Манай нэртэй дуучид болох гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, соёлын тэргүүний ажилтан М.Бямбажав нар сая хүүхдийн баяраар тоглолт хийлээ. Багш, шавь хоёрын хослон дуулсан дуунууд хүний сэтгэлд хүрч, хит болдог нь үнэн. Тиймээс тэдний тоглолтыг үзэх хүсэлтэй хүн ч олон байдаг байх. Энэ хүмүүсийн нэг нь миний танил юм. Тэр хүүхдийн баяраар ээжийгээ баярлуулах санаатай Н.Чулуунхүү гавьяат, дуучин М.Бямбажав хоёрын тоглолтын тасалбарыг худалдан авчээ. Тоглолтын нэр нь “Зуу наслаарай ээжээ”.
Рекламыг нь санаж байна уу. Эмэгтэйчүүдийн баяраар зохиолын дуучид “Миний ээж хөөрхөн” гэдэг тоглолт хийдэг. Түүнийхээ рекламыг хийж байгаа нь тэр гэнэ. “Хөөрхөн ээжийгээ дагуулаад ирээрэй” гэж өдөр, шөнөгүй зурагтаар дууддаг. Яг тэр маневраар “Зуу наслаарай ээжээ” гэдэг тоглолтын рекламыг хийчихсэн байсан нь санагдаж байна. Ингээд танил маань энэ тоглолтын тасалбарыг ээждээ аваачаад өгч. Тэгтэл ээж нь “үзэхгүй” гэжээ. Яагаад гэвэл тоглолтынх нь нэрнээс сэжиглэж. Учир нь танилын маань ээж ирэх есдүгээр сард 100 насныхаа ойг тэмдэглэх буянтай буурал билээ.
Өнөө хөгшин “Намайг зуу насла гэж байгаа юм уу. Хоёр сарын дараа 100 нас хүрээд үх гэж байгаа юм уу. Зуугаас илүү насалсны хэрэггүй гэж үү. Тэгээд зуу наслаарай гэдэг тоглолт үзүүлэх гэсэн юм уу” гээд хүүхэд шиг гомдож, нулимс бөмбөрүүлжээ. Өөр юм бодож саналгүй дуучдыг нь хараад тасалбар авчихсан хүүхдүүд нь юу хэлэхээ, яаж аргадахаа мэдэхгүй, баахан сандарцгаасан байна.
Нээрээ л хөөрхий хөгшинд ямар хэцүү байсан бол. Зуугаас илүү наслахыг боддог байлгүй яав гэж. Үр хүүхдүүд нь ч ээжтэйгээ нэг насаараа хамт байхыг хүсдэг байж таараа. Тэгтэл ийм ч юм болох гэж. Үүнээс хойш дуучид минь аливаа тоглолтдоо нэр өгөхдөө бодолтой байгаач. Өөрийн болоод өрөөлийн ээж, аав, ах дүү, найз нөхдийг гомдоох үг битгий олж сонгооч. Хэн нэгний голыг харлуулсан, голыг нь гогдсон, бэлэг дэмбэрэлгүй, ёс зүйгүй муу үг бүү хэрэглээч.
“Зуу наслаарай ээжээ” гэдэг тоглолтын рекламыг хэдэн ээж үзэж, миний танилын ээж шиг голдоо ортол гомдоо бол. Хүн бүрийн ээж “Би зуугаас цааш наслах ёсгүй юм байна. Хүүхдүүд минь төвөгшөөх юм байна” гэж бодсон байх. Хэдийнэ зуу нас насалчихсан, энх тунх ач зээ, гуч дөчөө үзээд налайж суугаа буурайнууд хичнээн байдаг гээч. Удахгүй зуу насны ойгоо тэмдэглэхээр хүүхэд шиг хөөрцөглөж суугаа хөгшид ч ямар их гээч. Гэвч тэднийг зуугаас илүү наслах хэрэггүй, хадан гэр рүүгээ яв гэж хөөгөөд ч байгаа юм шиг яагаад ийм нэр өгчихөв өө.
Өдгөө дэлхий дээр хүн төрөлхтөн 100 насална гэдэг бол юу ч биш болсон. Дэлхийн дундаж наслалт жил болгон өсч байна. Япончуудын тэн хагас нь ахмад настан. Тэр дундаа зуугаас дээш насныхан хэдэн саяараа тоологдож байна. Монголчуудын хувьд ч 100 гэдэг бол жирийн нас болчихлоо. Бид архиа багасгачихвал 100 битгий хэл насална. Ийм байтал яагаад энх тунх яваа зуун настнуудыг бодолгүй сэтгэлийн хөөрлөөр хандав аа.
Биеэ хувааж төрүүлсэн ээжийнхээ ачийг яалаа даа гэдэг дуу байдгийг сонссоноос биш “Ээж минь та зуу насла” гэж даапаалж байхыг дуулаагүй юм байна. Ядаж ээжтэйгээ урт удаан хамт байя гэсэн юм бол мөнх наслаарай гэж ерөөж болоогүй юм уу. Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэдэг. Тиймээс учир мэдэхгүй хүүхэд шиг амандаа орсноо бурж, ярих ярихгүй, хэлэх хэлэхгүй үгээр ээжүүдээ бүү гомдоо. Аливаад ул суурьтай байхыг энэ нийгэм биднээс цаг үргэлж шаарддаг болжээ.
Тэгэхээр монголчууд минь ухаантай байцгаая. Хэлэх үг бүрээ бодож байж амнаасаа гаргацгаая.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ