Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуны амралтаараа йогоор хичээллэх хүмүүсийн тоо эрс нэмэгджээ

Монголчуудын амралт ид дундаа байна. Улаанбаатарчууд агаар салхинд гарахаар хөдөөний ахан дүүсээ зорих нь элбэг. Зарим цөөхөн хэсэг нь өөрсдийгөө хөгжүүлэх сургалт хичээлд сууж байхад чадал чансаандаа тохируулаад гадаад улс руу аялах нэг хэсэг бий. Сүүлийн үед монголчуудын дунд эрүүл хооллолт, иогийн тухай мэдлэг хүчтэй түгэн дэлгэрэх боллоо. Хүн бүр эрүүл хооллолтын талаар ярьж, йогоор хичээллэхийг сонирхох болж. Зуны дэлгэр энэ цагт йогийн сургалтууд ч илүү эрэлттэй байдаг болжээ. Тиймээс улаанбаатарчуудын сонирхон хичээллэх болсон йогийн сургалтыг сурвалжиллаа.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Богд-Ар” хороололд байрлах “Туул йог” төв дээр очлоо. Тус төвийг үүсгэн байгуулагч нь Т.Туул гэх бүсгүй байна. Тэрээр “Сүүлийн үед Монголд йог маш эрчтэй хөгжиж байна. Энд тэндгүй йогийн төвүүд хичээллэх болж. Учир нь монголчууд эрүүл, урт удаан амьдарх ёстой гэдгээ ухаарч байгаа нь сайн хэрэг” хэмээн ярилаа.

Йог гэдэг ерөөсөө л эрүүл амьдрах арга техник гэж Т.Туул багш товчхон бөгөөд тодорхой тайлбарлав. Хүн эрүүл амьдрахын тулд өглөө бүр шүдээ угаадагтай адил йог хийдэг байх ёстой гэнэ. Би ууланд алхдаг, жингийн илүүдэлгүй, зөв хооллолттой гээд йог хийх шаардлагагүй гэсэн үг биш. Нийгмийн энэ их стресс, амьдралын олон асуудлаас өөрийгөө зөв замаар авч гарах, дотор хүнээ сонсох, асуудлаа шийдэх ид шидтэй техник ч гэж үздэг аж. Мэдээж дээр нь йогоор хичээллэснээр бие эрүүлжиж, турах, гоо сайхан болох ач холбогдолтой. Йог Энэтхэгээс гаралтай, 4000 гаруй жилийн түүхтэй юм байна гэдэг.

Йог дотроо олон төрөл. Эдний төв хатха буюу зөөлөн йогийг хичээллүүлдэг. Ямар нэгэн хатуу дэглэм баримталдаггүй. Дасгал хөдөлгөөнөөр биеийг уярааж сулласнаар сэтгэл санаа дагаж эерэг болдог. Бие эрүүл, сэтгэл санаа өөдрөг байх нь хүний урт удаан, эрүүл амьдралын үндсэн зарчим гэж Т.Туул багш тайлбарлаж байв. Тиймээс хатха йогоор ямар ч насныхан хичээллэх боломжтой гэж байна. “Туул йог” төвд йогоор хичээллэхэд бясалгал давхар хийдэг. Бясалгал, йог хоёр нэг зоосны хоёр тал гэж үздэг юм байна. Йогоор хичээллэснээр бясалгалд өөрийгөө бэлтгэж байгаа явдал гэнэ.

“Туул йог” төвд хосын йог, хүүхдийнх, ахмад настных, жирэмснийх гээд хичээллэдэг аж. Хүүхдийн анги гэхэд насны ангилалтай тусгай хөтөлбөрүүдтэй. Сүүлийн үед хүүхдүүд гар утас, компьютер, телевиз их ширтсэнээс болж хөдөлгөөний хомсдолд орж, нуруу нь муруйж, дээр нь стресс өндөртэй болжээ. Йогт сууснаар бие нь эрүүлжихээс гадна анхаарлаа төвлөрүүлдэг, уур уцааргүй болохоос эхлээд сайн үр дагавартай гэнэ.

Йогоор хичээллэдэг болон хичээллэдэггүй хүмүүсийн ялгаа их аж. Гэр бүл салалтаас хамгаалдаг” гэж Т.Туул багш онцолсон. Учрыг лавлавал йогоор хичээллэж байгаагүй хүн гэр бүлийн маргааны үед асуудлыг улам дэвэргэдэг бол йогчин хүн тэвчих нь гэр бүлийн маргааны үед хамгийн зөв шийдэл байдаг. Тийм ч учраас гэр бүл бат бөх байх нөхцөл болдог гэж байна. Сүүлийн үед хосын йогийг хүмүүс сонирхох болжээ.

Заавал эмэгтэй, эрэгтэй хүмүүс хийнэ гэхгүйгээр хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй ч хийж болдог. Гэр бүлийн хосууд хамтарч йог хийснээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэхээс эхлээд жингийн илүүдэлгүй, эрүүл чийрэг биетэй болох ач холбогдолтой.

Эрчүүдийн хувьд йогийг тэр бүр сонирхоод байдаггүй ч нэг сонирхоод орвол хамгийн үнэнч, үр дүнтэй хичээллэдэг ажээ. Харин гадаадад бол эрчүүд түлхүү йогт суудаг тухай манай зочин сонирхуулсан. Тухайлбал, Энэтхэг, БНХАУ-д йогт хичээллэж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байдаг байна. Учир нь гадаад эрчүүд амьдралын төлөөх хариуцлагаа ухамсарласан, гэр бүлээ авч явахын тулд эрүүл, амар амгалан байх ёстой гэж үздэгтэй холбоотой аж.

Йог бас давхар мацагтай явдаг юм байна. “Туул йог” төвийнхөн хамгийн сүүлд дан жимс, ногооны анги хичээллүүлэх гэж байгаагаа дуулгасан. Энэ нь бүдүүн гэдэс цэвэрлэх зорилготой. Хоёр литр орчим хэмжээтэй жимс, уураг, ислэгээр баяжуулсан өтгөн жүүсийг хоолны оронд ес хоногийн турш хэрэглэж, йогийн дасгалуудаа хийнэ. Дасгалд нь бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулж ханыг бэхжүүлэх уушги тэтгэх зорилготой цогц хичээл ордог ажээ.

Йог дотроо хатха йог, виньяса йог, агаарын йог, халуун йог, хосын йог гээд олон төрөл. Йогт 4000 төрлийн дасгал байдаг.

Урьд жилүүдэд йогийн төвүүд зунд нь баяр наадам өнгөрөөд амардаг байсан бол энэ жилээс амралтгүйгээр сургалтаа явуулж байгаа гэнэ. Үүнээс харахад йогийг сонирхогчдын тоо эрс нэмэгджээ. Хүмүүс йогт өглөөний ангийг түлхүү сонирхож байна. Бидний зорьж очсон “Туул йог” төв гэхэд өглөөний хоолтой. Дасгал хөдөлгөөн, бясалгал хийсэн хүмүүс тэндээ мэргэжлийн тогоочийн хийсэн эрүүл хоол идэх боломжтой. Йог, бясалгал гэхээр юу юугүй цагаан хоолтон гэж ойлгож болохгүй гэнэ.

Заавал йогийн төвд очихгүйгээр гэр бүлийн нөхцөлд анхан шатанд хийж болох йогийн тухайд Т.Туул багш “Одоо үед хүн бүр нурууны асуудалтай болж байна. Үүнийг гэр бүлийн нөхцөлд засах энгийн арга бол “Нарны мөргөл”. You tube-ээр хайхад бүр төрлөөр нь гараад ирнэ. Бурханд сунаж мөргөхтэй төстэй мөргөл. Түүнийг өглөө босоод нэг аяга ус уучихаад 10 удаа хийчихэд л бие өдрийн ачааллаа авахад бэлэн болдог” гэж зөвлөлөө.

Тэгвэл “Зэн йог” төвийн хувьд 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Зэн, виньяса, хүүхдийн йог, жирэмсний йог ордог. Онцлог нь аарцаг нурууны гажиг засах эмчилгээтэй хосолж ордог. Зэн төвийг үүсгэн байгуулагчдын нэг Ганаа багш 2006 онд АНУ, Калифорни хотноо Аманда йог бүжиг, эмчилгээний йог, цэгэн бариа чиглэлээр багшлах эрхтэй төгссөнөөс хойш одоог хүртэл зэн йог, эмчилгээний йог болон бусад йогийн мэдлэгийг түгээж байна. Түүнээс гадна сүүлийн үед агаарын йогийг сонирхох хүмүүс олон болж. “Ука блог” төвийнхөн толгой, нуруу өвддөг, хөшүүн, галбиржих шаардлагатай хүмүүсийг хичээллүүлж байна. 9-54 насны бүх хүмүүст тохиромжтой гэж үздэг юм байна.

Йогийн төвүүдийн ажиллах цаг уян хатан байна. Үйлчлүүлэгчид голдуу өглөө эрт йогт явах сонирхолтой байдаг аж.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *