“Нэг ангийнхан” буландаа С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургуулийг төгссөн ангийнхныг сонголоо. Мянга есөн зуун ерэн дөрвөн оны есдүгээр сард баруун дөрвөн замын Барилгын техникум дээр байрлах тухайн үедээ Дорно дахины утга зохиолын их сургууль нэртэй байсан сургууль дээрээ хэл, бичгийн шалгалт өгч тэнцсэн хорь гаруй охин, дөрөв таван хөвгүүд билээ, бид. Манай сургуулийн захирал Монголын их зохист аялгууч С.Жамьянгаравын зээ хүү Пүрэвдорж, сургалтын албаны дарга нь соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын судлаач, шүүмжлэгч доктор, яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадорж нар байлаа.
Бидэнд оюуны их авшиг жинангаа хайрласан номын гэрэлт багш нар маань гэвэл их соён гэгээрүүлэгч, Монголын өмнөө барьдаг нэрт түвдэч, доктор, профессор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба, Пүрэвийн Хорлоо, ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, С.Байгалсайхан, Шашны сургуулийн багш доктор Ш.Сонинбаяр, Буддын шашны багш Ч.Сүхцэрэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, хожим “Чингэс хаан” дээд сургуулийг үүсгэн байгуулсан түүхийн ухааны доктор Хөгөлбөөний Лхагвасүрэн, “гоо зүйн” хэмээн овоглогдсон Содовын Баясгалан, “Фараон” романыг орчуулсан Ч.Догсүрэн, “Дөлгөөн Дон”-ыг хөрвүүлсэн Б.Дашцэрэн нарын Монголын утга, соёлын томчууд юм. Биднийг гуравдугаар курст байхад яруу найрагч Сүхбаатарын Батмөнх сургуулийг удирдах болсноор Гончигсүм, Л.Баясгалан багш нар ч бидэнтэй аав, ээж мэт халамж хайраар хандах болсон билээ.
Намар хичээл эхэлсэн өдрөөс бид өрнө, дорнын гайхамшигт утга зохиолтой танилцаж, миний хувьд чухамдаа нэг оюуны цэнгэлэдэлж эхэлсэн гэхэд болно. Дашбалбар багш маань төрийн их албаны хажуугаар бидэнд хичээл орохоос гадна долоо хоногийн гурав дахь өдөр болгон Л.Түдэв, Ч.Галсан, П.Пүрэвсүрэн нарын мундаг зохиолчидтой уулзуулж, яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Т.Содномнамжил, Д.Ган-Очир зэрэг шавь нар нь даган ирж шүлэг зохиолоо уншин, заримдаа халуун маргаан дэгдээх ч удаатай. Манай ангийн охидын олонхи нь хөдөөнийх. Харин хөвгүүд нь надаас бусад нь хотынх. Зээрийн янзага шиг зэгзийж зэрмийсэн цагаан охин ам хэл гэж дийлдэхгүй, дэлхийн сонгодгуудыг ч их уншсан бололтой, их гал аа гал. Хөвгүүд маань надаас бишид нь тэр охинд дурлаж орхив. Намайг яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгийг уншихаар мөнөөх охин их л дургүйлхэж, нэг өдөр хоорондоо ана мана үзэж тарав. Тэгэхнээ тэр миний хүндэлж явдаг агуу их яруу найрагч Очирбатын Дашбалбарын ууган охин Мөнгөндалай байсан юм санж. Би угаас эл сургуулийг сонгохдоо О.Дашбалбар хичээл ордог гэдгийг сонсоод шууд орсон байсан юм. Мөнгөндалай маань одоо “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах тоймчдын албаны даргаар ажиллаж байна. Зовох, жаргах хүмүүний орчлонд сэтгэл зүрхний гэрэл гэгээгээ хайрладаг найз минь миний багшийн охин байдаг билээ л. Шавираачийн Алтангэрэл хэмээх өтгөн хар халимагтай өндөр цагаан хөвгүүнтэй үй зайгүй нөхөрлүүлсэн оюутан ахуй цаг минь. Гэрлээ, Мөнгөө хоёр гэж манай сургуульдаа л гайхагдсан сайхан хосын хайрын түүхийг Ромео, Жульетта жүжгээс ч илүү би мэднэ. Нийслэлийн “Дөрвөн уул” радио, ЭМЯ-ны телевиз радиогийн редактор сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлсэн Алтангэрэл анд маань одоо үндэсний эрүүл мэндийн “Like” HD телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Нэгэн үе тэрээр УИХ-ын гишүүн О.Дашбалбарын туслах, зөвлөхөөр ажиллаж байв. Гэрлээгийн маань ээж Увсын дөрвөд хүн. Цэвэр нутгийн аялгаараа дуржигнуулна. Үе үе тэднийд очиж Дууяа эгчийн яриаг сонсох мөн ч дуртай сан. Даваадоржийн Баяраа бол аав нь Сангийн яаманд ажилладаг, өөрөө утга зохиолд төдийлөн дуртай биш тийм хөвгүүн.
Хатанбаатар эмчийн хамаатан эл хүүгээс хүн байхын гэгээн мөн чанарыг олонтаа олж харсан сан. Дархан хотоос ирсэн Ганболдын Анхбаярыг анх харсан даруйдаа бид “Зургаан нүдэт” гэж хоч өгч байж билээ. Хар өнгийнхийг нь дээш сөхүүт харааны шил болдог нүдний саравчаа тэр байнга духан дээрээ тохож явдаг болохоор ийн нэрлэсэн хэрэг. Анхаа англи, түвд, орос хэлийг сайтар сурсан, мундаг гүүш болохоор хэлний авьяастан байсан. Дарханы “Лха” телевизийн захирлаар ажиллаж байгаад “Hos dog” хувийн студи байгуулан туурга тусгаарласан. Анхаа их хөдөлгөөнтэй, бас алиалагч шиг элдэвлэх дуртай нэгэн байсан бөгөөд нэгэнтээ самбарын өмнө гар хуруугаа гозолзуулан, хэл амаа гарган янз бүр болж охидын элгийг хөшөөх шахаж байтал Балбар багш ороод ирлээ. Анхаа мэдсэн шинжгүй бүүр янз бүр болж байтал багш амбаардчихлаа. Сандарч гайхсан мань эр самбарын өмнөөс арын ширээ хүртэл үсэрч бидний элгийг авах шахсан сан. Манай ангид шүлэг уран зохиолд шүлэнгэтэн дурлагсад нь ангийн дарга Хургаагийн Сүглэгмаа, Анандын Байгалмаа бид хэд байв. Хожим “Монголын үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар олон жил ажилласан, яруу найрагч Л.Өлзийтөгсийн төрсөн дүү Лувсандоржийн Эрдэнэмаа утга зохиолын талаарх яриа хөөрөөнд их элгэмсүү оролцоно. Түүнийг шүлэг бичдэг байсан байх гэж одоо ч бид харддаг юм. Тэрээр одоо Үндэсний бүтээн байгуулалтын корпорацид Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна.
Ангийн дарга Х.Сүглэгмаа маань дипломоо “Хуульч Сандаг” эрдэм шинжилгээний өгүүллээр онц хамгаалснаас хойш “Их Монгол”, МУИС-ийн харьяа Улаанбаатарын их сургуульд багшилж яруу найргийн “Буйд газрын шүлгүүд”, “Цаг хугацааны дэргэд”, “Нүүдэл” түүврүүд хэвлүүлж, “Монголын уран зохиол дахь “Үг” зохиолын төрөл зүйл”, “Халхын Хуульч хэмээх сэцэн Сандаг”, “Очирбатын Дашбалбар” зэрэг жинтэйхэн эрдмийн бүтээлүүд туурвиж, Өвөрмонголын эрдэмтэн Хишигтогтохын “Монголын эртний уран зохиолын шинэ судлал”, Ван Мандугаагийн “Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэл” бүтээлүүдийг худам монгол бичгээс хөрвүүлээд байгаа юм. Яруу найрагч Х.Сүглэгмаагийн “Бурханаас нуусан амраг” дууг мэдэхгүй монгол хүн цөөхөн байх. Гавьяат жүжигчин Чулуунчимэгийн “Ээждээ дээжлэх дуу” ч түүний бүтээл. Сүглэг маань эрдмийн бүтээлээрээ докторын зэрэг хамгаалж, яруу найрагчийнхаа хувьд их зохиолч Д.Нацагдоржийн шагнал хүртсэн манай нэртэй уран бүтээлч билээ.
Догшин ноён хутагт Данзанравжаагийн ус нутаг дорнын говийн уугуул охин Анандын Байгалмаа “Эрхэсийн салхи” яруу найргийн түүврээрээ диплом хамгаалахад удирдагч багшаар ажилласан яруу найрагч О.Дашбалбар нь “Гэгээн бурхны ариун өглөг хүртсэн бүсгүй” гэж адислан ерөөсөн байдаг. А.Байгалмаа Монголын радиогийн “Хурд” агентлагт редактор, Гадаадын иргэн харьяатын газарт хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах зуураа дээр нэр дурдсан номоос гадна “Бурхан нуусан нүд” түүвэр, “Гэгээн сонор” дуу, шүлгийн цомог гаргасан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч юм. Тэр “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингэс хааны дүрээр олны танил болсон гавьяат жүжигчин А.Энхтайвантай “Санасан шүү, чамайгаа” дуу зохиож, “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” ,хөгжмийн зохиолч Чинбаттай “Уучил”, гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Эвийн хоёр хайр” зэрэг олон сайхан дууны шүлгийг зохиосон авьяасын гэрэлт найрагч юм. Намуун уянгын гэрэлт найрагч Байгалаа эгч маань эдүгээ Дорноговь аймгийн номын сангийн эрхлэгчийн алба хашиж буй. Түүний “Эр хүн чинь уйлдаггүй юм аа, элгэн хад нурдаг юм аа” гэдэг шүлгийг манай хөвгүүд мөн ч олон удаа хамтран уншиж явсан даа.
Манай ангийн С.Оюун Бакула Ренбүүчийн хийдэд, Б.Оюунбилэг Баянхошууны хийдэд тус тус буяны үйл эрхэлж, Д.Энхсайхан гэж Завхан нутгийн охин Улсын цаг уурын хүрээлэнд нягтлангаар ажиллаж байгаа. Л.Энхмаа, Ш.Отгонбаяр, Б.Дулмаа нар ерөнхий боловсролын сургуульд түмний хүүхдэд эрдмийн гэгээ түгээж, Ц.Отгонтуяа, Н.Батжаргал нар хувиараа хөдөлмөр эрхэлж, Д.Намхайдорж, Н.Хандсүрэн, И.Уранчимэг нар хилийн чинадад ажиллаж амьдарч байна. Манай ангид МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Доржсэмбэ, сэтгүүлч Г.Машбат болон яруу найрагч Р.Эмүжиний ах Р.Соёлсайхан нар нэгэн үе суралцаж байсан. Ерэн найман оны хоёрдугаар сард хонхны баяраа хийхэд О.Дашбалбар багш маань Зуун айл дахь гэрт маань цэнхэр гитартайгаа ирж, ангийнхан маань шөнөжин дуулж хуурдаж байсан тэр л гэгээн дурсамж өнөө ч сэтгэл зүрхэнд дотнохон байна.
Л.БАТЦЭНГЭЛ