Categories
мэдээ нийгэм

Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барихад чухал үүрэгтэй Зүүнбаянгийн үе угсрах баазыг УБТЗ барьж байгуулж байна

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд барьж байгуулсан “Улаанбаатар төмөр зам” ХНН, Монгол Улсын өөр нэг томоохон бүтээн байгуулалт болох Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барихад оролцохоор болсон.

Үүнтэй холбоотойгоор ЗТХЯ, “УБТЗ” ХНН хамтран тус замыг барих бэлтгэл ажлуудыг шуурхай хангаж эхлээд байна. Эдгээр ажлын нэг болох Зүүнбаян өртөөнд шинээр Үе угсрах бааз байгуулах ажлыг эхлүүлээд байна. Өмнө нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдсан нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барихдаа УБТЗ нь ихээхэн алслагдсан хол газарт байрладаг өөрийн Салхитын үе угсрах баазаас угсарч бэлдсэн үеэ татаж байсан юм. Тэгвэл Монгол Улсын өмнөд хэсэгт шинэ төмөр замын олон төсөл хэрэгжих болсонтой холбоотойгоор шинээр үе угсрах баазыг ажлын фронтод ойр барих зайлшгүй шаардлага бий болсон юм. Монгол улсын хэвтээ тэнхлэгийн төмөр замын төв огтлолцол болох Сайншандаас холгүй орших Зүүнбаянд энэхүү үе угсрах баазыг шинээр барьж байгуулах ажил эрчимтэй явагдаж байна.

Үе угсрах баазыг барихын тулд нийтдээ 70 мянган метр/ куб газар шорооны ажил хийхээс 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн үе угсрах баазад зориулж 400 метр урт краны зам, 6150 метр урт салбар замуудыг барьж, 20 тоннын краныг зөөж авчирч босгох юм. Эдгээр ажлуудыг энэ оны 9 дүгээр сарын 20 гэхэд дуусгаж үеэ угсрахад бэлэн болно. Энэ онд нийтдээ 2000 ширхэг үе угсарч бэлэн болгохоор төлөвлөсөн бөгөөд энэ нь 50 км төмөр замыг барих үеэ бэлдэж бэлэн болгоно гэсэн үг юм. Үе угсарна гэдэг нь зам төмрөө төмөр бетон дэртэй нь холбож угсарсан 25 метрийн урттай бэлэн бэлдэцийг хэлж байгаа бөгөөд энэ нь төмөр замын суурь бүтцийн хамгийн гол бүтэц юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *