Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулан сар шинээр орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг шийдвэрлэнэ хэмээн ОБЕГ-аас мэдэгдэгдсэн. Одоогийн байдлаар зургаан аймгийн Онцгой комисс хуралдаж, Засаг дарга нар захирамж гарган сар шинийн өдрүүдээр тухайн аймаг, сумд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдээд байна. Увс, Архангай, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын 21-27-ныг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг дуустал хязгаарлахаар шийдвэрлэжээ. Харин нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг Улсын онцгой комисс хэлэлцэн шийдвэрлэнэ.