Categories
мэдээ нийгэм

Зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орлоо

Нийслэлчүүдийг шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр өнөөдөр Налайх дүүрэгт ашиглалтад орлоо. Зүүн бүсийн үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс оролцов.

Үндсэн үйлдвэрүүд нь нэг цагт 180 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд дотоодын 57 аж ахуй нэгжийн 2,000 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт найман шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх юм. Тус үйлдвэрт БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн шугамыг нэвтрүүлжээ. Зүүн бүсийн үндсэн үйлдвэрүүд нь нэг цагт 180 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Тус үйлдвэрийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдвэрлэхэд Тавантолгой түлш ХХК-ийн нийт ажилтан, албан хаагчдын хүч, оролцоо өндөр байсныг онцлов. Мөн Засгийн газрын оновчтой бодлого, зөв шийдвэрийн дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийг байгуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангасан нь сайшаалтай юм. “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн 220,000 өрхийг сайжруулсан шахмал түлшээр тасралтгүй хангах боломж бүрдсэнд талархаж байна гэлээ.

Баян зөрлөгөөс салбарласан ачилт, буулгалт хийх сэлгээний гурван эгнээ 4.2 км төмөр замыг суурилуулсан

Шинээр ашиглалтад орсон зүүн бүсийн үйлдвэрийн хүчин чадлын талаар Таван толгой түлш ХХК- гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлчүүдийн түлшний хангамжийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн бүтээн байгуулалтын хүрээнд 15 гаруй барилга, байгууламж уг үйлдвэрийг түшиглэн баригдсан байна.

Түүнчлэн төв замтай холбосон дайрган зам тавьж ашиглалтад орууллаа. Мөн түүхий эдийн татан авалт, бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх төлөвлөлтийн хүрээнд Баян зөрлөгөөс салбарласан ачилт, буулгалт хийх сэлгээний гурван эгнээ 4.2 км төмөр замыг суурилуулсан” гэв.

“Таван толгой түлш” компани ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор тэжээлийн хэсгийг газар доор байгуулж, туузан дамжуулгыг битүүмжлэн, үйлдвэрийн орчин дахь тоосжилтыг бүрэн бууруулахаар тооцоолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *