Categories
мэдээ цаг-үе

Зүрх уулын зүрхэн талд сүндэрлэх “Майдар хот”-ын бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ

“Майдар цогцолбор”-ын ажил үргэлжилж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Наймдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан нь дэлхийн экологийн жишиг “Майдар хот” сүндэрлэх том алхам болсон. “Майдар хот” төсөл 2009 онд эхэлж, 2012 оноос хойш судалгаа шинжилгээ, хот төлөвлөлтийн ажил хийгдэн дууссан талаар “Майдар хот” төслийн удирдагч Л.Баяртуул хэлсэн юм. Бид “Майдар хот” сүндэрлэх Төв аймгийн Сэргэлэн сумын нутгийг зорих замд ийн яриа өрнөж буй хэрэг. Нийслэлээс 50 км яваад Сэргэлэн сумын нутаг Зүрх уулын өвөрт ирлээ. “Майдар хот” сүндэрлэнэ, сүндэрлэхгүй гэсэн явган яриа өнөөдрийг хүртэл бидний амнаас ам дамжин яригдаж байна. Засгийн газар нэгэнт шийдвэрээ гаргаж 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тул ирэх оноос бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхлэх нь нэгэнт тодорхой болсон байна. “Майдар хот” төсөл нь эдийн засгийн хөгжлийн хувьд тогтвортой, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан хүрээлэн буй орчиндоо ээлтэй, байгалийн нөөц баялагт хэмнэлттэй хот болох зорилго тавиад байгаа юм. “Майдар хот” төсөл хэрэгжсэнээр орчин үеийн хот байгуулалтын хамгийн шилдэг технологид суурилсан Монголдоо төдийгүй Азийн бусад орнуудад жишиг хот болно гэдгийг гадны архитекторууд онцолсоор ирсэн.

Өнөөгийн Улаанбаатар хотод хагас сая хүн амьдрахаар анх төлөвлөгдсөн ч одоо 1.5 сая иргэн амьдарч хотын даац хэдийнэ хэтрээд байгаа юм. Тиймээс “Майдар хот” сүндэрлэснээр 300 мянган иргэн тэнд байнгын оршин сууж, ажиллаж амьдрах боломжтой гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа. “Майдар хот”-ын ерөнхий төлөвлөгөөг Германы нэрт архитектор Штефан Шмиц гаргахдаа тус хот бие даан дангаараа хөгжихгүй. Төв аймгийн төв Зуунмод хоттой хамтдаа хөгжих дахин төлөвлөлтийг гаргасан талаараа өмнө нь хэлж байсан билээ.

Тус хот улс төр, соёл урлаг тэр дундаа кино үйлдвэр, аялал жуулчлалын шинэ төв болж, их сургууль, хотын захиргаа, Олон улсын байгууллагууд, Засгийн газрын ордон, музей баригдахын сацуу хурдны зам тавигдана. “Майдар хот” руу зүүн талаас нь буюу Улаанбаатараас Налайхаар дамжин очиход 55 км, баруун талаар буюу Төв аймгийн Зуунмод хотоор очвол 50 км замыг туулах юм. Ингэснээр дэд бүтцийн хувьд Улаанбаатар, Зуунмод, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудалтай нягт холбогдсон төвийн бүсийн дахин төлөвлөлтийн нэг хэсэг болон сүндэрлэнэ. Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах бүхий л нөхцөл бололцоог хангах тал дээр зургаан жилийн турш ажилласнаа төслийн удирдагч Л.Баяртуул хэлж, хотын ерөнхий төлөвлөлтийн зургаа үзүүлсэн юм. “Майдар хот” Монголын баячууд биш Монголын ард түмэн жирийн иргэд амьдрах тал дээр анхаарч үнийн хувьд харьцангуй боломжийн байхаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд хүн ам, эдийн засаг, цаг уурын нөхцөлийг дээд зэргээр тооцож, эрчим хүчний эх үүсвэр, цэвэр, бохирын усны суваг, ногоон байгууламж зэргийг анхаарч байгаа аж. Хотын эрчим хүчний дийлэнх хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар болсон нь нэг дэвшил билээ. Биднийг очиход “Майдар хот”-ыг эрчим хүчээр хангах салхин парк ажиллаж байсан юм. Барилга байгууламжууд нарны эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн байна.

Зүрх уулын өвөрт “Их Майдар сан”-гаас хэрэгжүүлж буй “Майдар цогцолбор” бурхны 54 метр хөшөө, 108 метр өндөр суварган цогцолборын карказын ажил явагдаж байв. Ирэх онд бүрэн ашиглалтад орно гэдгийг тэнд ажиллаж буй хүмүүс хэлж байлаа. Бразилийн Есүс христийн хөшөө 39, Цонжин болдогийн Чингис хааны хөшөө 40, Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөө 46 метр билээ. Эдгээрээс Америкийн Эрх чөлөөний хөшөөг үзэхээр жилдээ гурван сая жуулчин Нью-Йоркийг зорин ирдэг. Түүнээсээ 75 сая ам.долларын ашиг олдог гэсэн тооцоо бий. Тэгвэл 54 метр өндөр, Ази тивдээ томоохонд тооцогдох Майдар бурхны хөшөө Зүрх уулын зүрхэн талд сүндэрлэж, аялал жуулчлалын томоохон бүс болох учиртай. “Майдар цогцолбор” жуулчдыг татах төв болохоос гадна уран барилгын маш том ажил гэж байсан юм. Гэхдээ “Майдар цогцолбор” нь “Их Майдар сан”-гийн ажил бол “Майдар хот” төсөл нь тусдаа гэдгийг ойлгох ёстой юм билээ.

“Майдар” бурхан нь эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болдог тул энэ хэлбэрээр нь хотыг хөгжүүлэх бодлого барьж байгаа гэдгийг төслийн багийнхан хэлж байсан юм. “Майдар цогцолбор” нь хотын төв хэсэг болох юм байна. Хотын гадна болон дотор хөдөө аж ахуйн бүс нутгийг хөгжүүлснээр хотын иргэд экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ. Түүнчлэн өөрийн гэсэн онцлог шинж, дүр төрх бүхий дүүргүүдийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, худалдааны болон оршин суугчдын хэсэгт автомашингүй бүсийг бий болгож, хотын баруун урд талд урлагийнхны дүүрэг байна гэв. “Майдар хот”-д таван давхар орон сууцнаас дээш барилга байгууламж сүндэрлэхгүй тул барилгууд нэгнээ нарны шууд тусгалаас халхлахгүй гэж байлаа. Өнөөдрийн Улаанбаатар хотын дүр төрх өндөр, нам барилгуудаасаа шалтгаалан стандарт бус болчихоод байгаа аж. Ядаж л замын уулзвар дээр сүндэрлэх 10-аас дээш давхрын барилгууд нь хүрээлэн буй орчныг халхалж хүн амьдарч буй орчиндоо юу болж байгааг харж мэдрэмжтэй амьдрах ёстой ч энэ бүхэн “0” заачихсан нийслэлд шинэ жишиг тогтоох юм байна. Зөвхөн нар үзэх цонх хэрэгтэй гээд манайхан урагшаа харсан, эсхүл хойшоо харсан цонхтой орон сууц барьж байгаа нь хүн амьдрахад зориулаагүй гэдгийг төслийнхөн танилцуулгынхаа явцад хэлж байв. Хэн дуртай нь олдсон газраа хүссэн байшингаа барьдаг бол “Майдар хот”-ын орон сууцнууд үүнээс эрс ялгаатай. Өнөөдрийн Улаанбаатарын дүр зураг нэг айлын гал тогоог 10 мужаан ирээд угсарч байгаа мэт тийм сэтгэгдэл төрүүлдэг. Үүнээс салах ёстой гэж байлаа.

Тус хотод экологид ээлтэй технологиудыг бүрэн ашиглахаар тусгаад байгаа аж. Өвлийн цас, зуны хур борооны усыг цуглуулан механик болон биологийн аргаар цэвэршүүлэх байгууламж давхар баригдах юм байна. Уг усаараа хиймэл нуур үүсгэн иргэдийн амралт, чөлөөлт цагийн бүсийг байгуулахаас эхлээд төлөвлөгөөнд олон зүйлийг тусгаж өгчээ. Ундны усны зохисгүй хэрэглээг багасгах зорилгоор ариун цэврийн болон цэцэрлэгжилт, автомашин угаалгад дахин боловсруулсан саарал усыг ашиглах юм. Мөн дахин боловсруулсан саарал усыг мал аж ахуй, газар тариалангийн зорилгоор хүлэмжийн усалгаанд ашиглахаар болжээ. Хүн төрөлхтөн анх удаа хот барих гэж байгаа биш өмнө нь алдсан алдаануудыг шинэ хотын бүтээн байгуулалтдаа гаргахгүй байхаар зураг төслөө боловсруулсан байна. Түүнчлэн нийслэлд замбараагүй тархан суурьшсан шиг уулын оройгоор бүтээн байгуулалт хийхгүй бөгөөд байгалийн онгон дагшин байдлыг авч үлдэхээр төлөвлөжээ. “Майдар хот”-ыг Төв аймгийн Зуунмод хотын иргэд “Ирээдүйн хот” гэж нэрлэх болсон байна. “Майдар хот” зөвхөн өнөө үеийн эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялгийг өвлөн үлдээхэд чухал үүрэгтэй гэдгээрээ онцлог.

Майдар хотын ерөнхий төлөвлөлт

“Майдар хот”-ын бүтээн байгуулалтын ажилд оролцохоор гадны хэд хэдэн компани өөрсдийн саналаа өгөөд байгаа аж. Газрын асуудал нэг талдаа шийдэгдсэн болохоор ирэх онд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг “Майдар хот” төслийн удирдагч Л.Баяртуул хэлж, зургаан жилийн судалгаа, төлөвлөгөөгөө бодит ажил хэрэг болгоно гэж байв. “Ерөнхий төлөвлөлтийн зурган дээрх хотоо өөрийн сэтгэлдээ аль хэдийнэ сүндэрлүүлсэн шүү” хэмээн төслийн багийнхан инээмсэглэн ярьж байсан юм. Улаанбаатар хотын жишиг дагуул хот болон сүндэрлэх ч дэлхий нийтийг дагуулсан жишиг хот болгохоор төслийн багийнхан цаг наргүй ажиллаж байгаа юм билээ. Ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил эхэлж, ид үед 12 мянган ажлын байр бий болох юм байна. Барилгын ажиллагсдын хоол унд, унаа тээвэр, үйлчилгээг дагасан 30 мянган шууд бус ажлын байр бий болно. Ажиллах хүч, хоол хүнс, бараа материалыг Төв аймгийн сумдаас болон Зуунмод хотоос хангах аж. Тус хотын нэг онцлог нь хөл хөдөлгөөн бүхий төв гудамж дагуу “Ногоон гудамж”-ууд баригдана. Ногоон гудамжаар хувийн хэрэгцээнд ашиглаж болох нийтийн эзэмшлийн автомат жолоодлоготой машинаар зорчих боломжтой. Хотын хүн амын нягтаршил ихтэй бүсүүдэд ногоон гудамжууд нь автомашины замтай огтлолцохгүйгээр газрын гадаргуугаас зургаан метр дээш өргөгдсөн байх юм. Энд явган зорчигч болон дугуйтай иргэд давуу эрх эдлэх юм байна. Ногоон гудамжуудын зарим хэсэг нь шилэн дээвэртэй байх бөгөөд өвлийн улиралд иргэд салхилж байхдаа цас, мөсөнд халтирахгүй байх давуу талтай аж.

“Майдар хот” төслийн төлөвлөлтийг “RSAA” компани гаргасан бөгөөд эрчим хүчийг “Transsolar”, Зам тээврийг “Ramboll”, Усан хангамжийг “KRAFT” компани хийсэн байна. Олон улсын “DGNB” байгууллагын зүгээс байгаль орчныг хамгаалах, байгальд ээлтэй, хүлэмжийн хийг багасгах шалгуурыг хангасан төлөвлөлт болсон тул Эко хотын гэрчилгээг “Майдар хот” төсөлд олгосон аж. Энэ хүрээнд олон улсын эко хотуудын чуулга уулзалтад “Майдар хот” төслийн талаар байнга жишээ болгон ярьдаг болсон юм. Хот сүндэрлэснээр нийслэлийн бүх салбарын ачааллыг бууруулж, төвлөрлийг сааруулан, хөгжлийг орон нутаг руу шилжүүлснээр үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч, ажлын байрны түрээс ч эрс багасах учиртай. Ингэснээр орон сууц, ажлын байртай болох бага, дунд орлоготой иргэдийн хүсэл бодитой болж, Төв аймгийн хөгжил, иргэдийн ахуй амьдрал, ажил орлогод нааштай нөлөө үзүүлэх юм билээ. Ирэх оны өдийд их хотын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна гээд бод доо.

Хиймэл нуурын эрэгт хотын иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой болно

Ямартаа ч таван Засгийн газрын нүүр үзсэн уг төсөл хэрэгжих бүрэн боломжтой болсон гэдгийг дуулгая. Зургаан жилийн судалгааны явцад Техник эдийн засгийн үндэслэл нь бүрэн дуусаагүй байсан тул Засгийн газраар асуудал оруулахад эрт байсан юм. Одоо төлөвлөлт хийгдсэн болохоор ажил хэрэг болгохоор ийнхүү ажиллаж байна. “Майдар хот”-ын газарт одоо айл өрх байхгүй гэдгийг төслийнхөн хэлж байлаа. Биднийг очих замд айл хунар харагдсангүй. Гурван малчин айлын өвөлжөө байсан тул малчидтай уулзаж ярилцсаны дүнд тэд “Нутаг оронд маань ийм том бүтээн байгуулалт хийгдэх гэж байхад бид энд тушаа болоод юу гэхэв. Та бүхний ажлыг дэмжээд нутаг сэлгэн бууна” гээд газрыг нь сайн дураараа чөлөөлж өгчээ. “Майдар хот” дөрвөн үе шаттай хэрэгжих бөгөөд нийтдээ 40 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай байгаа юм. Эхний үе шат болох таван жилийн төлөвлөгөөт ажлаа явуулахад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруу-лалт шаардлагатай бөгөөд эхний шат дуусахад 80-100 мянган оршин суугчтай болно гэдгийг Л.Баяртуул онцолсон. Түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн сумын иргэд “Бид морь уях дуртай хүмүүс. Тиймээс морин тойруулга барьж өгөөрэй” гэсэн хүсэлтийг харгалзан үзэж морин тойруулга барихаар төлөвлөгөөндөө тусгажээ. Улаанбаатар хотын замын түгжрэлд их, дээд сургуулийн оюутнууд нөлөө үзүүлдэг гэдэг судалгаа бий тул тус хотод 5000 оюутан амьдрах хүчин чадалтай оюутны хотхон барина. Улмаар их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх эхний алхам хийгдэнэ гэж үзжээ. Хотын төвд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аж үйлдвэрийн бүс баригдах гэнэ. Монгол Улсад ирсэн жуулчид болон албаны шугамаар яваа хүмүүс Майдар бурхны хөшөөг үзэхийн сацуу музейгээр зочилж Монголын түүхтэй танилцах боломжтой юм байна. Хотынхоо нэг дүүргийн орчин үеийн технологийн ашигласан гэр сууц болгох бөгөөд монголчуудын соёлыг түгээнэ хэмээн үзэж байгаа аж. Тиймээс төр засгийн зүгээс дэмжлэг, оролцоо хамгийн чухал гэж байсан. Дэлхийн хүн ам цаг, минут, секунд бүрт хотуудын хүн ам болжээ. Хүн амын өсөлттэй холбоотойгоор дэд бүтцийн салбарт ойрын ирээдүйд асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Дэлхийн хүн амын дөрвөн тэрбум нь зөвхөн хотуудад төвлөрөн суурьшсан бөгөөд 2030 он гэхэд 1.5 тэрбумаар нэмэгдэх судалгааг НҮБ-аас гаргаад байгаа билээ. НҮБ-ын судалгаанаас харахад нэн тэргүүнд таван сая хүртэлх оршин суугчтай хотуудад хамгийн их ачаалал тулгарна гэж тооцсон гэнэ.

Нүүдлийн соёл иргэншлээс суурьшлын соёлд суралцаж яваа монголчуудын хувьд “Майдар хот” маргаашийн өнгийг тодорхойлж таарах нь. Ямартаа ч “Майдар хот” ирэх жил бүтээн байгуулалтын ажлаа эхлэхээр болж, “Их Майдар сан”-гийн “Майдар” бурхны хөшөө ирэх онд бүрэн дуусах сайхан мэдээг “Майдар хот” төслийн багийнхан хэлж байсан юм. Есдүгээр сарын намрын хонгор салхин дор бүтээн байгуулалтын их ажлын өмнөх яриа ийн өрнөсөн бол энх цагийн бэлгэдэл болсон “Майдар хот”-доо иргэд халуун ам бүлээрээ, амар амгалан амьдрах цаг удахгүй байх болтугай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *