Categories
мэдээ нийгэм

Зудтай аймгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар найман аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байна.

Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учир тус аймгуудын 1000 өрхөд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ.

Тээвэрлэлтийн зардал шаардахгүй, иргэд шаардлагатай зүйлдээ зарцуулах боломж өндөр учраас бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болсон байна.

Харин хүмүүнлэгийн тусламжид хамрагдах малчин өрхийг тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх байна гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгох юм.

Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан ирэх сараас олгож эхлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *