Зургадугаар сарын нэгэн болж өнгөрлөө. Зөвхөн энэ л өдөр хүүхдүүд урьд хождоосоо илүү олддог амттанд бялуурч, шинэхэн гоёлоор гангарч,шуналын хязгаар гүйцэлдсэн мэт баяр хөөрөөр бялхдаг. Гэвч үнэндээ энэ өдөр бол хүүхдээчихэр жимсээр хуурахын нэр биш. Хагас өдөр дагуулж явсан болоод дугаарлан зогсч байж төв паркт тоглуулах нэртэй баяр биш. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.Ганцхан өдөр ингээд өнгөрөхөөсөө илүү хамгийн гол нь хүүхдүүдэд ямар ирээдүй бий болгож,ямар орчин бүрдүүлж өгч, хэн болгож хүмүүжүүлэх вэ гэдэг дээр томчууд өдөр бүр ухаанаа уралдуулж байх ёстой. Энэ талаас нь харах юм бол хүүхдийн төлөө байгуулсан, бүтээсэнзүйл манайд ховор. Социализмын үед Ц.Филатовагийн байгуулж өгсөн хэдэн сургуулиас өөр зүйл үнэндээ алга. Тэр цагаас хойш нэмж барьсан сургууль, цэцэрлэгийг тоолно гэвэл нүдний гэм. Ингээд бодохоор нүүдэлчид юу ч бүтээдэггүй гэдэг үнэн ажээ. Бүтээн байгуулалтыг суурьшмал соён иргэншилтнүүд л хийж чаддаг болохыг түүх гэрчилж байна.
Ийм л учраас монголчууд намар болохоор цэцэрлэг, сургуулийн дажин дэгдээсэн хэвээрээ. Хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүдийн хэрүүл маргаан оволзсон чигээрээ. Яалт ч үгүй цэцэрлэгийнх нь багтаамж хүрэлцэхгүй учраас зарим нь хүүхдээ гэрийн “хорионд” оруулахаас өөр аргагүй байдал үргэлжилсээр байна.Гадуур хараа хяналтгүй тэнэж гуйлга гуйгч, зах дээр тэрэг түрж, ширхэгийн бохь зарагч, ууттай самар худалдах гэж зам дээр зогсогч хүүхдүүдийн тоо нэмэгдэхээс цаашгүй үр дүн харагддаг.Монголд хүүхдийн эрхийн асуудал ийм л дүр зурагтай байна.
Ер нь бол хүүхдийг боловсролтой болгох, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, амар тайван гэрт амьдруулах гэх мэтийн наад захын үүргээ эцэг, эхчүүд биелүүлэх учиртай.Адаглаад хүүхдийг машинд тусгай зориулалтын суудалд суулгах нь ч нэг үүрэг. Эцэг, эхийн ийм үүргүүдийг биелүүлэх талаасаа бид маруухан. Тэр бүү хэл нялх үрээ зодож, тамлаж, аминд нь хүрсэн тухай сэтгэл шимшрүүлэм хэргүүд л байнга дуулдах болж. Хүүхдүүддээ эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бүрдүүлж өгдөггүй юмаа гэхэд зодож жанчиж, өлсгөж зовоодоггүй л баймаар байна.
Хэдийгээр ийм асуудлууд байдаг ч хэзээнээсээ юм бүү мэд, бид энэ өдрийгхүүхдийн баяр болгон тэмдэглэсээр иржээ. Хүүхэд л бол хүүхэд учраас амттанд умбаж, аав, ээжээсээ хөтлөөд зугаалдаг энэ өдөр тэдэнд хамгаас сайхан. Миний хувьд ч тэсэн ядан, хоног тоолон хүлээдэг хүүхэд насны минь хүслэнт өдөрэнэ л байлаа. Гэхдээ өнөөдөр бол зургадугаар сарын нэгнийг зун цагийн дохио болгон хүлээдэг болжээ. Хүүхдээ тэвэрсэн эцэг, эхийн царайд инээд тодорч, баяр хөөрөөр цалгисан цовоо цолгин хүүхдүүдийн дуу аргагүй л зун цаг ирснийг зарлах мэт. Энэ өдөр Монгол Улс өвөл, хаврын улирлыг үдэж, урин дулаан цагт шилжиж байгааг илүүтэй мэдэрдэг. Мод нахиалж гүйцээд хөвчиндэлхий номин ногоон өнгөөр аль хэдийнэ хучигдчихсан. Бүсгүйчүүд хөнгөн нимгэн хувцсаар гангарч, хотын гудамжаар алхлах нь хаа сайгүй цэцэг дэлбээлэх шиг. Энд ч цэцэг тарьж, тэнд ч хайс хашлага будсан хүн олонтой их хотод зуны эх орон ирлээ. Удахгүй сургуулиуд амарна. Эмээ, өвөөгийндөө зусдаг хүүхдүүд хөдөөг зорино. Оюутнууд амарч нутаг буцна. Орон сууцны айлууд зусландаа гарна. Гадаа нарлах, агаарт салхилах хос залуус олширно. Амралтаа авсан хүмүүс Монгол нутгаараа аялахаар замдаа гарна. Хотын хөдөлгөөн багасч, хөдөөгзорих машины цуваа нэмэгдэнэ. Аялж барахгүй эх оронтой бид зуны дэлгэр цагт зугаалаад байхаас өөр яах билээ. Замд адуу мал багширч, айраг цагаа сэнгэнээд л цээж дүүрэн амьсгалах талын салхи сэвэлзэх хөдөөгийн зун бүр ч сайхан.
Удахгүй наадам болно. Уяаны морьд наадам зүүдлэх мэт хамраа сарталзуулан эвшээж, нутгийн хөх өвгөд морьдоо шинжиж, тамхиа нэрээд завгүй. Үүрийн таван жингээр босч ажлаа амжуулсан эзэгтэйн ар үдийн алдад аяга цай хуваангаа зуныг шинжин ярилцаж гэрийн хаяанд нарлана. Нүцгэн жаалууд модон морь хүлэглэн давхилдаж, хотоос ирсэн авгай хүүхнүүд хувин сав бариад модны хаяа бараадаж, жимсний эрэлд гарцгаана. Таана мангирын тансаг үнэр ханхийж, голио, царцааны час час хийх дуу аниргүй гэгдэх хөдөө талд саатахын жаргал монголчуудад л заяасан мэт. Энэ үед өвлийн тэсгим хүйтний тухай бодол, төсөөлөл хэн бүхний толгойд үл орж ирнэ. Яагаад гэвэл Монгол нутаг минь өвөл болсон гэх тэмдэггүй өнө мөнхийн дулаан орон шиг хувирч чаддаг учраас тэр. Наадмын дараа үргэлжлэх найрууд хөвөрнө. Дараа нь монголчууд намартай золгоно. Өглөө босоход өвсний толгойд шүүдэр тогтсон байхыг харна. Намар оройн бороо хааяа шаагихад жиндүүхэн чөвс хагдарч, навчис шарлаж өнгөө хувиргадаг энэ улирал өөр хаана ч байдаггүй зөвхөн Монголынх юм шиг санагддаг.
Мөдхөн найр наадмын цаг хумигдаж, хичээл сургууль цуглаж, алба ажилдаа яарсан их хотын хөдөлгөөн өрнөнө. Хавар нь тарьсан тариа, ногоогоо хураах их ажил оволзож, хотод зам засвар үргэлжилнэ. Айл бүхэн идшээ базааж, монголчууд өвлийг өнтэй давахад бэлтгэнэ. Удалгүй намрын сэрүүн өвлийн жавраар солигдож, гол мөрөн зайрмагтана. Дахиж ирэхгүй юм шиг сураггүй алга болсон өвөл буцаад л ирнэ. Гэвч хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж, сэтгэн бодох чадвар, ажлын хариуцлага хүйтний улиралд сайжирдаг юм гэнэ лээ. Тиймээс өвлийн тас няс хийх жавар зун, намарт хуримтлагдсан муу бүхнийг ариусган эрч хүч өгөх мэт сэнгэнэнэ. Зун байсны ул мөр үгүй болж, уур савсаж, цас навсайсан ийм л хүйтэн өвөл айлчлах нь ганцхан Монголынх гэлтэй өнөө л сэтгэгдлийг дахин төрүүлдэг. Гэвч анх удаа өвөлтэй золгож буй мэт түгших сэтгэл хэнд ч үгүй. Оготно, зурам, мал амьтнаас эхлээд цөм зөнгөөрөө энэ өвлийн улирлыг мэдэрдэг, давж гараад хавартай золгодог юм.
Үндэстэй бүхэн соёолж, өвөлжин “даарсан” модод нахиагаа дэлгэж, навчин “дээлээ” өмсөнө. Монгол түмэн ч хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсны баяраа тэмдэглэдэг. Бороонд осгосон хонь шиг ноорхой бор болжморууд хашаан дээр сууж үзэгдэх нь олширно. Харин залгуулаад зун цаг дахиад л морилно. Тиймээс налгар зуны сайхныг мэдрэлгүй явсаар нэг л мэдэхэд малгай ороолтондоо орчихсон, энд тэндхийн байшингийн нөмөр бараадан бээвийж явах вий дээ,цаана чинь зун болчихсон байна гэдэг бодол зургадугаар сарын нэгэнд төрөх аж.
Ингээд бодохоор Монголын дөрвөн улирал тус бүртээ тусгаар тогтносон эх орон лугаа ийм ялгаатай ажээ. Дэлхий ертөнц дээр энэ дөрвөн улирлыг нэг дор үзэхийг мөрөөдөгчид бий. Тэдний хувьд бид онцгой заяатай ард түмэн. Ийм л гайхамшигтай эх орнуудыгэцэг, өвгөдөөс минь бидэнд бэлэглэжээ.Энэ сайхан эх оронд төрсөн үр хойчдоо бид ямар улс үлдээхээ бодох цаг ирсэн байна. Ирээдүй хойч минь хэдэн үеэрээ ч сурч боловсорсон хүрэлцэх сургууль, цэцэрлэгтэй.Утаагүй, түгжрэлгүй, тав тухтай орчинд хүүхэд бүр тайван амгалан гэрт өсчторних тийм л нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.Хамгийн гол нь дэлхийд зөвшөөрөгдөх боловсролтой, дэлхийтэй харьцах хэлтэй,эх орноо хайрлах сэтгэлтэй, Монголоо хөгжүүлэх ухаантай хойч үеийг бий болгохын төлөө бид нүүдэлчин сэтгэлгээнээсээ салж, суурьшмал соёлд суралцах шаардлага тавигдаж байна.Бусад өдрөө байг гэхэд ядаж зургадугаар сарын нэгэнд хүүхдээ яаж хөгжүүлэх, тэдэндээ ямар ирээдүй бэлэглэх тухай асуудлыг хөндөн ярилцдаг болмоор байна.Хэрэв томчууд энэ үүргээ умартваас хувиа хичээсэн, биесээ үл тоомсорлосон, эх орноо хайрлаж мэдэхгүй хүмүүсээр ирээдүй дүүрнэ. Тэр тохиолдолд ийм сайхан эх орон минь энэ хэвээрээ үлдэх магадлал хэр бол гэдгийг бодох л хэрэгтэй.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ