Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зурагтаар хардаг “Нарантуул” захыг энэ амралтын өдрүүдээр явж үзнэ

Ховд аймгийн Алтай сумын малчин Д.Содгэрэлтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Улаанбаатар хотноо “Баялаг бүтээгч залуу малчин” чуулга уулзалт болж байна. Энэ уулзалтад оролцсоноор ямар давуу талыг бүрдүүлж, ямар мэдээлэлтэй болж байна даа?

-Нутаг бүрийн, газар газрын малчид ирсэн байна. Би ч Ховд аймгийн Алтай сум, нутаг усаа төлөөлж ирлээ. Энэ чуулганаар үлийн цагаан оготнотой тэмцэхээс эхлээд цөлжилт, түүхий эдийн нийлүүлэлт, мал арчилгаа төрийн шийдвэр гээд мэдэж болох бүхэнтэй танилцаж байна. Тэр дундаа аймаг хошуудын малчидтай танилцана гэдэг улмаар малын удмын санг сайжруулж, наймаа холио хийх боломжийг нээж өгөх юм. Зуны цагт муухан уяа сойлго оролдож ойр тойрныхоо наадмыг хэсдэг мань мэтэд зүүн зүгийн адуу хэрэгтэй байгаа юм. Энэ мэтийг ч амжуулж болох бололтой.

-Алтай сумаар сонин сайхан юутай байна. Мал төллөж дууссан уу?

-Миний хувьд мянга арай хүрэхгүй таван хошуу малтай. Бүх төлөө хүлээн авчихаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Өнгөрсөн өвөл, энэ хавар тун сайхан байлаа. Цаг тавиу байхаар цагаан оготно үржих хандлагатай. Ер нь хилийн цаанаас оготнын нүүдэл байгаа гэж нутгийн иргэд ярьж байна. Бас элсний нүүдэл гэж ярвигтай асуудал бий боллоо. Нэг хэсэг загийн ой ихтэй, заг элсний нүүдлийг барьдаг байсан ч нэгдэлжих хөдөлгөөний үеэр сургуулийн дотуур байранд заг, гишүүгээ түлээд нэлээд дундалсан. Уг нь үржүүлж ургуулж болдогсон бол загийн ойн аж ахуйг эрхэлж хуучин ургадаг байсан газарт нь суулгамаар байна. Гэхдээ удаан хугацаанд ургадаг учраас асуудал ихтэй гэх юм билээ. 

-Алтай сум бол хил дээр оршдог. Хилийн зөрчил маргаан хэр вэ. Хилтэй холбоотой асуудал малчдад хэр хүндрэл учруулдаг вэ?

-Манай өвөлжөө эх орны хилтэй нэлээд ойр. Харин зусландаа гарчихвал 150 орчим км холдчихдог. Бид л асуудал учруулахгүй бол, мал ахуйгаа хил давуулаад алдчихгүй бол бэрхшээл гэж үгүй. Өвөг дээдэс, аав ээжүүд маань хар хасгийн дайралтын тухай ярьдаг байсан. 1970 он хүртэл хилийн айлууд дайралтад өртөж ихээхэн зүдэрдэг байсан гэцгээдэг. Миний хувьд мал дагасаар 20 орчим жил болж байгаа учраас энэ тухай сайн мэдэхгүй. Миний мал маллаж байхын ямар нэгэн асуудал байгаагүй. 

-Нийслэл Улаанбаатар хотод олон ирдэг үү. Нийслэлийн өнгө төрх ямар байна даа?

-Улаанбаатарт өмнө нь ирж байсангүй. Бид чинь аймгийн төв орохдоо хүртэл бараг хонуут явдаг. Тэгэхээр Улаанбаатар энэ насандаа ирж үзээгүй хүмүүс ч олон. Харин цаашаа Хятадын суурин, тосгоноор  явж наймаа хийх тохиолдол олон байдаг. Гэрийн бүрээс, брезент гээд ахуйн хэрэгцээний эд агуурсаа тэндээс базаачихдаг. Хятадаар явж байснаас биш нийслэлдээ ирж байсангүй гэх үү дээ. 

-Улаанбаатартай хэр танилцав. Хөгжил, соёл ямар байна?

-Ярих юм алга. Сумын төв, Хятадын суурингаас өөрийг үзээгүй, малын бэлчээрээс холдоогүй бидэнд анх ирэхэд тун сайхан санагдаж байна шүү. Хүн ихтэй, машин тэрэг ч ихтэй юм. Шөнийн гэрэл, өдрийн өнгийг нь магтаад л явж байна. Нэгнээсээ хөтөлж явахгүй бол төөрчих гээд хэцүү. Мал гэсээр олон зүйлээс хоцрогдож орхигдож байсан юм. Зурагтаар хардаг “Нарантуул” захыг энэ амралтын өдрүүдээр явж үзнэ. Жаахан бараа базаана. Ирж үзээгүй хэрнээ телевизээр олон удаа харсан барилгууд байна. Бид “Сүнжин гранд” зочид буудалд байрлаж байгаа. Сайхан л юм.

-Хотод газарчлах хүн байгаа биз дээ. Хотод амьдардаг төрөл төрөгсөдтэйгээ уулзаж амжив уу?

-Зарим ахан дүүстэйгээ уулзаж, золголоо. Олон жил уулзаагүй хамаатнууд ч олон байна. Ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл үлдсэн хамаатнуудтайгаа золгож хоттойгоо сайн танилцаад буцна даа. 

Л.МӨНХ  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *