Их хотыг барилга байшин чимнэ, бас зам харгуй, гэрэл чимэглэл, гүүр далан сүр нэмж өнгө өгдөг. За тэгээд улсын нийслэл аваас хаа нэгтээ утга төгөлдөр ямар нэгэн хөшөө, дурсгал сүндэрлэж байх нь аль ч улсын жишиг буй за. Бид яахаараа дутна гэж.
Манайд төвд, орос, энэтхэг, куба, турк гээд хаа холын хүмүүст зориулсан хөшөө байдгийг мэдэх үү. Одоо энэ хуучнаар Пионерын ордон гэж нэрлэдэг байсан барилгын өмнө буй ягаавтар өнгөтэй хөшөөг хэнд зориулж босгосныг залуу үеийнхнээс асуугаарай. Бараг л хэлж мэдэхгүй дээ. В.Лениний залуу төрхийг харуулсан дэлхийд бараг ганцаараа гэхээр хөшөө юм шүү дээ.
Цагтаа хүүхэд болгон мэддэг байсан уг эрхмийн үнэлэмж зуун жил өнгөрөөгүй байхад түүхийн хуудаснаас арчигдаж буйн жишээ. Иймэрхүү утга, агуулга нь хэдхэн жилийн аясыг даалгүй хүмүүний ой санамжаас ховхрох жамтай хөшөө дурсгал хотод олон байна аа. Тэгвэл Хотгойдын шадар ван Чингүнжавт зориулсан хөшөөг хар даа. “Төр, үр хоёр минь мөнх оршиг” хэмээх сэтгэл огшоосон ишлэлтэй, хэдэн зуун өнгөрсөн ч түмэн олондоо хүндэтгэх гавьяатай агуу баатрын утга уянга төгөлдөр уг хөшөөг харах тусам бахархдаг.
Ийм л бүтээлүүд олон байгаасай.
Д.Бат-Эрдэнэ