Энэ лхагва гаригт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар “Хүүхдийн баяр”-ын өдөр буюу 6 дугаар сарын 1-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр гэж заасантай холбоотойгоор тухайн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Тухайлбал, Таван зуун хүүхэд бишгүүрээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г 500 морин хуурч хүүхэд тоглож сонирхуулах юм байна.
Мөн 1000 хүүхэд хүүхдийн баярт зориулан найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Баянгол дүүргийн 85, 94, 157, Баянзүрх дүүргийн 61, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 2000 гаруй хүүхдүүд уран хөдөлгөөнт гимнастик хийнэ.