Categories
мэдээ цаг-үе

Зуун жил дурсагдах зодоон

“Би энэ тулааныг зарлаж байна. Өөр хэн ч биш. Би өөрөө түмэн олонд энэ зодоон зохиогдох өдрийг тунхаглаж байна.” гэж Мэйвезэр хэллээ.

Сүүлийн тав зургаан жилийн хугацаанд өнөө цагийн шилдэг боксчид болох Мэйвезэр Пакьяо хоёрыг учруулж тулалдуулахыг оролдсон байгууллага, хувь хүмүүс, менежерүүдийг тоол­бол тоогоо алдана. 1974 онд Заирт (өнөөгийн ардчилсан Конго) зодолдсон Мухаммед Али – Жорж Формэн нарын тулаантай дүйхүүц хэмжээний алдартай хэмээн яригдаж байгаа, ирэх тавдугаар сарын хоринд товоо зарласан энэ агуу зодоон юугаараа бусдаас ялгагдаж, үй түмэн хүний анхаарлыг татах ёстой юм бэ, жаахан тайлбарлая.

Үеийн үед боксын ертөн­цийн хамгийн сонирхолтой жин нь үнэмлэхүй хүнд жин байлаа. Энд Али, Фрэйзер, Формэн нар зодолдож бок­сын ертөнцийг мөнгөтэй холбоод шоу гэж юу байд­гийг таниулж эхэлсэн бол тэднийг үргэлжлүүлээд Холифилд, Тайсон, Льюис нар улам боловсронгуй болгож үзэгчдийн анхаарлыг өөрсдөдөө татаж чадаж байсан юм. Тэгээд ах дүү Кличкогийн үе эхэлсэн дээ. Кличкогийн үетэй зэрэгцээд хүнд жингийн боксчдын эрин үе дууссан гэхэд болно. Тэд “хэтэрхий зөв” зодолддог, Сул өрсөлдөгчдийг сонгодог, тэдний зодооныг үзэхэд бусдыг татах гоо сайхан огт үгүй, тэд бокс ойлгодоггүй Европ тивдээ л хаанчилдаг гэх мэтээр муулдаг л даа. Үнэн худлыг нь мэдэхгүй ч гэлээ эдгээр украйн залуус ноёлох болсон сүүлийн арван хэдэн жилд үнэмлэхүй хүнд жингийн бокс үзэгчдийн анхаарлыг татахаа больсон нь л үнэн юмдаг. Нэгэнт л энэ жинг үзэхгүй юм бол өөр жинг анхаарч л таарна биз дээ. Яг ийм үед нэг талд нь Мэйвезэр, нөгөө талд нь Пакьяо бужигнуулж байлаа. Тэдний зодооныг үзэх урамтай. Ялангуяа ази залуу Мэнни Пакьяог тулалдаж байгааг харахад ч тансаг шүү дээ. Хүсвэл маргааш Филиппиний ерөнхийлөгч болж чадна гэж ярилцдаг Ази тивээс урд өмнө нь гарч байгаагүй, хойшид ийм авьяаслаг боксчин дахин төрөх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй Эммануэль, Дапидэран Пакьяо буюу Мэнни Пакьяо гэгч нь 1995 онд мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьж, өдөн жинд (50,84 кг) зодолдож эхэлснээсээ хойш дэлхийн томчуудыг хиаруулж яваа нэгэн билээ. Жил өнгөрөх тусам жин нь өсч, өнөө цагт хагас дунд жинд (66,73 кг) зодолдох болсон тэрбээр энэ жилүүдэд мөн ч олон жинд аварга авсан даа. Тэгвэл нөгөө талд нь Мичиган мужид төрсөн Флойд Жо Мэйвезэр гэх хар арьстай залуу бас л бага жингээс дунд жин хүртэл, бас л ерээд оны дунд үеэс өдийг хүртэл боксын гайхамшгийг харуулан наадсаар ирлээ. Тэд мэргэжлийн боксын дөрвөн байгууллагын аваргын бүсийг хуваан эзэмшдэг. Тэд өөр өөрсдийнхөө замаар туучин явахдаа бие биенээсээ зугтаж байсангүй. Зүгээр л хувь заяаны эрх, мөнгө санхүүгийн тохиролцоо, цаг хугацааны давчуу байдал, менежер өмгөөлөгчдийнх нь үл ойлголцлоос шалтгаалан учирч чадалгүй явсаар зургаа долоон жилийг өнгөрөөчихөжээ. Одоо тэд 36, 37 настай дунд жингийнхний хувьд “нар жаргах” тал руугаа хэвийсэн хугацаа. Тийм ч учраас элдэв зуучлагч завсрын хүн үгүйгээр сагсан бөмбөгийн талбай дээр санамсаргүй таарч бөмбөг шидэж байхдаа “нас явлаа шүү найзаа, зодолдчих уу, тэгье” гээд л шийдчихсэн сураг байна. Тавдугаар сар хүртэл гурван сарын хугацаанд чамбай бэлдэх нь ойлгомжтой.

Тэдний гэрээнд байгаа, урд нь тохиролцоход овоо гайгүй саад болж байсан нэг заалт нь Мэйвезэрийн хүсэж буй бүтэн сэргээшийн шинжилгээнд Пакьяо хамаарагдаж байхаар болсон байна лээ. Мэнни энэ тухай хэлэхдээ “За яахав түүнийхээр болог, өнөөдрөөс эхлээд элдэв хагас бэлэн бүтээгдэхүүн, химийн гаралтай хүнс хэрэглэхээ болихоос, эгзэг нь таараад баахан бордой хэрэглэсэн малын махан стэйк идэж Мэйвезэрийн бахыг хангаад яахав.” гэсэн байна лээ. Аргагүй шүү дээ. Тэр жил дугуйн спортын од Контадорын цусны шинжилгээнд кленбутерол илэрч мань хүн “би буруугүй ээ, миний уржигдрын шинжилгээ зүгээр байсан шүү дээ. Энэ өчигдөр идсэн стэйкнээс үүдэлтэй байх.” гээд өчнөөн зүтгээд дийлээгүй хоёр жилээр торгуулж байсан шүү дээ. Тэмцээн эхлэхээс өмнө нь хэн нэгэн сэргээшийн шалгалтанд бүдрэх, гэмтэх зэрэг товлосон өдрийг цуцлах үйлдэл хийвээс тэр хүн нь асар өндөр торгуульд унах тул хичээхээс өөр гарц алга. Одоо гэрээтэй холбоотой зарим баримтуудыг танилцуулъя.

-Сэргээшийн өргөтгөсөн шалгалтыг зөвхөн USADA явуулах бөгөөд түүнд Невада мужийн NSAC тусална.

-Шууд нэвтрүүлгийн эрхийг HBO ба Showtime эзэмшинэ.

-Хагас дунд жин буюу 66,7 кг-ийн WBA, WBC, WBO байгууллагуудын аваргын бүсийн төлөө тоглоно.

-Энэ тулаанаас Мэйвезэр 120 сая ам. доллар, Пакьяо 80 сая ам.долларын шагналыг хүртэл тооцоо бий. Боксын ертөнцөд хэн ч хэзээ ч ийм өндөр шагнал авч байсангүй.

-Мэдээж ийм “аймар” сүпэр тулааныг Лас Вегасын MGM Grand зохион байгуулах бөгөөд тов гараад арван таван минут өнгөрөхөд энэ буудлын бүх өрөө захиалагдаад дууссан байлаа. Түүнчлэн 2500-аас 5000 ам.долларын үнэтэй тасалбарууд тэр өдөртөө дууссаны тал хувийг нь дамчид хүртсэн гэж ярилцаж байна.

Ийм л агуу тоглолт та биднийг хүлээж байна даа. Хэдийгээр эд гялалзаж байхдаа учирч чадаагүй ч гэлээ, одоо оройтсон юм алга. Аль аль нь боксыг шоу болгож чаддаг, үзэгчдийн төлөө үзүүштэй довтолж тоглодог энэ залуусын тулаан үзсэнийхээ дараа олон жил дурсах агуу зодоон болно доо.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *