– ӨГҮҮЛЛЭГ –
Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр «шийдэх л хэрэгтэй» гэж сэтгэлдээ бодож суулаа. Банзар гэртээ харилгүй бараг долоо хонож байгааг эхнэр нь мэднэ. Хийж яваа балагт явдалдаа сэтгэл нь будлин, шаналж шаналж сүүлдээ тэр «шийдэх л хэрэгтэй» гэдэг ганцхан юм л боддог болжээ.
Цээнээ аяга сав угааж гүйцээд нойтон гараа арчсаар Банзарын сууж байсан өрөөнд орж ирэв. Банзар дуулж байснаа больж суудал дээрээ эргэн Цээнээгийн өөдөөс хараад «энд суу!» гэж өвөр дээрээ гараа тавив.
-За би гараа арчаадахъя, гэж Цээнээг түдгэлзэн байтал гадна үүд тогших чимээ гарлаа. Банзар Цээнээ хоёр нэгэн зэрэг үүд рүү харж чимээ чагналаа. Дахиад тогшлоо. Цээнээ гайхсан янзтай Банзар руу нүдээ том болгон харж «Хэн болоо?» гэж шивнэн асуув. Банзар «яадаг юм, очоод асуу» гэж мөн шивнэн хэллээ.
Цээнээ үүдэнд очоод чимээ чагнан зоссоноо үүд дахин тогшиход,
-Хэн бэ? гэж асуув.
-Би байна аа гэх эмэгтэй хүний дуу гарлаа. Эрт орой нэгэн цагт учрах ёстой байсан зүйл ёсоороо учрах нь энэ. Банзар Цээнээгийнхээр орогнон, хонож өнжих болсноос хойш сар гаруй болжээ. Гэвч сүүлийн энэ долоо хоног шиг ингэж улайм цайм хэд хоног дараалан орон гэрээ орхиж байсангүй. Бас энэ хугацаанд эхнэр нь ч түүнийг мөрдөн мөшгөж хөөцөлдсөнгүй.
«Одоохондоо миний байгаа газрыг мэдэхгүй байгаа. Нэг л цагт тэр сүр хийтэл ороод ирнэ байх» гэж Банзар сэтгэлдээ ёрлон хүлээсээр байжээ. Ёстой юм ёсоороо болов.
Цээнээ хулгана руу гэтэж яваа муур шиг чимээ гаргалгүй алхалсаар Банзарын дэргэд буцаж ирээд чих рүү нь ойртон тонгойж
-Яахав? гэж сэмхэн асуув.
-Тайл, тайл гэж Банзар эрүүгээрээ үүд рүү заав.
-За яршиг хэсэг балбаж байгаад л буцна биз. Би л тайлахгүй гээд Цээнээ орон дээрээс цагаан даашинз авч яаруу өмсөв.
Үүд тогших чимээ нэг дуулдаад түр намдлаа. Тэгснээ дахиад сонсогдов.
«Ороод ирнэ. Юу гэж хэлэх гэж байгаа бол» гэж бодож суусан Банзар гэнэт уур нь хүрэх шиг болж Цээнээ рүү хараад,
-Яадаг юм тайл гэв.
-Нэг их хэрүүл шуугиан болох юм биш байгаа?
-Болбол болог. Ямааны мах халуун дээрээ гэж харин сайн юм боллоо. Түргэн шийдэж, олон юм яривал хүчээр түлхээд гаргачихгүй юу гэж хэлээд Банзар пиджакныхаа товчийг тайлан үүд рүү явснаа,
-Тайллаа шүү, Цээнээ гэж хэлэв. -Би энэ рүү орчих уу? гэж Цээнээ инээмсэглэн хэлээд нүднийхээ булангаар хувцасны шүүгээ рүү харав.
-Хэрэггүй ээ, чи зүгээр эзэн хүн шиг сууж бай. Гэртээ байгаа хүнийг хүн яадаг юм. Яривал надтай ярина биз. Би чамайг яасан ч доромжлуулахгүй гэж Банзар хэлэхэд Цээнээ,
-Тэгвэл би тайлъя гэв.
Банзар өнөөх дуу дуулж суусан мухрын өрөө рүү ороод ширээний ард суух гэснээ үүд рүү чимээ чагнан тасалгааны голд зогсов.
Цээнээ очиж үүд нээгээд,
-Танд юу хэрэгтэй вэ? гэж асууж байгаа дуулдлаа. Орж ирсэн хүн, өөрөөр хэлбэл Банзарын эхнэр Рэгзэдмаа,
-Банзартай уулзъя гэж хэлээд хэзээний мэддэг юм шиг Банзарын байж байгаа өрөө рүү шууд алхлав.
Рэгзэдмааг орж ирэхэд Банзар Цээнээгийн орны өмнөх явган сандал дээр суучихсан байлаа. Рэгзэдмаа босго давмагц өрөөний доторх байдлыг тойруулж нэг ажиглаад Банзар руу алхам ойртож өөдөөс нь ширүүн харцаар ширтэн зогсов. Банзар Рэгзэдмаа руу эгцлэн харж чадсангүй.
Цээнээ Рэгзэдмаагийн хойноос орж ирээд хаалга аяархан хааж хажуугаараа хана налан зогсов. Рэгзэдмаа Банзараас үг сонсоно гэж найдсан янзтай, доош гудайлгасан толгой руу нь ажиглан, цухалдуу амьсгаадсаар хэсэг зогслоо. Тэр дуугарсангүй.
Цээнээ гараа элгэндээ зөрүүлж зогсоод Рэгзэдмаагийн араас ажиглах зуур үе үе Банзар руу харж доод уруулаа хазлан нүдээрээ инээмсэглэнэ.
Хэн нь ч үг дуугарч чадалгүй ийнхүү хэдэн минут өнгөрлөө.
Банзар гэнэт сууж байсан сандлаа шажигнуулж, үсээ хойш нь илээд өндийснөө, Рэгзэдмаагийн нүүр рүү бас л харж чадсангүй. Цээнээ рүү баяргүй харцаар нэг хараад дахин доош харав.
«Гутал руу нь их харж байна. Оймс нь урагдчихаа байх даа» гэж Банзар сэтгэлдээ Рэгзэдмаагийн тухай бодоод нүүр халах шиг болж яльгүй улайлаа.
Энэ гурван хүн цаашид дуугүй зогсоцгоогоод байх нөхцөлгүй болов. Хэн нэг нь заавал дуугарах хэрэгтэй боллоо.
Рэгзэдмаа тасалгаанд байгаа хэнд ч дуулдахуйц гүнээр амьсгаа аваад:
-Чи юу хийж байгаа юм бэ? гэж ам нээв.
-Сууж л байна, гэж Банзар эгдүүтэй хариулаад яах гээв гэсэн янзтай өөдөөс нь муухай харав.
Рэгзэдмаа Цээнээ рүү эргэж нэг харснаа
-За явъя, Банзар аа харья гэж хэлээд ухран үүд рүү ойртож зогсов. Тэгэхдээ огт уурлаж уцаарласан шинжгүй, гэртээ байж байгаад хамт юманд явахаараа «За явъя, Банзар аа» гэж хэлдэгтэй яг адилхан зөөлхөн энхрий дуугаар хэлжээ.
Рэгзэдмаа их хүч гаргаж байж энэ үгийг хэлсэн нь байшингийн хананд хүртэл мэдэгдэх шиг боллоо. Цастай, бороотой, баяртай, яаруу, гэрт гадаа, орон дотор, эзгүй талд, олны дунд, аминч хоёулхнаа янз бүрийн цагт олонтоо сонсож, чихэнд нь ижил дасал болсон хуучин ханийн дуу Банзарт маш ойрхон, бараг зүрхэн дотор нь ийнхүү дотно сонсогдсонд баярлах шиг санагдав. Хэрүүл маргаанд зэхэж суусан хамаг хорон сэтгэл Рэгзэдмаагийн энэ дуунд юу ч үгүй хайлаад явчих шиг боллоо.
-Явъя аа явъя! гэж хэлээд Банзар босож орны хөл дээр тохоостой байсан цуваа авч үүд рүү гэлдрэв. Цээнээ байрнаасаа хөдөлсөнгүй. Тасалгаанд цохилж байсан ганц цагны чимээ үүд хаагдах хүртэл сонсогдсоор байлаа.
Банзар Рэгзэдмаа хоёрыг гудамжинд гарчихсан хойно Цээнээ өнөөх цав цагаан даашинзтайгаа гуравдугаар давхрын тагтан дээр гарч ирээд тэр хоёрын хойноос «Баяртай» гэж чанга хашгирав.
Энэ үгийг сонссон Рэгзэдмаагийн сэтгэл хэзээ ч цэлмэшгүй нууц гэм хийчихсэн юм шиг гэртээ харин харьтал Банзарт ганц ч үг хэлж чадалгүй хөмсгөө зангидан хоолой нь зангирч явжээ.