Categories
мэдээ цаг-үе

Зөвхөн эрх барьж байгаа намын хүн сайд болно гэдэг үзэл дэлхийд хоцрогдоод байна

“Өдрийн сонин”ы 2017.06.05-ны Даваа гаригийн №124,125(5691,5692) дугаараас авч нийтлэв

Их хурлын чуулганы өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг ажлаас нь чөлөөлсөн. Боловсролын салбарт шинэчлэл хийсэнгүй гэх үндэслэл дээр нь 29 дүгээр сургуулийн багш сурагчдын тэмцэл, улсын шалгалтын тест задарсан дуулиан гээд олон л зүйл нэрмээс болох шиг боллоо. Ж.Батсуурийг ажлаас нь чөлөөлөх сургаар Боловсролын сайдын сэнтийд тэр, тэр залрах юм гэнэ хэмээх яриа хөөрөө сонсогдож эхэлсэн.

Эрх баригч Ардын нам эзэнгүй болсон сайдын суудалд намынхаа нөхдөөс тавих нь мэдээж. Ц.Цогзолмаа, Т.Ганди нарын нэр хүчтэй дуулдаж байна. Их хурлын гишүүн Ц.Цогзолмаагийн хувьд өмнө нь Сүхбаатар дүүргийн дарга, мөн намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлж байсан нэгэн. Харин Т.Ганди бол Монголын төрд олон жил зүтгэсэн, парламентад удаа дараа сонгогдон төрийн сайдын алба хүртэл хашиж байсан. Намтар түүхээс нь харахад хэн хэн нь сайдаар ажиллах чадвартай хүмүүс байлгүй гэж санагдана.

Т.Ганди нь ч байна уу, Ц.Цогзолмаа нь байна уу, ямар чиг л байсан эрх баригч Ардын намын нөхдөөс сайд болно. Ер нь тэгээд хэн сайд болох нь Монголд үнэндээ сонин биш болсон. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж гарч ирсэн нам мэргэжлийн бус хүмүүсийг сайдын албанд тохоон томилсон. Энэ бол одоогийн эрх баригч Ардын намд байгаа юм биш. Ерөөс Монголын улс төрд сүүлийн 30 шахам жил хууль цааз мэт оршсон буруу бодлого. Энэхүү бичигдээгүй хуулийн дагуу эрх баригч нам Боловсролын сайдын суудалд боловсрол мэдлэг дутуу дулимаг, зөвхөн намынхаа аппаратыг мөнгөөр угжсан “гудамжны” нөхрийг тавьчихад гайхах хэрэггүй. Уул нь төрийн сайдыг томилох, төр барих гэдэг дан ганцхан намын асуудал биш. Энэ бол туурга тусгаар Монгол Улсын асуудал юм.

Улс орныхоо ирээдүй, хөгжлийн суурь бодлогын үүднээс зөвхөн намын асуудал гэж өнгөц харалгүйгээр тухайн салбарын мэргэшсэн, туршлагатай боловсон хүчинг эрх баригч нам өөр дотроосоо хайх биш.

Харин ч бусад улс төрийн хүчнээс хайж, улс орны эрх ашгийн үүднээс шинэ сайдыг томилно гэвэл манай эрхтэн дархтнуудын санаа оноонд даанч багтахгүй л дээ. Ялсан нам л сайдаа томилно, хэнийг сайдаар тавихаа гагцүү намын аппарат мэднэ гэж даналзах нь дамжиггүй. Эрх барьж байгаа намыхан болон бусад намын нөхөд намайг ийм ч гэнэн юм бичих гэж, улс төрийн наад захын мэдлэг байхгүй хүн юм гэж бодох биз ээ. Гэхдээ Монгол төр зөвхөн ялсан намын аппаратад байдаг хэдхэн нөхдийн мэдлийн зүйл мөн үү.

Ардын засаг ялчихсан хориод оны эхээр Богд хаант улсын феодалууд дарга даамал хийдэг л байсан юм билээ. Гучаад оны эхэн үеэс 70, 80 жил Монгол Улс нэг намын дэглэмд байсан. Энхрий хайрт нам, Ленин багшаа магтан дуулаагүй гэдэг ч юм уу, улс төрийн өөр санаа бодол агуулсан нөхдийг буудаж хороосон түүх бол бидний эмгэнэл. Ганц нам ингэж дангаараа ноёлж байсан учир төрийн алба хаших, удирдан зохион байгуулах, мэргэшсэн боловсон хүчний асуудал улс орны хэмжээнд яригддаг байсан. Үндсэндээ өөр нам эвсэл гэж байхгүй болохоор аливаа шинэ боловсон хүчинг улс орон даяар хайж олдог байв. Монгол Улс ерээд оны эхэн хүртэл яаж хөгжиж цэцэглэсэн билээ. Төмөр зам, аж үйлдвэр, газар тариалан гээд Монгол орны бүхий л салбарт мэргэжлийн хүмүүс нь ажиллаж, салбар салбараа удирдаж бүтээн байгуулалтыг цогцлоосон байдаг.

Тухайн үеийн улс төрийн товчооны хэдхэн хүн Монголыг хөгжүүлчихээгүй. Тэд зөвхөн бодлого барьж, монгол төрийн салбар бүрийн мэргэшсэн боловсон хүчнүүдийг гадаадад сургаж, зохих ажилд нь сайдаар томилж, эх орны даалгавар өгч байсан. Монгол орны бүх зүйл төрийн нэгдсэн бодлогод зангилагддаг байсан.

Ерэн хоёр оноос улс орны нэгдсэн бодлого барих байгууллага байхгүй болж төрийн дархлаа нь суларч эхэлсэн. Улс орны нэгдсэн бодлогыг ялсан нам барих онол номтой боловч ингэж чадаж байна уу. Улс орныг авч явах бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлээд явсан хэмээн өнөөдрийн өндөрлөгөөс харахад даанч чамлалттай байна.

Ерэн хоёр онд тухайн үеийн Ху намын нөхдөөс ихэнх нь бүрдсэн Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт одоогийн Ардчилсан намаас Тэргүүн Шадар сайдаар Да.Ганболд, Шадар сайдаар Д.Дорлигжав нар ажиллаж байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын улс төрийн гол хоёр хүчин болох Ардчилсан нам, Ардын нам улс орныг ээлжлэн удирдаж эхэлсэн. Аль нэг нам эвсэл нь ялалт байгуулж засгийн эрхийг барихад уг хоёр намын толгойд, өнгөнд нь явсан цөөн хэдхэн хүн л эрх мэдэл, албан тушаалд хүрч Монгол Улсыг удирдаж байв. Хамгийн эмгэнэлтэй нь энэ хоёр нам засгийн эрхийг авахдаа монголчуудыг намаар нь, улаан цэнхрээр нь хувааж, хооронд нь хагаруулж, талцуулж, алалцуулсан хамгийн том алдаа гаргасан. Өөрийнх нь намын гишүүн биш л бол аливаа яам, тамгын газар, төрийн өмчит үйлдвэрийн ажилчдыг цэвэрлэгчээс даргыг нь хүртэл хуйгаар нь халж, батлан хамгаалах, хууль эрх зүй зүй, эрүүл мэнд, боловсрол гээд улс орны амин чухал салбаруудыг нам дагаж давхисан “алиа салбадай”-нуудаар удирдуулж самарсан.

Өнөөдөр хар л даа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гол тулгуур багана болох Батлан хамгаалах яамыг зүгээр нэг бөх удирдаад явж байна шүү дээ. Ардчиллын үеийн засагт ямар хүмүүс сайд байсан гэж санана. Гудманд шүгэл үлээж явсан нөхөд л төрийн сайд хийгээд тоглож байлаа. Тухайн үед манай сонин “Ухаантнууд нь улс төрд орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг” гэж бичиж л байлаа. Хоёр намын ээлж солиогүй хэдхэн нөхөд сайд, дэд сайдаас аваад төрийн бүхий л албан тушаалын бохир мөнгөний наймаа болгон Монгол жинхэнэ утгаараа олигархижсан улс болж дампуурлаа зарлахдаа тулсан гунигт түүхтэй.

Дэлхийн бүх орнууд манайх шиг юм уу гэж орчин үеийн улс төрийг анзаарахад бас үгүй юм аа. Саяхан Франц улсын Ерөнхийлөгчөөр Эммануэль Макрон хэмээх 39 настай залуу сонгогдсон. Баруун, зүүний чиглэлийг баримталдаг Францын хоёр гол намыг ялж төвийн голч үзэл баримтлалтай залуу төрийн эрхэнд гарсан нь Засгийн газраа хэрхэн байгуулах бол гэх хүлээлт дэлхий нийтийнхний анхаарлын төвд байлаа.

Гэтэл Макрон өөртэй нь Ерөнхийлөгчийн сонгуульд халз өрсөлдсөн хэт барууны үзэлтэй Марин Ле Пений чиглэлийн хүн болох, үндсэндээ барууны үзэл баримтлалыг дэмждэг Эдуард Филиппийг Ерөнхий сайдаараа томилсон нь олны анхаарлыг зүй ёсоор татсан юм. Ингээд зогсохгүй баруун болон зүүн мөн төвийг баримтлагч намуудаас голлох салбарын сайд нараа томилсон байдаг.

Тухайлбал, өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олландын үед Батлан хамгаалахын сайд байсан Жан Ив Ле Дрианыг Гадаад хэргийн сайдаар, төвийг баримтлагч Франсуа Байруг Хууль зүйн сайдаар, Сильви Гулардыг Батлан хамгаалахын сайдаар, Брюно Ле Мерийг Сангийн сайдаар, Жерар Колоныг Дотоод хэргийн сайдаар томилсон байна. Байгаль орчны асуудлын хүрээнд телевизийн нийтлэл нэвтрүүлэг бэлтгэдэг, тэр талын мэргэшсэн туршлагатай сэтгүүлч Николас Юлог Байгаль орчны сайдаар томилжээ. Мөн туялзуур жадны олимпийн аварга Лаура Флессельд өөрийн салбарыг сайн мэднэ гэж үзээд Спортын сайдыг албыг хаших үүргийг өгсөн байна. “Шинэ Ерөнхийлөгч засгийн газрын гишүүдээ бүрдүүлэхдээ улс төрийн аль нэг хүчнийг онцлолгүй, баруун, зүүн, төвийн үзэлтэй улстөрчдийг тэнцвэртэй оруулж ирснээрээ Францын улс төрд шинэ уур амьсгал авчирлаа” гэж олон улсын ажиглагч, улс төр судлаачид үзэж байна.

Сүүлийн үед өрнөж буйгаар нь Францын жишээг татахад ийм байна. Дэлхийн томоохон гүрнүүд өөрийн улсаа хөгжүүлэхийн төлөө нам гэж явцууралгүй тухайн салбартаа нэр хүндтэй, туршлагатай, шилдэг боловсон хүчинг олж томилж байна. Мөн сайд нь намын харьяаны хүн байлаа гэхэд тухайн яамны төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нь жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагч, туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой гэдгийг хатуу баримталдаг. Францын шинэ Ерөнхийлөгчийн энэхүү томилгоо монголчуудын санаа оноонд буухгүй. Бид энэ бүгдийг “хүүхдийн үлгэр” гэж хүлээж авах хэмжээний тийм л зэрлэг бүдүүлэг, ёс жудаггүй болжээ. Чингис хаан, хөх толботой монгол гэж цээж дэлдэн шүлсээ үсчүүлэхээс өөр гавьяа зүтгэлгүй ард түмэн болж дээ, монголчууд.

Хэзээнээсээ ч жудаггүй, албан тушаал эрх мэдлийн төлөө өширхөн дайтаж, хэмхэлдэн тэмцэж ирсэн улс юм. Ийм өширхөл, хорслыг нь улс төрийн намуудын хагаралдаан улам дэвэргэж, зэрлэг бүдүүлэг, харанхуй болгох нь аймшигтай. Монголчууд цөөхүүлээ. Тийм болохоор боловсон хүчин бүр цөөн. Тэр цөөхөн боловсон хүчнийг нам гээд хоёр юм уу, гурав хуваачихаар юу болох билээ. Улс орон огтоос хөгжихгүй дороо цовхчихоод байгаагийн гол шалтгаан ердөө энэ.

Гадны орнууд зөвхөн Францаар жишээлэхэд ийм л ухаалаг, төрийн эрхэнд очсон хүн нь зөвхөн өөрийгөө биш, намаа биш, улс орныхоо хувь заяаг боддог байна. Монголчууд бидэнд үүнд дутаад байх юм алга. Ухаан зарж, жудаг ёс зааж улс орноо удирдах цаг иржээ. Монголын төрд шинэ хүн гарч ирэлгүй 30 жил боллоо. Огт хэрэггүй гээд сольсон нөхөд дөрвөн жилийн дараахь сонгуулиар нам нь ялаад буцаад дарга сайдаар томилогдож ард түмнээ доромжлон, бах таваа хангана.

Тэд төрд гараад юу ч хийхгүй, хүний урамд ганц ч шинэ сэргэг ажил санаачлахгүй. Зөвхөн идэж уух, ах дүү амраг садан, найз хүүхнүүдээ дэмжихээ л мэднэ.

Монголын төрд өнөөдөр шинэ боловсон хүчин, цус сэлбэлт, шинэ сэтгэлгээ, орчин дутаад байна. Боловсрол мэдлэгтэй , улс төрийн тулхтай, нуруутай хүмүүсийг шилж сонгож, салбар бүрийн яамдыг бодлогоор удирдуулмаар байна. Тийм эрх зүйн орчныг даруйхан бүрдүүлэх хэрэгтэй. Улс төр, нийгэмд улиг болсон хэллэг л дээ. Гэхдээ алийн болгон цүнх баригч нөхдийг төрийн сайдаар өргөмжилж, улс орныхоо хувь заяаг гутаан доромжлох вэ. Юманд хэмжээ гэж бий. Одоо болсон нөхөд минь. Ерэн хоёр оноос хойш төр барьж хоёр намын толгойд байсан нөхдийг бид нэгд нэгэнгүй мэднэ. Толгой дараалан нэрлэж чадна. Ардчилсан нам гарахад тэр нь Ерөнхий сайд, тэр нь Их хурлын дарга, тэр нь Шадар сайд, тэгээд тэр тэр нөхөд Засгийн газрын гишүүдээр сонгогдоно гэдгийг захын хүн хэлнэ. Ардын намыг ч ялгаагүй бүгд нэрлэнэ. Ингэж Монголын төр салхи оролгүй идээ бээрэндээ нэвт идэгдэн ялзарч, өмхөрч гүйцжээ. Улс орны хувь заяа, хөгжил дэвшил, ард түмний сайн сайхан амьдралыг бид эдгээр нэр бүхий нөхдөөс нэхэх үүрэгтэй.

Цөөн хэдхэн хүн төрд гаргаж дураараа дургисны төлөөсийг Монгол Улс үнэндээ дийлэхээ больсон байна. Эрх баригч намын гишүүн бус хүн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө дарга сайд хийх боломжгүй “хууль цааз”-ын өмнө Ардчилсан нам, Ардын нам хоёр хоёулаа буруутай. Гэвч энэ хоёр намаас өөр улс төрийн хүчин Монголд байх хэрэггүй гэдгийг бид ойлгосон. Гуравдагч хүчин нь эх орон ард түмэн гэх нэртэй популистууд бий болдгийг ойрын бодит жишээ харуулсан.

Тэгэхээр улс орныг удирдаж байгаа хоёр нам улам ухаалаг болж, дэлхий нийтийн жишгийг харж, монгол төрийн толгой дээр намын аппарат нь сандайлаад суучихсан энэ байдлыг таслан зогсоох учиртай. Тэгж байж Монгол Улс хөгжил дэвшлийнхээ шинэ замд гарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зөвхөн эрх барьж байгаа намын хүн сайд болно гэдэг үзэл дэлхийд хоцрогдоод байна” хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, гарлаа.

Уламжлалт “Танайд өнжье” нүүрт Японоос ирсэн аварга робот Скелетоникс”-ийн тухай онцолжээ.

“Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” буланд ЭМЯ, эмнэлгийн дарга нарыг гартаа атгасан “Сетунари”, “Бона вита” компани улсын төсвөөс хэдэн турбумаар нь мөнгө идэж байна” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “90 минутын бичлэг бүхэлдээ бодит баримт” хэмээн ярьжээ. МАН-ын 60 тэрбумтай холбоотой асуудлаар АН-ын бүлгээс нээлттэй сонсгол хэлэлцүүлэг хийсэн байна.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Зөвхөн эрх барьж байгаа намын хүн сайд болно гэдэг үзэл дэлхийд хоцрогдоод байна” хэмээн өгүүлжээ.

“УИХ-аас Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан учраас Монгол Улсын бодлогод ямар нэгэн өөрчлөлт орохгүй” хэмээн Д.Оюунхорол сайд ярьжээ.

“Дэлхийн мэдээ” Лондонд шинэ халдлага болсон ч сонгуулиа үргэлжлүүлнэ хэмээн онцолжээ.

“Уран бүтээлч” нүүрт “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Э.Цолмонбаяр уригджээ. Тэрбээр “Яг түүн шиг шоу”-г хөтлөхөө больдог ч юм уу гэж бодсон хэмээн ярьжээ.

Доктор Я.Жамбалжав “Монгол орны мөнх цэвдгийн дийлэнхи нь 2060 он гэхэд хайлж дуусах төлөвтэй байна” хэмээн ярьжээ.

“Наадам айсуй” нүүрт үндэсний бөхийн түүх сонирхогч, улсын шүүгч Ж.Цэрэв хууч дэлгэжээ. Тэрбээр “Наймаас арван жилийн давтамжтайгаар дархан аварга цолтон төрдөг” гэж ярьжээ.

“Тояа” хүүхдийн хөгжлийн академиас зохион байгуулдаг Цээж тоолол, соробон сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус академийн захирал Т.Туяа “Спорт” нүүрт “Сампингаар бодож сурсанаар илүү өргөн хүрээнд сэтгэх чадварыг эзэмшдэг” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *