Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн тооллын 25-ны өдрийг ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25 өнөөдөр тохиож байна.
Эл өдрийг монголчууд Зулын 25 хэмээн нэрийдэж, буян үйлдэж, ном хурж, зул өргөдөг.
“Соён гийгүүлэгч их билгийн хүн Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм. Богд Зонхова 1357 он буюу ‘’Алтан унжлагат’’ хэмээх гал тахиа жил мэндэлж ‘’Хөврөгч’’ хэмээх шороон гахай жил жанч халсан түүхтэй. Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд ‘’Сундуйн жүд’’ айлдахдаа есдүгээр бүлгийн ‘’Жалбийн сарайсү живар жүр’’зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг. Энэ нь ‘’Би ялгуусан Бурханы хүү болж төрлөө’’ гэсэн зарлиг юм. Тэр цагаас хойш жил бүр энэ өдрийг зулын 25 хэмээн Гэлэгвангийн данбатай улс гүрэн бүхэн тэмдэглэж ‘’Дончод’’ буюу мянган тахилын зул хүж өргөж их хурал ерөөл хурах болсон.
Мөн өдрийн бас нэгэн үйл явдал нь Монголчууд өвөл идэх идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон амьтны амь тасалсан нүглээ наминчилж, зулын 25-ны хурлыг даган баясдаг” хэмээн “Зулын 25-ны их дүйчэн өдөр’’-ийн тухай Гэгээн Гэрэл Номын Төвийн тэргүүн Д.Номундалай онцлов.
Эл өдөр сүсэгтэн олон ‘’Мигзэм’’-ийг олон уншвал түм бум болон үржих учиртай юм байна. Зул өргөхдөө идшинд төхөөрсөн малынхаа баруун бөөрний өөхийг хайлан зул өргөдөг заншил бий. Энэ жилийн хувьд Зулын 25-ны хоёр өдөр дараалан тохиож буй аж. Тиймээс бүх гандан хийдүүд Зулын 25-ны хурал ном хурахын зэрэгцээ их номыг “UB Palace” болон МҮЭСТО-нд хурах юм байна.