, тусалъя, шийдье


Б.Өлзийбаяр, 39 настай. Бидний нэрлэж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Ийн нэрийдэхээс илүү тэднийг хөгжихөд нь бэрхшээл үзүүлдэг зүйлс Монголын нийгэмд бишгүй байдаг. Хэн нэгнээс хамааралгүйгээр гэрээсээ гарах, гудамжаар зугаалахаас эхлээд бизнес эрхлэх, төрийн үйлчилгээ авахад хүртэл тэд бидний заримаас арай олон сорилттой тулгардаг. Гэхдээ одоо тэрбээр нийгмийн хамгааллын үйлчилгээг төвөггүй авч чаддаг болжээ. н.Бүтэдмаа хэл ярианы бэрхшээлтэй тул дохионы хэлний хэлмэрчгүй тохиолдолд төрийн байгууллагаас хүссэн үйлчилгээгээ мөн л авч чаддаггүй байсан тухайгаа ярив. Эмзэг бүлгийнх гэгдэх иргэн Л.Сувд хүүхдүүдээ гэсээр улсаас олгож буй хүүхдийн мөнгөө хэрхэн авахаа мэддэггүй байсан тухайгаа мөн дурдав. Харин яагаад тэд “Байсан” гэж тодотгов? КОВИД-19 дэлхий нийтэд хүнд цохилт үзүүлсээр байна. Улсын эдийн засаг хүндрэлтэй, иргэдийн худалдан авах чадавх муудсан, орлого тасарсан зэрэг асуудал нийгмийнзорилтод бүлгийн хүмүүст аль болох бүрэн хүрч ажиллах шаардлагыг улам нэмэгдүүлсээр байна. Эрүүл мэнд, амь насанд халтай цар тахал дэлхий нийтийг хүссэн хүсээгүй цахим шилжилт рүү хөтлөв. Монгол Улс ч энэ зүг рүү явж байгаа. Яг энэ үед манай улсад анхдагч гэж хэлж болохоор хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгийн анхны Видео дуудлагын “Зайнаас зөвлөн туслах төв”-ийг байгуулжээ. Зөвхөн Зөвлөе, тусаляа, шийдье хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр хязгаарлагдахгүй хэн ч энэ төвөөс хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой аж. НҮБ-ы н Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд санаачилга гаргасныг Японы Засгийн газар дэмжин бүрэн санхүүжүүлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран яамны харьяа агентлагуудын үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээ, мэдээлэл, лавлагаа зэргийг зайнаас авах боломжийг олгожээ. Монгол Улсын ямар ч иргэн хөдөлмөр, нийгмийн хамгааллаас ангид үлдэж болохгүй гэсэн зорилго тээн тус төвиргэдийн дуудлага, мессэж бүрийг боломжит бүх сувгаар хүлээн авч ажиллахюм байна. Санал, хүсэлт, гомдол гээд дуудлага хүлээн авдаг олон төвүүд мэдээж байсаар ирсэн. Харин “Зайнаас зөвлөн туслах төв” юугаараа онцлог юм гэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Энэхүү төвийн ялгарах гол онцлог нь иргэд гар утас(1800-0724), мессэж(130724), нийгмийн сүлжээний хэрэгслүүд (Twitter, Facebook, Viber, Telegram гэх мэт) төдийгүй төвийн цахим хаяг (www.duudlaga. mn) ашиглан видео дуудлага хийх зэргээр долоо хоногийн турш 24 цагаар хандах боломжтой. Ажлын бус цагаар ирсэн дуудлага, мессэжний хариуг ажлын цагаар хариу өгөх болно. Бид дуудлага бүрийг бүртгэж, бичлэг болгон авдаг. Нэг ч дуудлага, нэг ч мессэжорхигдуулахгүй гэсэн зорилготой ажиллаж байна. Хэрэв та манай төвд хандсан ч холбогдож чадаагүй бол манай төвөөс тан руу заавал эргэн холбогдоно. Мөн хэл, сонсголын бэрхшээлтэй иргэд холбогдож дохионы хэлээр мэдээлэл авах боломжтой ”хэмээсэн . Түүнчлэн гол ач холбогдол нь хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбоотой олон үйл ажиллагааг малгайлж иргэдийн мэдээлэл авах сувгийг нэг цогц болгон өргөжүүлж, нэгтгэсэн нь хялбаршуулж буй хэлбэр гэдгийг тэрбээр тайлбарласан. Цаг ямагт Монголын ард түмэнд туслахад бэлэн байдаг Японы Засгийн газар төдийгүй НҮБ-д талархаж буйгаа салбарын сайд мөн илэрхийлсэн юм. Тус төвийг санаачлан байгуулахад гар, бие оролцож яваа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич цар тахалын хүнд үед хүн болгон, тэр тусмаа зорилтот бүлгийн хүмүүсийг хамарсан хүртээмж илүү байх учиртай гэсэн үүднээс энэхүү төслийг эхлүүлэх болсноо ярихдаа “Дижитал, электрон систем тэдний хувьд гарц, шийдэл байх ёстой” гэлээ. Сайн байна уу? Дээрх үг бол таны, бид нэгнээ асран хамгаалах агуулгаар асуудаг үг. Зайнаас зөвлөн туслах төвд хандахад таныг тэр мэдрэмжээр “угтах” болно гэдгийг тэд баттай хэлж байна. Та харааны эсвэл хэл ярианы бэрхшээлтэй байж болно.Санаа зоволтгүй. Та ажилгүй эсвэл бага насны хүүхэдтэй учраас ажлаа амжуулж чадахгүй байж болно. Та гэр бүл хамгаалал, хөгжил, хүүхэд, залуучууд гээд холбогдох бүхий л асуудлаар хандахад “Сайн байна уу?” гээд танд зөвлөхөд, туслахад бэлэн гэдгийг өдгөө ажиллаж буй 20 орчим мэргэжилтэн хэллээ. Төв нээгдсэн эхний 2 өдрөө л 1400 орчим дуудлага, мессэж хүлээн авчээ. Тус төв нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн ослын талаарх даатгалаас эхлээд хамгийн түгээмэл болох ажилгүйдлийн болон сайн дурын даатгалтай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг өгөх бөгөөд гадаадад буй иргэд ч холбогдож болох ажээ. Цаашлаад хөдөлмөр эрхлэлт, харилцаа , мэргэжлийн боловсрол, сургалт болон гэр бүр, хүүхэд залуучуудын чиглэлээр үйлчилгээ авч болох бөгөөд бүхий л гэдэгт зөвхөн хамгаалал бус сэтгэл зүйн зөвлөгөө, дугуйлан сургалтын мэдээллүүд ч багтаж байна. Цахим шилжилт , дижиталчлалын хэрэглээ цар тахалын улмаас улам эрчимжиж, түгээмэл болж байгаа энэ үед тэртээд мэт санагддаг байсан төрийн үйлчилгээ тийм ч хол биш боллоо. Тэргэнцэртэй бүү хэл алхаад явахад хэцүүхэн хотын гудамжаар Өлзийбаяр шиг иргэд “зовох” хэрэггүй болж утсаараа асуудлынхаа зангилааг олдог болж байна. Очоод ойлголцохгүй бол гэж эмээлгүй Бүтэдмаа Монголд анхны гэгдэж буй видео дуудлагаар дохионы хэлний хэлмэрчээс тусламж авч төрийн хүссэн үйлчилгээтэй хэл нэвтрэлцэх нь. Зайнаас зөвлөн туслах төвийг лавлах утас гэж ойлгож болохгүй. Учир нь иргэд ямар асуудлаар түлхүү хандаж буйг дуудлага бүрээр бичлэг болгон авч, тэдэнд хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг нарийн судлах дата бүрдүүлж буй. Шинэ эриний шинэ алт бол дата. Иймд нийгмийн аль хэсэгт ямар асуудал зонхилж буйг илрүүлэх, анализ хийх, цаашлаад бодлого тодорхойлогчдод хүргэж шийдвэрлүүлэхэд чухал үүрэгтэй мэдээллийн кластер болж өргөжих учиртай төв. Хөгжилд чирэгдэж биш хөгжлийг чирчявахын тулд нийгэм дэх суурь асуудлуудаа таньж, мэдэж, ойлгож, гарц, шийдэл хайж явахад энэ төв чухал үүрэг гүйцэтгэх ёстой. “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Японы Засгийн газар НҮБ-ын “Хэнийг ч орхигдуулахгүй хөгжил” урианд нэгдэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж байна. НҮБын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж б у й КОВИД- 1 9 цар тахалаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулахад хүртээмжтэй салбар хоорондын уялдаатай хариу арга хэмжээ авах нь” төсөлд Япон Улсын Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлсэн. КОВИД-19 цар тахалын нөлөөгөөр үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд энэхүү төслийн нэг чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг болох “Зайнаас зөвлөн туслах төв” байгуулагдсанд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБын Хөгжлийн хөтөлбөрийн холбогдох хүмүүст баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу”. Эдгээр нь Япон Улсын Элчин Сайд Кобаяши Хироюкигийн бидэнд дамжуулсан үг. Монголын нийгмийг Монголд ойлгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Японы Засгийн газарт монголчууд төдийгүй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн талархсанаа илэрхийлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *