Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуунмодод ч бас жорлонгоо өөрчлөх тухай яриа өрнөлөө


ХҮНИЙ
ЯЛГАДСЫГ НӨӨЦ БАЯЛАГ ГЭЖ ҮЗЭХ БОЛЖЭЭ

Сингапур цэвэр усгүй орон. Нэг ч гол мөрөн, нуур, газрын гүний усгүй. Усаа дотооддоо хангадаг болох нь тэдний мөрөөдөл. Одоогоор далайн усыг давсгүйжүүлэх аргыг бага сага хэрэглэдэг ч маш их эрчим хүч шаарддаг гэнэ. Иймд тэд бохир уснаас цэвэр ус гаргах технологид түлхүү хөрөнгө оруулах болжээ. “New­Water plant” буюу шинэ усны үйлдвэртээ тэд бохирын усыг цэвэршүүлж, сайн чанарын ус “олборлож” байна.

АНУ-ын зарим мужууд ч бас усны хомсдлыг шийдэхийн тулд цэвэрлэх байгууламждаа усыг дээд зэргээр цэвэршүүлэх дамжлагуудыг нэмжээ. Энэ усыг шууд ууж болох нь нотлогдсон байна. Цэвэр усны эрлийн үзүүр бохир усанд байгаа. Өнөөдрийн угаадас ялгадас, маргаашийн нөөц баялаг хэмээн “Жорлонгоо өөрчилье” номондоо зохиогч Ц.Оюунгэрэл бичжээ. Бестселлер болсон уг номын борлуулалтын орлогоор тэрбээр улс орон даяар хийж байгаа “Жорлонгоо өөрчилье” сургалтаа санхүүжүүлдэг.

Энэ эмэгтэйн фэйсбүүктээ бичсэнийг харвал яагаад хүмүүст “загас барих арга” заах гэж цаг, хүч, мөнгөө зарцуулж буйн шалтгааныг олох вий. “Сайд байхдаа жорлонгоо өөрчлөх гэж үзээд бараагүйг минь гэрчлэх нэг ийм мэдээ байна. Жорлонгоо өөрчлөх ажил дан ганц захиргааны санаачилгаар бүтдэггүйг мэдээд хуульд оруулсан. Ганц хуулиар бүтдэггүйг ойлгоод, нийтийн боловсрол руу орсон билээ. Бүгд хамтдаа л өөрчилье” гэжээ.

Жорлон доторх агуулга нөөц баялаг гэдгийг ухуулж буй монгол эрдэмтэн ч байна. ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандорж монгол ахуйд тохирсон жорлонгийн эрэл хайгуул хийжээ. 430 мянган төгрөгт багтаан ус хэрэглэдэггүй, бордоо гаргадаг жорлон суурилуулж болно. Шанага усаар бохироо “гүйлгэчихдэг” жорлонг ч гэр хорооллын айлд тавьж туршсан гэнэ. Бохир ус цэвэрлэх технологийг Гацууртад туршсан. Боловсруулсан усыг нь уусан ч болно гэж Д.Басандорж доктор ярилаа. ШУТИС-ийн дэргэдэх үзүүлэнгийн өрөөнд энэ бүх технологиудтай танилцаарай. “Улаанбаатар хотын сая тонн лагийг бордоо болгох боломжтой. Үүгээр 80-90 тэрбум төгрөг олох бололцоо байна. Би саяхан энэ лагаас 4 тонн бордоо үйлдвэрлэж өгсөн. Энэ лагийг шатааж устгана гэж Засгийн газрын хуралдаанаар шийдсэн тухай мэдээ уншаад, зүрх өвдөөд өглөө босч чадаагүй” хэмээн “Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр тэр ярьсан юм. Д.Басандорж доктор “Жорлонгоос гарсан усыг буцаагаад ашиглах боломжтой технологи бий. Бохир бол нөөц баялаг. Хүн бүр гар утастай байдаг шиг айл бүр эко жорлонтой болох боломжтой” гэлээ.

“Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Нутгийн шийдэл сан” төрийн бус байгууллагын “Цэвэрч Монгол” төслийн хүрээнд хийж буй ээлжит сургалт Зуунмод хотод Нутгийн захиргааны ордон дахь Иргэний танхимд болсон юм. Энэ нь тэдний орон нутагт хийж байгаа арванхоёр дахь сургалт. Сургалтыг тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн, олны танил телевизийн сэтгүүлч Ц.Оюундарь удирдсан.

Зуунмод сумын Засаг даргын орлогч Г.Гантөгс “Манай Зуунмод суманд тулгамдсан асуудлыг мэдэрч, сургалт хийж байгаад баярлалаа. Агаар хөрсний бохирдол өнөөдөр тулгамдаж байна. Хөрс, агаарын бохирдолтой тэмцэх тухай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан. Бид Эко тохилог хашаа төслийг 27 суманд хэрэгжүүлэхээр аймгийн төвөөс эхлүүлсэн. Эрүүл орчинд тохилог амьдрахын тулд энэ төслийн шугамаар 3700 өрхөд утаа бага гаргадаг зуух олгосон. Био жорлонг айлуудад нийлүүлэхээр төлөвлөж байна. Хаанаас яаж нийлүүлэх нь одоохондоо тодорхойгүй байгаа” гэж ярьсан юм.

ЖОРЛОНДОО НЭГ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАХАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРДАЛ 5 ДОЛЛАРААР ХЭМНЭГДЭНЭ

Сургагч багш Б.Цолмонбаяр “Жорлондоо нэг долларын хөрөнгө оруулахад эрүүл мэндийн зардал 5,5-8 доллараар хэмнэгдэнэ” хэмээн ДЭМБ тооцоолсоныг иш татлаа. Бие зассаны дараа гар угаах угаалтуур байршуулснаар халдвар авах эрсдлийг 30-50 хувь бууруулдаг гэнэ шүү.

Сургалтын чиглүүлэгч Ц.Оюундарь “Эмнэлэг шинээр барьж, эмийн сангууд найман нэрийн дэлгүүр шиг олширч, эмийг талх шиг худалдаж авцгааж байна. Үүний оронд жорлонгоо өөрчилмөөр байна. Бид үзэгдэлтэй биш өвчлөл бий болгоод байгаа үндэс суурьтай тэмцэх хэрэгтэй гэж хэлсэн юм. Энэтхэгт зургаан сарын турш бороо ордог. Үерийн үеэр жорлон халина. Борооны улиралд гэдсний халдварт өвчин тархана. Хамгийн том хохирогчид нь хүүхдүүд болдог. Энэтхэгт жорлонгийн өөрчлөлт хийнэ гэдэг хүүхдүүдийн амь насны төлөөх тэмцэл болсон гэж Ц.Оюунгэрэл ярилаа.

“Дэлхийн найман тэрбум хүн ус татдаг жорлонд бие засвал дэлхийн усны нөөц хүрэлцэхгүй” гэв. Дэлхийд хамгийн хурдацтай яваа нь өтгөн лагийн бизнес.

Хятад улс 30-40 сая хүн амтай хотууддаа хүнийхээ ялгадаснаас цахилгаан үйлдвэрлэж байгаа гэнэ. Энэтхэгт нарны зайгаар ажилладаг, зоосоор үйлчилдэг e-жорлон дэлгэрч байна.

АНУ-д усны оронд хөөсөөр хөөж ялгадсаа гадагшлуулдаг жорлонд орж үзсэн. Хүн орж ирэхэд мэдрээд, хөөс урсч эхэлдэг юм билээ гэж тэр хуучилсан юм.

Сургагч багш Б.Дашням мөн л тоо бодлоо. “Гэр хорооллын 1300 айлыг хамруулсан судалгаагаар санхүүгийн боломж муутай гэгддэг айлууд ч жорлондоо 650 мянган төгрөгийг оруулсан байна лээ. Жорлонгоо сайжруулахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав нугалах хэмжээний зардал гаргана гэж тооцох нь үр дүнтэй” гэсэн л дээ.

Ц.Оюундарь “Нэг хүн, нэг хэсэг айл жорлонгоо өөрчилсөн ч танай гудамжинд жорлондоо мөнгө зарцуулж чадаагүй нэг айл үлдэхэд л таны уудаг ус бохирдсон хэвээр байна гэсэн үг. Нийтээрээ өөрчлөлт хийхийн тулд зохион байгуулалтад орох хэрэгтэй” гэсэн юм. Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан зохион байгуулалтад орсон түүх ч энэ танхимд яригдлаа.

ДУНДГОВЬ
АЙМГИЙН ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ШИНЭЧЛЭЛ

“Сумаа шинэчилье” төсөл хэрэгжүүлж амжилтанд хүрсэн талаараа уг шинэчлэлийг гардагчдын нэг Э.Загдсүрэн ярьсан юм. Иргэд өдийг хүртэл жорлонгоо өөрчлөөгүйн шалтгаанаа мөнгө хүрэлцдэггүй, мэдээлэл байхгүй гэж тайлбарладаг. Харин “Сумаа шинэчилье” төслийнхөн зөвхөн доноруудаас төдийгүй иргэдээсээ мөнгө босгож чадсан тухай зуунмодчууд чих тавин сонссон.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн тэргүүтэй залуус сумаа өөрчлөх санаагаа Засаг даргад танилцуулж, иргэдээс дэмжлэг авахаар 2014 оны хоёрдугаар сарын 14-нд нутагтаа очжээ. Эхэндээ хэн ч тоосонгүй. Уулзалтанд хэдхэн хөгшид л иржээ. Сүүлдээ энэ бүхэн өвөө, эмээ нарын ярианы сэдэв болов. “Бүрнээ, танай хашааг бульдозероор түрэх юм шиг байна лээ шүү” гэсэн цуу тархлаа. Гурван сарын турш амралтын өдрүүдээр тасралтгүй очиж уулзалт хийсний эцэст Сумын соёлын төвд хүмүүс багтахаа байсан гэнэ. “Шинэчлэлийн ажлын 70 хувь нь сумынхаа бүх хүний саналыг авч, сумын ерөнхий төлөвлөгөөг гаргах байлаа. Дараа нь бүх зүйлийг хурдтай хийж болдог юм билээ” гэж Р.Эрдэнэбүрэн хэлсэн удаатай. Сумынхан өөрсдийн хөрөнгөөрөө жижиг дунд үйлдвэрийн цогцолбор, соёл спорт чөлөөт цагийн төв, хими цэвэрлэгээ зэргийг босгожээ. Гол гудамжуудаа хатуу хучилттай замтай болгож, гэрэлтүүлэгтэй, явган хүний замтай, замын хажуугаар ногоон байгууламжтай болгох бүх төлөвлөгөөг иргэдийн оролцоотой хийж хэрэгжүүлжээ. Гурвансайхан сумынхан бүгд хашаагаараа ижилссэн. Сум цэвэрлэх байгууламжтай, нийтээрээ төвлөрсөн шугамд холбогдох боломжтой болсон тул иргэд нь байгууллага, аж ахуйн нэгжүүдээ “Жорлонгоо соль” хэмээн шаардах болжээ.

Шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд 4, 5 тэрбум төгрөг хэрэгтэй байв. Харин сумын иргэд нутгаа хөгжүүлэхэд 300 сая төгрөг хандивласан гэнэ. Иргэдийн хүчин чармайлт талаар болсонгүй. Донор байгууллагуудаас ч хэрэгцээтэй мөнгөө босгож чаджээ. “Мөрөөдлийн төсөл маань хоёрдугаар шатандаа орсон. Бүх айлууд руугаа цэвэр, бохирын шугам оруулахаар төлөвлөж байгаа. Бүтээн байгуулалт хийх амархан, хөрөнгө босгох хялбар. Хүмүүсийнхээ сэтгэлгээг өөрчлөхөд л хамгийн их цаг зарцуулсан” гэж Э.Загдсүрэн хэлсэн юм даа.

Доктор Л.Оюун: Олсоноо зарцуулаад, үлдсэнийг нь хадгална гэвэл үлгэрийн далай болно

МУИС-ийн багш, доктор Л.Оюун “Жорлонгоо өөрчилье” сургалтын багт багтаж, мөнгөө хэрхэн хэмнэх талаар иргэдэд зөвлөсөн нь олны талархал хүлээв. Бидэнд нэг асуудал бий. Мөнгө байхгүй гээд суугаад байдаг. Яаж мөнгөтэй болох вэ? Манайхан орлогоо зарцуулаад, үлдсэнийг нь хадгална гэж ойлгодог. Хязгаарлагдмал мөнгөн орлогоор яаж хязгааргүй хэрэглээг санхүүжүүлэх вэ?

Харин үүний оронд орлогынхоо тодорхой хувийг хадгалаад, үлдсэнийг нь хэрэглэх зарчим хэрэгжүүлье. Ихэнхи хүмүүс орлого орж ирэхээр юу авах вэ гэж боддог. Үүний оронд олсон орлого бүрийнхээ 5-20 хувийг хадгалж сурах учиртай. Олсоноо зарцуулаад, үлдсэнийг нь хадгаламжиндаа хийнэ гэвэл үлгэрийн далай болно. Өнөөдрөөс өрхийн орлого зарлагаа бичээд яв” гэж Л.Оюун багш зөвлөсөн шүү. Орлого зарлагаа бичих нь юунд хэдийг зарж байгаагаа хянаж, илүү хэрэглээгээ хазаарлахад тус болно.

ГЭР
ХОРООЛЛЫНХОН ГУДАМЖААРАА НЭГДЭЖ, БОХИРЫН АСУУДЛАА ШИЙДЖЭЭ

Жорлонгоор яаж бизнес хийх вэ гэдэгт Атморынхон хариулт өглөө. Монголд хамгийн анх жорлонгийн бизнес хийсэн тус компани 15 жилийг үджээ. Жорлон гэдэг үгнээс зарим хүн цэрвэдэг ч “Жорлонгоо өөрчилье” хэмээн зоригтойгоор хэлж байгаа “Нутгийн шийдэл” сангийнхан шууд утгаараа жорлонгийн хувьсгал хийж байна хэмээн Атмор компанийн маркетингийн менежер С.Цэнгүүн хэллээ. Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” хэмээн ном бичиж, сургалт хийж байгааг мэдээд, түүнд хандаж, сургалтанд нэгдсэн гэнэ.

Монголын баячууд уулын аманд гоё хаус барьсан ч нүхэн жорлонтойгоо байхыг хараад 2003 онд компаниа байгуулжээ. 2016 онд бохирын танкны MNS EN 12556 стандарт гарчээ. Бохирыг цэвэршүүлж, хатуу лаг хэсгийг тунгааж, шингэн хэсгийг нь хөрсөнд шингээдэг септик систем хамгийн үр дүнтэй гэж тэд үзэж байна. Тэд урьд нь бетон, төмөр бохирын танк тавьж байжээ. Одоо бол Монгол Улсын стандартад нийцсэн 2,5 см зузаантай маш бат бөх хуванцар септик танк санал болгож байгаа гэнэ. Танк нь 1-10 тоннын багтаамжтай юм билээ.

Бидэнд нөөц бололцоо байгаа учраас заавал төр засгийг харж суух шаардлагагүй. ХААН банктай хамтраад 1,4 хувийн хүүтэй, 15 сая төгрөгөөс дээш хэмжээний уян хатан нөхцөлтэй ногоон зээл хэрэгжүүлж байгаа гэлээ. Энэ хэмжээний мөнгөөр халаалт, цэвэр ус, бохирын системээ цогцоор нь шийдэх боломжтой ажээ.

Гудамжаараа нэгдэж, дундаа нэг септик танк тавья гэдэг. Нэг айл нь шалны алчуураараа бөглөөд хаячихдаг. Айл бүр тусдаа септик танктай байя. Гудамжаараа шийдвэл үнэ хямд тусна гэж С.Цэнгүүн ярьсан юм. Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт гэр хорооллын өрхүүд гудамжаараа зохион байгуулалтад орж, “Шинэ хороолол” төслийн хүрээнд бохирын асуудлаа шийджээ.

Ц.Оюундарь ”Улс төрчид хамгийн амарханаар нь орон сууцжуулаад агаар, хөрсний бохирдлыг шийдчихнэ гэдэг. Жорлонгийн хувьсгал Европт ч өрнөж байна. Тэд ус хэрэглэдэггүй хуурай жорлонд шилжиж байгаа. 1997 онд Швейцарид Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор явахдаа Белгийн нийслэлд буусан юм. Тэнд орон сууцны хорооллууд нь эзгүйрчихсэн ажлаар яваа хүмүүст хямдхан түрээслэж байлаа. Улс орон хөгжиж, иргэд нь баяжаад ирэхээрээ нийтийн орон сууцанд амьдрахыг хүсдэггүй. Өөрийн гэсэн хаусыг илүүд үздэг юм байна. Нийтийн орон сууц бол шийдэл биш шүү. Та бүхэн өөрийн газар дээрээ хашаа, байшиндаа тохилог сайхан орчин бүрдүүлээрэй” гэв. Жорлонг хэний мөнгөөр барих вэ хэмээн Ц.Оюунгэрэл асуулаа. Манай хашаанд байгаа жорлонд та нар хөрөнгө оруулахгүй. Хэн нэгний жорлонд өөр хүн мөнгө өгөхгүй. Хамгийн баталгаатай хөрөнгө оруулагчид бол бид өөрсдөө. Хөрөнгө оруулагч шаардлага тавьдаг. Уул уурхайн хөрөнгө оруулагчид Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулдаг шүү дээ. Нэгэнт та байшиндаа, хашаандаа жорлондоо хөрөнгө оруулсан бол энэ газраас таныг хөөхгүй байх, бизнес, газрын зөвшөөрөл тогтвортой байх шаардлагатай болно. Иргэн бүрийн оролцоотойгоор санхүүжилт босгох учиртай. Хэн хэдэн төгрөг оруулж чадахыг айл тус бүрээр нэг бүрчлэн тооцох ёстой болно. Дараа нь нөлөөллийн схем гаргана. Орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, ИТХ, ИНХ-д нөлөөлөх баг ажиллана. Үүний дараа хөнгөлөлт авах тухай яригдана. Гудамжаараа, баг хороогоороо, сум орон нутгаараа нэгдэх тусам том зах зээл болж илүү нөлөөтэй, хөнгөлөлт авах боломж бүрдэнэ.

Жорлон цэвэрлэх, султгах үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн нийлүүлэгч хэрэгтэй болно. Ариун цэврийн үйлчилгээний тариф хямд биш бол хүн болгон авч дийлэхгүй, хүртээмжтэй байж чадахгүй. Тийм учраас төрийн оролцоо хэрэгтэй болно. Жорлонгийн бизнес томрох боломжтой, хүртээмжтэй, харьцангуй хямд байх ёстой. Уран сэтгэмж, инноваци хэрэгтэй. Сүүлийн үед жорлонгийн бизнест залуус орж ирэх болсон. Тэд хүний ялгадаснаас био нүүрс, бордоо, эрчим хүч гаргаж авч байна. Хийлдэг септик танк бүтээсэн хоёр залуу патент авчихсан малын баасыг хүнийхтэй нийлүүлээд боловсруулж, хий гаргаж авч байна. Хийлдэг септик нь “Амьжиргаа цагаан” дээр ачаад явчихаар авсаархан. Монголд нэгийг авмаар байна гэсэн чинь “Ойрын таван жилд үйлдвэрээс гарах бүх бүтээгдэхүүнийг АНУ-ын Батлан хамгаалах яаманд авах захиалга өгчихсөн” гэсэн. Цэргүүдийн ялгадсыг хий үйлдвэрлэхэд ашиглах юм байна.

Бизнесийнхэн удирддаг “Жорлонгийн зөвлөхүүдийн эвсэл” (Toilet Board Coali­tion-www.toiletboard.org) гэдэг байгууллага бий. Энэ эвсэлд олон компани нэгдэж, ариун цэврийн бизнест хөл тавихаар шийдсэн зоригтнуудыг сургалт мэдээлэл, хөрөнгө оруулалтаар дэмждэг. Тэдэнд хандахын тулд та жорлонгийн бизнес эрхэлдэг бас англи хэлтэй байхад хангалттай гэж Ц.Оюунгэрэл зөвлөсөн шүү.

Сургалтын төгсгөлд иргэд цаашдын төлөвлөгөөгөө бүлгээрээ хэлэлцдэг. “Гудамж гудамжаараа хамтарч, бүлэг хоршоо байгуулаад, янз бүрийн төсөл хөтөлбөрт хамрагдаж жорлонгоо өөрчлөх санхүүжилтээ босгож болно” хэмээн сургалтанд оролцсон Ц.Хүүхнээ ярилаа. “Урьд нь хүн бүр амиа хичээгээд явдаг байсан бол хамтарч ажиллахгүй бол амжилтанд хүрэхгүй гэдгийг одоо л хүмүүс ойлгож эхэлж байна” гэж тэр хэлсэн.

“Манзуширын хийдийн орчин бохир байна. Энэ сургалтанд суусан хүмүүс баг болж, Манзуширт жишиг жорлон байгуулья” хэмээн нэг залуу хэлэх сонсогдоно…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *