Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Завхан аймгийн Улиастай хотын “Жавхлант цогцолбор” хоёрдугаар сургуулийг 2007 онд төгссөн 11А ангийнхныг урилаа. Эл ангийг 47 хүүхэд төгсчээ. Охид, хөвгүүдийнх нь тоо тэнцүү, жинхэнэ гэнэн томоогүй насны сайхан үе байж. Анх 1997 оны намар Я.Оюунгэрэл багштай эл ангид Завханы сум, сумаас ирсэн охид хөвгүүд цуглажээ. Ангийн багшийнхаа уншуулсан “Салан баавгайн үлгэр”-ийг “Салаан баавгайн үйлгэр” гэж уншиж байсан гэнэн хонгор үе тэртээд алсран үлдэж бүгд амьдралын харгуйд аав, эжий болон замнажээ. Одоо тэд өөрсдийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, салбар салбартаа хөлөө олцгоосон байна.
“Жавхлант цогцолбор” хоёрдугаар сургуульд Завханы хөдөөгийн сумдын хүүхдүүд ихэвчлэн сурдаг аж. Бүр дэлгэрүүлбэл эдний ангийнхны ихэнх нь Завхан аймгийн Яруу сумаас ирсэн гэнэ. Эл ангийн сурагч Д.Батмөнх бол Яруу сумаас ирж суралцсан сурагчдын нэг. Тэрээр “Улиастай хот зургаан сургуультай. Биднийг төгсөж байх үед Улиастайн арван жилийн сургуулиудыг 700-гаад хүүхэд төгссөн. Ер нь өрсөлдөөн ихтэй байсан шүү. Манай ангийнхан ч хичээлээрээ цагаахан өрсөлддөг байлаа. Ангиасаа гараад үе тэнгийн 700 сурагчтай өрсөлдөнө шүү дээ” гээд нүдээрээ инээмсэглэлээ. Тэрээр 2007 онд арван жилээ төгсөөд ШУТИС-ийг Мэдээлэл харилцааны сургуулийг IT инженер мэргэжлээр төгссөн. Түүнчлэн Бангкокийн их сургуульд энэ мэргэжлээрээ магистрт сурчээ. Энэ талаараа тэрээр “Мэдээлэл технологи чинь дотроо олон янз байдаг л даа. Би эзэмшсэн мэргэжлээрээ 10 орчим жил ажиллаж байна. Энэ талын салбарт нэлээн туршлагатай гэж өөрийгөө боддог. Ер нь манай улсад инженерийн салбарын мэргэжил маш эрэлттэй гэж хэлж болно. Манай нэг багш Дэлхий дээрх хамгийн баян хүмүүс IT-ын хүмүүс байгаа гэж ярьдаг байсан” гэв. Ер нь энэ ангийнхан мэрийлттэй. Сурч мэдэхийн оргилуун хүсэлтэй хүүхдүүд байжээ. Тийм ч учраас амьдралд хөл алдалгүй бүгд л амьжиргаатай, өөрийн гэсэн амбицтай оргил өөд тэмүүлж явна.
Тодруулбал, Монголын анхны хатуу хучилттай гэж хэлж болохоор Сонсголонгийн уулзвараас Нисэх ордог замыг барихад эдний ангийн төлөөлөл оролцжээ. Оролцоод зогсохгүй бүр инженерээр нь ажиллаж, гүйцэтгэсэн байна. Тэр хүүгийн нэрийг А.Батболд гэдэг аж. Тэгээд зогсоогүй энэ ангиас зургаан инженер төрөн гарсан байна. Замын инженерээр гурван хүүхэд, IT инженерээр гурван хүүхэд тус тус төгсчээ. Одоо бүгд л салбартаа мундагуудын эгнээнд багтаж байна. Арван жилдээ хөлбөмбөг тоглож, сахилгагүйтэж явсан энэ хэдэн жаал тухайн үедээ инженер болно гэж бодолгүй л харайлгаж явжээ. Гэнэн томоогүй балчир насны найзууд өдгөө Монголын их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан мундагууд болжээ. Тэд хөлбөмбөгийн талбайд өрсөлдөж байгаа шигээ л нэгнээ санан дурсаж хааяадаа уулзалдан дурсамжаа хуваалцаж, суудаг хар багын үнэнч найзууд билээ. Бусад нь ч амьжиргаатай юм болохоороо амьдралд хөлөө олцгоожээ. Ангийн овсгоотой хүү А.Алтансүх төгсөөд л автобусны компанид ажилласан аж. Хот хоорондын автобус жолоодоод 14 жил болжээ. Түүнчлэн автобус баазын инженерээс эхлүүлээд олон мундагууд бий. Монгол орны газар нутгийн хаа сайгүй цацсан будаа шиг тарсан эмч, багш нар ч олон бий. Ангийн бас нэгэн сонирхолтой хүүгийн талаар өгүүлье. Ангийн хөвгүүн н.Оргилмандах бол PC тоглоомонд нугасгүй байж. Компьютер дээр CounterStrike тоглоомыг байнга л тоглоно. Энэ тоглоом нь стратегийн буудалцаантай, террорист, цагдаа нарын хооронд өрнөх өрсөлдөөнийг өгүүлсэн тоглоом юм. Н.Оргилмандах өдгөө цагдаа болж, үүрэг даалгавраа ягштал биелүүлдэг албан хаагч болжээ. Хааяа багынх нь хобби нь хөдөлж, дүрэмт хувцастайгаа РС-ны газар ороод суучихдаг гэнэ. Гэргий нь ч PC тоглоомтой холбоотой. Түүний эхнэр РС тоглоомын газар ажиллуулдаг айлын охин гэнэ. Түүнчлэн бас нэгэн сонирхолтой түүх өгүүлье. Конкурс дөхсөн үед ангийн хүү Дэлгэр математекийн багшаасаа ганцаарчилсан сургалт авахаар их хөөцөлддөг байж. Багш түүнд нүүр өгөхгүй байсан аж. Ангид нь багшийн охин болох Шүрээ сурдаг. Тиймээс хичээлээ заалгах гэж математикийн багшийн охин Шүрээтэй мань хүн үерхэж, яваандаа гэр бүл болсон байна. Одоо ангийн хоёр Завханд хоёулаа багш болчихсон ажиллаж амьдарч байгаа. Энэ ангиас нийт дөрвөн хос төрсөн байна. Саяхан ангийнхаа хосын хуриманд бөөнөөрөө цуглаж, нэг сайхан сэтгэлээ дэвтээж, уулзаад амжсан байна.
Сурагч насны гэнэн томоогүй үе гэдэг сайхан. Шинэ жил, багт наадам гээд л. Хүний амьдралын хамгийн сайхан үеүүд сурагчийн формтой хамт энэ л харгуй замд үлддэг ажгуу. Д.Батмөнх сургуулийнхаа өвлийн өвгөн болж байсан сайхан дурсамжаа бидэнтэй хуваалцлаа. Хүүхэд бүр л сургуулийн шинэ жилийн үдэшлэгт ямар нэгэн үүрэг, рольтой оролцохыг хүсэмжилдэг. Энэ нь эргээд бодоход сайхан дурсамж болон ард үлддэг жамтай. Тэрээр 11 дүгээр ангидаа өвлийн өвгөн болж, үеийн хүүхдүүддээ бэлэг гардуулж, хацар дээр нь үнсэж, яг л өөрийгөө өвлийн өвгөн болсон мэт төсөөлж байсан гэнэн хонгор дурсамжаа санагалзав. Сургуулийн шинэ жилийн цэнгүүнд оролцсон хүүхдүүд бүгд л бэлэгтэй буцдаг учраас хүүхдүүдэд бүр л сайхан санагддаг нь дамжиггүй. Түүнчлэн урлагийн үзлэг гэх цагаахан өрсөлдөөн сурагч насны сайхан үе. Гэхдээ ялж, ялагдах жамтай учраас үр дүнд нь зодоон цохион болох энүүхэнд. Бүлэг хоорондын тэмцлээс улбаалж л бяцхан маргаан үүсч байгаа нь энэ шүү дээ. Бяцхан гээд байгаа нь учиртай. 2000-аад оны эхэн үе гэдэг адал явдалтай, зодоон цохионтой цаг. Телевизээр “Ким Духан”, “Сүн Үкүн”, “Нохой зодоонч” гэх мэтийн эр хүний цөс хөөргөсөн кино ихэвчлэн гарна. Тэгээд л арван жилийн хүүхдүүд хоорондоо зодоон цохион их хийнэ шүү дээ. Гар хөлөө тулгаж, нүүр амаа хөхрүүлэх бол зодооны үеэр байдаг л жижигхэн асуудал. Зодоон гэдэг бяцхан маргаан байлаа. Эдний ангийнхан ч урлагийн үзлэгт ялж, ялагдаж явсан. Ангийн охин Шинэжаргал бол урлагийн үзлэгийн жинхэнэ од нь байлаа. Намаржингаа урлагийн үзлэгт бэлдсэн ангийнхны хамгийн гол асаалттай танк нь тэр байсан юм. Гадаад дууг уяраана. Урлагийн үзлэгээ нэгнийдээ хонон өнжин бэлддэг энэ үе бол зочин ангийн маань бас нэгэн дурсамжтай, дурдатгалтай цаг үе нь билээ.
Эл ангийнхны хувьд ажил амьдралын гараа нь амжилттай үргэлжилж байна. Улс нийгмийнхээ бүхий л салбарт өөр өөрсдийнхөө зам зураг, эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа болохоор хожим нь энэ ангиас ард түмэн, нийгэмд танигдсан ямар мундаг том хүмүүс төрөн гарахыг таашгүй. Одоо бол эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулцгаагаад л явж байна.
Д.БАТТОГТОХ