Categories
мэдээ нийгэм

Зуслан бүр хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй болно

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зуны улиралд ажилладаг 80 гаруй зуслан байдаг бөгөөд үүнээс хүүхдийн амралт, чөлөөт цагийн 60, Олон Улсын хүүхдийн нэг, амралт сувиллын гурав, халамжийн тав, хөдөлмөр амралтын хоёр, гадаад хэлний сургалттай гурав, эко боловсролын хоёр, спорт аяллын дөрвөн зуслан үйл ажиллагаа явуулж байна.

Зусланд амрах хүүхдийн тоо 2008-2010 оныг хүртэлх хугацаанд өссөн ба 2014 онд хүүхдийн тоо тогтмолжиж, эцэг эхчүүдийн зусланд хандах хандлага сайжирсан байна.

Гэвч сүүлийн жилүүдэд зусланд зохиогдох хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн агуулга, зорилго тодорхой бус нь зуслангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, зогсоох эрсдэлд хүргэдэг тохиолдол бий.

Иймд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4- д “Хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжиж, хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг өмчийн хэлбэр харгалзахгүй санхүүжүүлэх журам батлах” тухай заалт тусжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.5. дахь зорилтод Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ хэмээн туссан. Тиймээс зуслангийн хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхийн тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ.

Уг хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийг хөгжүүлэх, амьдрах ур чадварт сургахад чиглэсэн байх бөгөөд зуслан бүр өөр өөрийн онцлогийг харуулсан хөгжлийн хөтөлбөртэй байж хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн тэднийг зөв амьдрах арга дадалд сургахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *