Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн хэрэг 9 хувиар буурчээ

2021 онд улсын хэмжээнд 2023146 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 12 дугаар сарын байдлаар 217156 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 11 дүгээр сартай харьцуулахад 9 хувиар буурсан байна.

Нийт зөрчлийн хэргийн 81.5 хувь нь Нийслэлд, 18.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.4 хувийг Цагдаагийн байгууллага, 0.15 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 216560 хүн, 320 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 8 хувиар буурч, хуулийн этгээд 22 хувиар өсжээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байгаа бол 66 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 12 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 11 дүгээр сартай харьцуулбал Хулгайлах зөрчил 18 хувиар, Хүний биед халдах зөрчил 13 хувиар өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 4 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2 хувиар тус бүр өсжээ.

Харин Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 57 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил өмнөх сараас 49 хувиар, Танхайрах зөрчил 28 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 13 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 6 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар тус тус буурсан байна.

Зөрчлийн хэргийн улмаас бусдад нийт 1.537.792 мян.төгрөгийн хохирол учирснаас 66.6 хувь нь нөхөн төлөгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *