УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжлэн явагдаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ нар танилцуулга хийлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ хуулийг дэмжиж байна. Мэдээж хэлэлцэх нь зүйтэй. Зөрчлийн асуудлыг захиргааны хариуцлагын тухай хуулиар хэлэлцээд явдаг байсан бол энэ удаад салгаж өгөх зорилго тавьж төслийг санаалчилсан байна” гэсэн бол О.Баасанхүү гишүүн “Зөрчил гэдэг бол өргөн ойлголт юм. Үүний дотроос процессийг оруулахдаа өргөн хүрээнд харсан байх ёстой. Гэтэл шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэгт захиргааны зөрчлийн хэм хэмжээ тогтоох шаардлага байгаа юм уу. 33-р бүлэг гэж заасан байна тэр заалт нь хаана байгаа юм бэ? Батлагдаагүй заалтыг иш үндэс болгосон нилээд олон тохиолдол байна. Үүнийг яах ёстой вэ? Хамгийн гол нь зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж амаар, бичгээр мэдүүлэг өгөх эрхтэй гээд заасан байна. Өөрийнхөө талаар мэдүүлэг өгөх чинь хориотой байдаг биш билүү. Баривчлах түр саатуулах хоёрын ялгаа нь юу байдаг юм бэ. Шүүхийн ачаалал өндөр байна. Захиргааны зөрчлийг шүүхээр шийдэх нь хэр зэрэг оновчтой вэ” гэж асуулаа. Гишүүний асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Энэ зөрчлийн хуулийг тусгайлж байгаа нь захиргааны журмаар авч байгаа арга хэмжээ нь нэг стандартын биш өөр өөр хуулиар тогтоогдсон байдаг. Эрх зүйн бүрэн хэмжээний боловсролгүй янз янзын хүмүүс зөрчлийг шалгаж хүний эрхэнд халдаж байгаа. Тиймээс хүний эрхийг мөрдлөг болгож оруулж ирсэн юм. Нөгөө талаараа шүүхийн ачаалал нэмэгдэх нь үнэн, гэхдээ маш их хялбарчилсан байдлаар оруулж ирсэн” гэж хариулсан юм. Ингээд хууоийн төслийг хэлэлцэх нь зөв гэж шийдлээ.