Categories
мэдээ цаг-үе

Зүү залгисан өвчтөнг эмнэлгүүд хүлээж авахгүй таван цаг нааш цааш явуулжээ

Сар шинийн баярын өмнө санамсаргүйгээр зүү залгисан нэгэн эмэгтэйг эмнэлгүүд хүлээж авахгүй нааш цааш олон цаг явуулсан хэрэг гарсан байна. Юу болсон талаар өвчтөний ээж Б.Уранчимэгээс тодрууллаа.

-Таны охин зүү залгисан ч эмнэлгүүд хүлээж авахгүй нэг нэгэн рүүгээ явуулсан гэсэн. Юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нэгдүгээр сарын 22-нд баасан гариг байсан юм. Намайг ажил дээрээ байхад манай хүргэн утсаар яриад “Ээж ээ, манай эхнэр зүү залгисан байна. Бид нар яах учраа олохгүй байна. Эхнэр ажил дээрээ түргэн дуудсан байна. Түргэний эмч Гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд яваад өгсөн байна. Танай ажил Гэмтлийн эмнэлэгтэй ойрхон юм чинь наанаасаа яваад очоорой” гэсэн юм. Охин маань юм оёдог юм. Ажил нь нэлээд хол Улиастайд байдаг. Тэгээд ажил дээрээсээ Гэмтэл рүү явсан байна. Манай ажил модны хоёрт байдаг учраас Гэмтлийн эмнэлэг рүү сандраад очсон юм. Явахаасаа өмнө ажлынхаа хүмүүсээс манай охин зүү залгисан байна. Ямар арга хэмжээ авдаг юм бол” гээд асууж сураглалаа. Хүмүүс өөрөө өөрийнхөө сонссоноор хэллээ. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр яваад очсон чинь манай хоёр зэрэгцээд ирлээ. Яасан юу, болсон гэсэн чинь охин минь хоолой хавьцаа тороод байхаар ярьж чадахгүй байна гэж байлаа.

-Тэгээд түргэний эмч үзээд юу гэсэн бэ?

-Гэмтлийн эмч үзээгүй. “Манайх үздэггүй юм аа. Манайд эхо аппарат байхгүй. Гуравдугаар эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хүлээн авах дээр яваад оч. Тэнд үзээд өгнө” гэсэн. Уг нь түргэний эмч наашаа яв гэж зааж өгсөн юм билээ. Тэгээд тэндээс гараад Гуравдугаар эмнэлгийн Хүлээн авахад очлоо. Эмнэлгээр явж байгаагүй бид чинь эмнэлгийн нарийн учрыг бас сайн олдоггүй юм байна. Ямар эмч, сувилагч өөр эмнэлэг рүү яв гэж хэлснийг бичүүлж авахгүй бол эмч нар итгэхгүй шинжтэй юм билээ. Гэмтлийн хүлээн авахаас танайх руу яв гэж хэлсэн гэхэд “Манайх үзэхгүй. Цэргийн госпитал эмнэлэг рүү яв” гэв. Уг нь Гэмтлийн эмнэлэг танайхыг үзнэ гэж байсан даа гэхэд “Та цаг алдахын хэрэг. Манайх үзэхгүй, Госпитал яв” гэлээ. Хаа байсан Улиастайгаас ирсэн бид буцаад Баянзүрх рүү Госпитал эмнэлэг очихоор явлаа. Энэ хооронд замын түгжрэлд маш удаж байж очсон. Гэтэл дахиад л манайх үзэхгүй гэсэн.

-Яагаад тэр вэ. Харьяаллын дагуу бол Госпитал үзэх ёстой юм биш үү?

-Уг нь тийм. Гэтэл “Манайх гадны нөлөөтэй өвчтөнг үздэггүй” гэж хэлсэн. Уг нь тэр эмнэлэгт тоног төхөөрөмж нь байгаа юм билээ. Гадны нөлөөтэй гээд яагаад үзэхгүй байгааг нь ойлгосонгүй. Миний бодлоор суурь өвчин биш гэнэтийн ийм зүйлийг үздэггүй юм байлгүй дээ гэж бодсон. Госпиталын хүлээн авахын эмч Нэгдүгээр эмнэлэг рүү яв гэхээр тийшээ очлоо. Нэгдүгээр эмнэлэгт ямар ч асуудалгүй үзээд, хагалгаа хийгээд наад зүүг чинь авчихна гэж хэлсэн юм. Тэнд яваад очтол Нэгдүгээр эмнэлгийн Яаралтай түргэн тусламж нь очертой байсан. Хүлээж сууж байгаад үзүүлэхээр болов. Гэтэл дахиад л хүлээн авахын сувилагч нь “Манайх үзэхгүй. Та хэд госпитал руу яв. Тэндэхийн харьяа юм байна. Тийшээ яв” гэв. Бид сая тэндээс ирж байна. Энд үзнэ гээд явуулсан” гэхэд “Юу яриад байгаа юм. Тийм юм байхгүй. Манайх үзэхгүй” гээд уурласан. Нэг хүүхэн нь нэлээд ааштай юм аа. Тэгэхээр нь бидний бас тэвчээр барагдлаа. Дөрвөн цагаас хойш тав зургаан цаг эмнэлгүүдийн хооронд явлаа. Ямар хэцүү юм бэ. Яаралтай эмчилгээ авах шаардлагатай байсан бол энэ өвчтөн чинь нүд анихаар боллоо ш дээ. Танайхыг л авна гэсэн, миний охиныг үзээд өг” гэлээ. Тэгсэн хүлээн авахынх нь гурван эмчийн нэг нь намайг битгий мангас шиг орилоод бай” гээд загнаад эхэлсэн. Ингээд дуу өндөрсөөд ирсэн чинь цаанаас нэг эмч гарч ирсэн. Тэр эмч нь “Юу болоод байна. Наад камерт чинь харагдаад байна” гэлээ. Тэгээд над руу ирээд “Та яасан юм. Юу болсон юм бэ” гээд асуухаар нь болсон явдлыг л хэллээ. Олон цаг эмнэлгээр явж байна. Үзэхгүй ийшээ яв, тийшээ яв гээд байна гэдгээ хэллээ. Охин маань хөөрхий тэнд сандраад уйлаад байлаа.

-Нэгдүгээр эмнэлэг үзээгүй юу?

-Нэг юм сүүлд гарч ирсэн эмч нь сайн хүн таараад “За одоо та тайвшир. Рентгений эмч нь явчихсан байгаа. Одоо дуудаад ирүүлээдхье. Тэгээд үзээд өгье” гэлээ. Рентгений эмчийг хүлээж байгаад харуулсан чинь зүү нь ходоодон дотроо байна гэсэн. Ходоодон дотор байгаа зүүг дурангийн эмч үзээд авдаг юм байна. Тэгээд дурангийн эмч нь өдөр 15 цагт ажил нь дуусаад явчихаж. Дуудлагаар ирдэг. Төлбөрөө хийнэ гэвэл дуудаж үзүүл гэхээр нь “Төлбөр нь хамаагүй. Эмчийг нь дуудуулаад үзүүлье” гэлээ. Дурангийн эмч нь ирээд дурандсан чинь ходоодон дотор байсан зүү нь алга болчихсон. Дуранг нь оруулаад үзэж байтал алга болчихдог юм байна. Тэгээд одоо яана гэсэн чинь дахиад рентгенд харуул гэлээ. Харсан чинь нарийн гэдэс рүүгээ зүү нь орсон байна гэсэн. “Одоо хоёр хоног харж бай. Өтгөнөөрөө гарах магадлалтай” гэсэн. Зүү чинь эрхтнүүдээ цоолоод зүрх зэрэг эрхтнээ шивчихдэг юм байна л даа. Харин шулуун гэдэс рүүгээ орсон бол аюул нь харьцангуй бага гэж тайлбарласан. Тэгээд бас манай охины залгисан зүү нь оёдлын, ардаа бондгор юмтай зүү юм байна. Тиймээс бусад эрхтэн рүүгээ шивж орох магадлал бага юм байна. Тэр үед чинь цагаан сар болох гээд охин маань ажил дээрээ баахан дээлний захиалгатай байсан.Тэгээд өтгөнөө шалгаж амжаагүй. Хоёр хоногийн дараа эмнэлэгт үзүүлж чадаагүй. Ямар ч байсан гайгүй байх, тэгж байгаад рентгенд харуулна гээд явж байна гэв.

Хуульдаа яаралтай түргэн тусламж авах ёстой өвчтөнг дөрөв ангилдаг байна. Зүү залгисан өвчтөн нэн яаралтайгаар эмнэлгийн тусламж авч үзүүлэх шаардлагатай өвчтөний ангилалд ордог аж. Өөрөөр хэлбэл, өвчтөн аль ойрхон байгаа эмнэлэгтээ хандан яаралтайгаар эмнэлгийн тусламж авах эрхтэй аж. Учир нь зүү нь хүний эрхтнүүдэд шивж орж, гэмтээх, улмаар үхэлд хүргэх аюултай аж. Харин энэхүү өвчтөнг яагаад улсын томоохон эмнэлгүүд хүлээж аваагүй талаар бид дээрх эмнэлгүүдтэй холбогдож тодруулсан юм.

Өвчтөний хамгийн анх хандсан 103 төвтэй холбогдлоо. Баянзүрх дүүргийн 103-ын жижүүрийн эмч Пүрэвдашаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Зүү залгисан хүн түргэн тусламж дуудахад түргэний эмч ирж үзээд авч яваагүй,өөрсдөө Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүл гээд явсан байна. Яагаад тэр өвчтөнг эмнэлгийн машинаар хүргэж өгөөгүй юм бол. Замдаа замын түгжрэлд удаад бие нь муудвал яах байсан юм бол?

-Цагаан сарын өмнө болсон явдал юм байна. Тэр өдөр ямар эмч дуудлагаар очсоныг би мэдэхгүй байна. Тэгэхээр яг юу болсныг тухайн өдөр дуудлагаар очсон эмчтэй холбоо барьж тодруулаад танд 24 цагийн дотор хариу мэдэгдье.

-Гэмтлийн эмнэлэг манайх хүлээж авахгүй, манайд зүүг хайж илрүүлдэг рентген аппарат байхгүй гэж хэлэд буцаасан байна. Гэмтлийн эмнэлэгт рентген аппарат байхгүй юм уу, эсвэл танайх буруу газар руу өвчтөнг явуулсан юм уу?

-Буруу газар руу явуулна гэж байхгүй. Зүүний гэмтлийг уг нь Гэмтлийн эмнэлэг хүлээж авмаар юм аа. Юу болсныг тухайн өдрийн эмчээс нь асууж байгаад хариу өгье.

-Өвчтөн маш олон эмнэлгийн дунд өөрийнхөө унаагаар замын түгжрэлд орж явсан байна. Ингэж явж байгаад замдаа эрсэдвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Эмнэлэг дээр ирсэн өвчтөн түргэн тусламжийн тэрэг дуудаж хүргүүлж болохгүй гэдэг. Дүрмэндээ эмнэлэг дээр ирээд өөр эмнэлэг рүү түргэн тусламжийн машинаар яагаад хүргүүлж болохгүй гэж заасан байдаг юм бол?

-Дүрмэндээ эмнэлэгт очсон өвчтөн түргэн тусламжийн 103 руу залгаж дуудлага өгч, өөр эмнэлэг рүү хүргүүлж болохгүй гэж заасан байдаг. Учир нь тухайн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч өвчтөнг үзээд шаардлагатай эмчилгээг хийнэ. Хэрвээ өөр эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай гэж үзвэл эмнэлгээс машин гаргаж өвчтөнг өөр эмнэлэг рүү шилжүүлж өгөх үүрэгтэй байдаг гэв.

Харин Гуравдугаар эмнэлгийн Яаралтай тусламжийн хүлээн авахын жижүүр эмчээс тухайн өдөр өвчтөнг яагаад хүлээж авч үзээгүйг тодруулахад “Манай рентген аппарат 24 цагийн турш ажилладаг. Хэрвээ зүү залгисан өвчтөн ирсэн бол манайх буцаахгүй. Үзээд шаардлагатай арга хэмжээг аваад явуулах ёстой. Манайд тийм өвчтөнг хүлээж авахгүй гэж явуулах эмч байхгүй. Тэр өдөр хэн гэж эмч жижүүрт байсныг мэдэхгүй байна. Хэрвээ тийм зүйл болсон бол маргааш өглөөний шуурхай хурал дээр энэ тухай танилцуулаад юу болсныг тодруулаад эргүүлээд хариу өгье. Хуулиараа бол зүү залгисан өвчтөнг яаралтайгаар бид үзээд хэрвээ өөр эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай гэж үзвэл манайхаас машин гаргаж бид өөрсдөө хүргэж өгдөг. Манайд өмнө нь зүү залгисан хүн ирж байсан. Тэр хүн сэтгэцийн өвчтэй хүн байсан бөгөөд гурваас дөрвөн зүү залгисан байсан. Бид тухайн үед шаардлагатай арга хэмжээг авсан” гэж тайлбарласан юм.

Дээрх эмнэлгүүдийн эмч нарын тайлбарласнаар зүү залгасан өвчтөнг очсон бүх эмнэлэгт рентген эхо аппарат байсан байна. Мөн хуулиараа ингэж гэмтсэн өвчтөнг аль ч шатны эмнэлэг яаралтайгаар үзэж,шаардлагатай арга хэмжээг авах ёстой аж.

Х.ЦЭНД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *