Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Х.Содномцэрэн, керамикч У.Одмаа нарын бие даасан үзэсгэлэн нээгдэв. 80 гаруй бүтээл бүхий уг үзэсгэлэн энэ сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Зураач Х.Содномцэрэн үзэсгэлэнгээ “Миний ертөнц-3” гэж нэрлэсэн бөгөөд өмнөх үзэсгэлэнгүүд нь 2005 болон 2012 онд олны хүртээл болж байжээ. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэндээ үндэсний уламжлалыг орчин үеийн арга барилтай хослуулан өнгөний дагнаас, зураасны давтамж зэрэг өвөрмөц хэллэг бүхий бүтээлүүд тавихыг зорьсон байна.
Тэрээр СУИС-д 20 гаруй жил багшлан олон авьяаслаг уран бүтээлч бэлтгэжээ.
Керамикч У.Одмаа 2010, 2015 онуудад Солонгос улсын Тэжон хотноо бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан залуу уран бүтээлч бөгөөд бүтээлдээ бурханы мутар, дүр төрх, бясалгал хийгээд бурханлаг байдлыг өөрийн өнцгөөс харан дэр, гинж зэрэгтэй хослуулан хийдэг онцлогтой.