“Зуны гурван сарыг зургаа юм шиг эндүүрч явлаа” гэсэн ардын дуу байдаг. Саяхан л хавар болж зун мөд дэлгэрэхгүй юм шиг санагдаж байсан. Тэгэхнээ хаяанд намар айлчлан ирж, амралтын улирал дуусаж байна. Өглөө, үдэшдээ жаахан жихүүндүү байх болж, хангай газар уулын оройд цас будраад эхэллээ. Ерөөс монгол орны зун тун богинохон. Зуны оргил үе нь ердөө л наадмын үе юм. Тэгээд наадам өнгөрүүт маргааш нь намар болно доо, хөөрхий. Сүүлийн үед харин наадам олшроод намрыг жаахан “хойшлуулаад” байгаа. За ингээд бөөн ажлын үе ч эхэллээ дээ. Зунжин засаад байгаа замуудаа хурдхан ашиглалтад оруулахгүй бол нийслэлийн хөл хөдөлгөөн яахын аргагүй ихсээд, хүн болгон ам амандаа хараал ширээл урсгах болно шүү дээ.
Сургууль, соёлын газрууд урсгал болоод их засваруудаа шалавлахгүй бол хичээлийн шинэ жил хаяанд хүрээд ирлээ. Энэ жил хаа сайгүй хур бороо сайтай сайхан л зун болсон. “Их идсэний маргааш” гэдэг шиг хадлан тариагаа базаахгүй бол чийг ихтэй жилийн өвөл нь ширүүн байдаг гэдэг үг ортой байхыг үгүйсгэх аргагүй. Хулгана зурам хүртэл өдийд хөеөгөө зөөгөөд завгүй байхад малчид, тариаланчид маань нэгийг бодохгүй бол горьгүй. Хувь хүмүүс ч гэсэн зуны алжаалаа сэгсрээд дор дороо довоо шарлуулах цаг боллоо. Наймдугаар сарын энэ л налгар шаргал өдрүүд эх нутгийн минь хөгжил хөдөлгөөний гол хөдөлгүүр нь байсаар ирснийг хүн бүхэн зөн совингоороо мэдэрдэг ч найр наадам хөөж налайсаар л байдаг биш үү дээ, түмэн олон мину зээ!
Л.БАТЦЭНГЭЛ