Categories
мэдээ нийгэм

Зөөврийн хайрцгаар иргэдийн саналыг авч байна

Сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан тухай нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр /2017.06.25/ мэдээлэл хийлээ.


Улаанбаатарт нийт 941.536 сонгогч саналаа өгнө. Бүртгэгдсэн сонгогчдыг дүүргээр нь тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүрэгт-207.620
  • Баянзүрх дүүрэгт -225.206
  • Баянгол дүүрэгт -144.434
  • Сүхбаатар дүүрэгт-96.148
  • Хан-Уул дүүрэгт-110.883
  • Чингэлтэй дүүрэгт -110.643
  • Багануур дүүрэгт-19.593
  • Багахангай дүүрэгт-2799
  • Налайх дүүрэгт-24.241 сонгогч тус тус бүртгэгджээ.

Энэ тоонд түр оршин суугчид багтсан байна. Хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн зогсоохоос өмнө 977 иргэн хотоос шилжин явсан бол 733 иргэн шилжин иржээ.

Нийт сонгогчдоос 5349 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ. Иймээс тэднээс өнөөдөр /2017.06.25/ 09.00-20.00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авч эхэлсэн байна. Зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын ирцийн мэдээллийг шаардлагатай бол нийслэлийн Сонгуулийн хорооноос тухай бүрт нь мэдээлнэ гэлээ.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэг, сонгуулийн 1813 хэсгийн хорооны 13 өрхийн 30 сонгогч малын халдварт өвчин гарснаас шалтгаалж, хөл хорионд оржээ. Мал эмнэлгийн байгууллагуудтай нийслэлийн Сонгуулийн хорооноос ярилцаж байгаад тухайн иргэдээс зөөврийн саналын хайрцгаар саналыг нь авах ажиллагааг зохион байгуулна гэлээ.

Нийслэлд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Санал авах байруудын 127 нь төрийн өмчийн сургуульд, 101 хорооны байранд, 28 нь хувийн хэвшлийн барилгыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагуудад байрлажээ.

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр буюу маргааш бүх нийтээрээ амарна. Хэрэв энэ өдөр /2017.06.26/ ажиллаж буй хувийн байгууллага, аж ахуйн нэгж байвал ажилчдадаа чөлөө олгож саналаа өгөх үүрэгтэйг нийслэлийн Сонгуулийн хорооноос санууллаа. Мөн нийслэлийн Сонгуулийн хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бэлтгэхдээ одоогоор нэг тэрбум 373.8 сая төгрөгийн зардал гаргаж, энэ тооны мөнгийг Сонгуулийн ерөнхий хорооноос авчээ.

Мөн маргааш /2017.06.26/ цахилгаан тасалдлаас болгоомжилж зарим гэр хорооллын 30 санал авах байранд цахилгаанаа нөөцлөх эх үүсвэрүүдийг байрлуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нийслэлийн Сонгуулийн хороо бэлэн гэдгээ мэдэгдлээ. Мөн иргэдийг маргааш /2017.06.26/ саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирч, сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *