УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Бямбацогт УБТЗ ХНН /хувь нийлүүлсэн нийгэмлэг/-ийн үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй өчигдөр “Ганзам палас”-т уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр төмөр замын тарифын үнийг нэмэх, мөн ачаа барааг эрэмбэлэх шаардлагатай байгааг мэдэгдлээ. Нэгдсэн уулзалтын үеэр тэрээр “Жилдээ 1 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг энэ байгууллагад тулгамдсан асуудал олон байна. Тяньжины ачаа, чингэлэг хоёр жил гаруй, Замын-Үүд-Эрээн дээр ч ачаа бараагаа авч чадахгүй зургаа долоон сар, экспортын ачаа болох жонш, нүүрс, төмрийн хүдэр бусад ачаагаа гаргаж чадахгүй жил, хоёр жилээр гацдаг. Улаанбаатар төмөр зам энэ онд 71 сая тонн ачаа тээвэрлүүлэх хүсэлт ирсэн байна. Гэтэл Улаанбаатар төмөр зам ХНН-ийн өөрийн хүчин чадал нь 14 сая тонн. Үүнийг шийдвэрлэхэд авлигын асуудал яригддаг. Ажлаа аваад есдүгээр сарын 1-нд УБТЗ ХНН-ийн ажил байдалтай танилцах үедээ уг асуудлыг шийдэх үүргийг өгч байсан. Энэ хүрээнд Замын-Үүдэд гацаад байсан бүх чингэлгийг татсан. Одоо ес дүгээр сарын 10-наас хойших 200 гаруй чингэлэг хүлээгдэж байна. Мөн Улаанбаатар хотод байсан хоосон чингэлгийг гурав дахин бууруулж, ачаагаа аваагүй иргэдийн чингэлгийг шийдэхээр ажиллаж байна . Шахаж шаардаад ажиллавал болдог юм байна. Төмөр замын хувьд цаашдаа транзит тээврийн хувьд тулгамдсан асуудал бий. Хятад улсад манайх тарифын хөнгөлөлт эдэлдэг бол ОХУ-д тарифын хөнгөлөлт өгдөг. Транзит тээврийн хувьд ачаалал бас үүссэн. Үүнийг цаашид хэрхэн яаж бууруулах вэ гэдгээ ч шийдэх хэрэгтэй болж байна. 1100 км замтай УБТЗ гэсэн нэг байгууллагатай байсан бол одоо Ханги Мандал, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян гээд олон өмчлөлийн хэлбэртэй төмөр замын нэгдсэн сүлжээ бий болж байна. Эдгээр бүх төмөр замыг нэгдсэн зохион байгуулалтаар хангах шаардлагатай болсон.
Төмөр замын тухай хууль”-д энэ бүгдийг тусгасан. Энэ бол бидний дунд болон урт хугацаандаа шийдэх, төмөр замдаа баримтлах бодлогын асуудлууд юм. Богино хугацаандаа гэвэл өнөөдрийн бидний хийж байгаа уулзалт. Ачаа бараа ачуулж байгаа, мөн илгээж, ачаа бараа зуучилж, тээвэрлэж байгаа байгууллага болон хувь хүмүүст тулгамдсан асуудлыг хурдан шийдвэрлэе, энэ асуудал дээр байдал ямар байгааг харилцан ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байгааг тодотголоо. Үргэлжлүүлэн УБТЗ-ын дарга Х.Хэрлэн мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Сүүлийн нэг жилийн турш бид ковидын улмаас багагүй асуудалтай нүүр туллаа. Монгол-Хятадын хил дээрх галт тэрэг солилцоо огцом буурав. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн терминалуудад ачаатай болон хоосон чингэлэг бөөгнөрсөн нь төмөр замын тээврийн найдвартай, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангахад саад учруулсан.Бид эдгээрийг ЗТХЯ, Сангийн яам, ГХЯ, хоёр орны төмөр замын болон хил гаалийн байгууллагатай хамтран шийдэхээр ажиллаж байна. Хилийн галт тэрэгний солилцоог нэмж, экспорт импортыг нэмэх нь бидний нэн тэргүүний зорилт. Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоо өнгөрсөн арваннэгдүгээр сард хоногт найм болж буурсан. Энэ оны хоёрдугаар сараас хоногт арав, долдугаар сараас 11-12 галт тэрэг болов. Сүүлийн хоёр жилд Тяньжинд бөөгнөрсөн ачаатай чингэлгүүдийг богино хугацаанд авчрах үүргийг Засгийн газраас өгсөн. Иймд Хятадаас импортын галт тэрэг хүлээн авах ажлыг эрчимжүүлсэн. Урд хөршөөс нарийн царигийн төмөр замаар өдөр бүр 7-8 галт тэрэг авч байна” гэв.
Тус уулзалтын үеэр уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг компани, ААН-үүдийн төлөөлөл өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Хамгийн гол нь БНХАУ руу гаргаж байгаа вагоныхоо тоог нэмэгдүүлэх, ганцхан Замын-Үүд боомтоор биш олон гарцаар гаргах шаардлагатай байгааг хэлж байлаа. Тухайлбал, Дархан-Уул аймгийн төмрийн хүдрийн боловсруулалт хийдэг компанийн төлөөллийн Эрдэнэбаяр хэлэхдээ “Манай компани 300 гаруй ажилтантай. Манай байгууллагын үйл ажиллагаа доголдсоноос үүдэн ажилчид маань ажлын байргүй болж байна. Манай компани улсдаа анх удаа төмрийн хүдрийн хорголжин баяжмал үйлдвэрлэж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, баялаг бүтээж, ажлын байрыг нэмэгдүүлсэн. Манай компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь Төмөртэйн уурхайгаас үйлдвэрийнхээ үндсэн түүхий эдийг вагоноор татаж авдаг. Автомашинаар тээвэрлэх боломж байдаггүй. Гэтэл сүүлийн жилүүдэд төмөр замын хямралтай байдлаас үүдэн үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг татаж авах боломжгүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжгүй болсон. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж экспортод гаргах ААН-үүдийг бүх талаар нь дэмжихээ илэрхийлдэг. Гэсэн ч бодит байдал дээр бидэнд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж алга. УБТЗ-д удаа дараа хүсэлт хүргүүлж бичиг хүргүүлсэн. Наймдугаар сард гурван вагон гаргаж өгсөн. Есдүгээр сард хоёр вагон гаргаж өгөх талаар ярьсан ч одоо болтол шийдэгдээггүй. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ талбайд хураачихсан байна. Одоогийн байдлаар 1100 вагон нүүрс тээвэрт, 500 вагон Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал зөөж байна. УБТЗ-аас “Та нар хувийн вагонтай бол, эсвэл вагон түрээсэл” гэдэг. Тухайлбал, үйл ажиллагаа явуулаад 50,60 жил болчихсон Эрдэнэт үйлдвэр хувьдаа вагонгүй, түрээсийн вагон ашиглахгүй байхад өөрсдийн өртгөө ч нөхөж чадаагүй үйлдвэрүүд яаж өндөр үнэтэй воганаар үйлчлүүлэх вэ. Энэ тал дээр төрөөс дорвитой арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна” гэв.
Уулзалтын төгсгөлд Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт цоргоо олон болгоход бодлогоо чиглүүлж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, улс орны эрх ашиг, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, бий болгосон ажлын байр, төсөвт төлж буй татвараар нь төмөр замын ачааг эрэмбэлж вагон хуваарилалт хийх. Хоёрдугаарт, экспортын цоргоо олон болгож, томруулах. Үүний тулд Ханги-Мандалын төмөр замын холболтын цэг, төмөр замын терминалын асуудлыг шийдэж төмөр замын хоёр дахь гарцтай болох. Гуравдугаарт, Замын-Үүдээр нэвтрэх вагоны цуваа 8-10 байсныг 14 болгоод буй өнөөгийн түвшнээ хадгалах, цаашдаа 16-18 болгох асуудлыг БНХАУ-ын талтай ярилцаж аль болох богино хугацаанд шийдвэрлэх. Дөрөвдүгээрт, Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг хүчитгэх, шинэчлэх ажлыг яаралтай ажил хэрэг болгох. Тавдугаарт, төмөр замын тарифыг нэмэгдүүлж алдагдлыг бууруулж, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхдээ хүнс, шатахуун, ургац, цемент, эм эмнэлгийн хэрэгсэл гээд нийгмийн зориулалттай, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх ачаа барааны тарифыг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ. Эцэст нь ойрын хугацаанд төмөр замын ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг шударга, нээлттэй, ил тод, боловсронгуй болгох талаар бүх талын эрх ашгийн тэнцвэрийг хангасан нэгдсэн зөв шийдэлд хүрэхэд анхаарал хандуулахаа илэрхийллээ.