Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зөөлөн зөөлөн замбуулин”-гийн Норовын Баасандорж: Ээж минь нутагтаа шагшигдсан дуучин хүн байсан

“Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хос шарга”, “Элээх тавилан” зэрэг олон түмний хайртай дуунуудын зохиогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, дуучин Норовын Баасандоржтой уулзаж ярилцлаа.


-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглолтоо хийх сураг байсан. Ямар нэртэй тоглолтоо хаана толилуулах гэж байна?

-Энэ жил би “Мартагдашгүй Мартын 8” нэртэй тоглолтоо толилуулахаар бэлтгэлдээ ороод ажиллаж байна. Гуравдугаар сарын 8-ны 17 цагаас “Шөнийн зах”-ын Пирамид эвент халл гэсэн шинээр ашиглалтад орсон ресторанд хийхээр төлөвлөсөн. Би жил жилийн хавар Монголынхоо сайхан ээжүүдэд зориулж тоглолтоо хийдэг юм.

-“Мартагдашгүй Мартын 8” тоглолт өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байх бол?

-Энэ тоглолт маань концерт хэлбэрээр биш, цэнгүүн маягаар тусгай суудалтайгаар зохиогдохоороо онцлогтой. Тасалбарын үнийн хувьд 80 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарынхаа үнэнд хоол, архи, вино, ус, ундаа, чихэр, жимс, зууш таташ гээд яг л хүлээн авалт ямар болдог билээ тиймэрхүү маягаар зассан ширээ зочдыг маань хүлээж байх юм. Нэг ширээ арван хүнтэй байна.

-Тоглолтод уран бүтээлчдээс хэн хэн оролцох вэ?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Нанзадын Чулуунхүү, миний амьдай “Харш” хамтлагийн дуучин Баасандорж, 80, 90-ээд онд хүчээ авч байсан “Мөнгөн харандаа” хамтлаг урилгаар ирж дуулна. Зочдод маань сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс “Мөнгөн харандаа” хамтлагтай би эстрад дуу хамтарч дуулахаар бэлтгэж байна. Би өөрийн урын сангаас нэрийн хуудас болсон хориод хит дуугаа дуулна. Тоглолт хоёр гурван цаг үргэлжлээд Мартын 8-ны үдэш “Пирамид” ресторандаа баярын үйл ажиллагаагаа тав тухтай үргэлжлүүлж болно.

-Сүүлийн үед ямар шинэ уран бүтээл хийж байна даа?

-Тоглолтдоо гурван ч шинэ дуу дуулна. Өмнөд монголын Оргилсайхан гэдэг найрагчийн шүлэг “Бүсгүй чи минь”, “Чи минь”, “Монгол хорвоо” гэсэн дуунууд байгаа.

-Ойрд говь, тал, хангай гурван бүсийн цэнхэр орон болсон Баянхонгор нутаг руугаа явав уу?

-Ойрд би төрсөн нутаг руугаа явсангүй шүү.

-Өөрийг чинь Бөмбөгөр, Гурванбулаг гэсэн хоёр ч сумынхан “Манай нутгийн уугуул” гээд булаалдаад байдаг юм билээ?

-Би Гурванбулаг суманд төрж, өссөн хүүхэд. Манай аав Бөмбөгөр сумын хүн л дээ. Бөмбөгөр сумынхан маань намайг яг л тэр нутагт төрж өссөн юм шиг хайрлаж хүндэлж явдагт би их баярладаг.

-“Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Хос шарга” гээд олон ч сайхан цомгийг ард түмэндээ хүргэсэн. Одоо ямар цомог бэлдэж байна?

-Дээрх цомгууд маань одоо надад олдохоо больжээ. Өөрийнхөө хийсэн дууны уран бүтээлийг анзаараад байсан чинь Өвөрхангай аймгийнхантай нутгийнх нь тухай арваад дуу бүтээсэн байдаг юм байна. Тиймээс өнгөрсөн жил тэдгээр дуугаа нэгтгэж “Өврийн сайхан хангай минь” цомог хэвлүүлсэн маань дуусчихсан. Энэ хавраас шинэ цомгийнхоо ажилд орно доо. Өөрийнхөө дуулсан дуугаар цомог гаргах уу, эсвэл би аялгууг нь зохиож залуу дуучид дуулсан уран бүтээлээ эмхэлж цомог гаргах уу гэдгээ бодоод л явна.

-Дуучин шавь олонтой болж байна уу?

-Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийг ноднин жил төгссөн Амартүвшин гэдэг залуу Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн шүлэг “Ээжийн минь сэтгэлийн үг” дууг сайхан дуулсан. Удахгүй дүрсжүүлж цацах байх. Манай Баянхонгорын Хүрээмарал сумын харьяат Эрдэнэ-Очиртой хамтарч шинэ дууны уран бүтээл хийлээ. Соёлын тэргүүний ажилтан Чулуунчимэг, А.Түмэн-Өлзий нартай хамтарч шинэ дуунууд хийж л байна. Соёлын тэргүүний ажилтан Ёндонгийн Батмөнх гэж Гурванбулаг сумын маань авьяаслаг сайхан залуу миний “Шар усан гол” зэрэг нэлээд олон дууг дуулсан. Миний тоглолтод урилгаар оролцож ая дуугаа өргөх юм.

-Танай ангийнхан гэж авьяасын ундарга болсон нөхөд бий дээ. Хамтарсан цэнгүүн, уран бүтээлийн тоглолт хийх болоогүй юу?

-Багшийн сургуулийн хөгжмийн ангид 1990-1994 онд хамт суралцаж төгссөн хэдэн сайхан хөгжмийн зохиолчид байна. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбат, Сүхбаатар бид нар хэдэн жилийн өмнөөс л хамтарч уран бүтээлийн тоглолтоо хийе гэж ярьцгаасан л даа. Зохион байгуулалтан дээрээ л жаахан гацаад байгаа болохоос бидний уран бүтээл бэлэн байгаа юм чинь нэг зоригловол ч юухан байх билээ. Ярьсаар байтал хоёр гурван жил өнгөрчихөж. Эрт, орой хэзээ нэгэн цагт хамтарсан тоглолтоо хийх л байх. Мөн Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийн нөхөд маань бас байна.

-За, хэн хэн байдаг билээ?

-Дуучин Лосолын Болдбаатар маань гавьяат болчихлоо. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Банзрагч, Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Даариймаа, Сайнбаяр нарын олон сайхан дуучин байдаг. Эдэнтэйгээ нийлж тоглолт хийе гэж бас л яриад яваад байгаа.

-Та морины сэдэвт дуу олныг туурвисан. “Хос шарга” дуу шигээ тусгайлан зориулсан ямар дуу байх юм?

-Морины тухай олон дуу зохиосон. Дархан аварга Агваансамдангийн Сүхбатын “Далай зээрд”-ээс өгсүүлээд олон сайхан уяачид, алдарт хурдан буянуудын талаар бүтээл хийсэн л дээ. Саяхан гэхэд оны өмнөхөн Монгол Улсын морин спортын анхны эмэгтэй гавьяат Цэвэлмаа эгчид зориулж яруу найрагч Ундраагийн Баярсайханы шүлгээр “Эрэмгий” гэж дуу хийлээ. Цэвэлмаа гавьяат маань “Алтай констракшн”-ы захирал Бат-Эрдэнийн ээж шүү дээ. Энэ дуугаа тоглолтод бас дуулна даа.

-Мартын найман болж байна. Ээжийнхээ тухай яриач!

-Ээж маань Баянхонгорын Гурванбулагийн хүн л дээ. Би эхээс наймуулаа. Ээж маань энгийн л нэг малчин ардын хүүхэд юм. Сумынхаа ясли, цэцэрлэгт ажилладаг байлаа. Үг цөөнтэй гэж жигтэйхэн. Хүүхдүүддээ үглээд загнаад байдаггүй ч нэг тэсрэхээрээ буулт нь чанга хүн байсан. (инээв. сур) “Аливаа зүйлийг ул суурьтай, чин сэтгэлээсээ хийж бай. Битгий халтар хултар юм хийж бай” гэсэн сургаал нь үр хүүхэд бидний аж төрлийн алтан мөрдлөг болж дээ. Их сайхан дуулна. Манай ээжийн тал чинь нутагтаа дууч удамтай хүмүүс байсан. Сумын концертонд байнга орж дуулна. Хүүхэд байхад ээжийнхээ дуулахыг сонсох мөн ч сайхан байж дээ. Ээж минь ноднин шинэ жилийн өмнө бурхан болоод би жил бүхэн хийдэг тоглолтоо нэг жил өнжсөн дөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *