Цөлжилт, газрын доройтлыг бууруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн билээ. Монгол Улсын хэмжээнд 1.8 сая га талбай бүхий ой доройтоод байна. Үүний 1.5 сая га нь байгалийн сэргэн ургах чадвараараа ургаж, 300 мянган га талбайг зориудаар ойжуулах шаардлага тулгарч байна. Хэнтий, Завхан, Дорнод аймагт ойн доройтол хамгийн эрчимтэй явагдсан. Иймээс 300 мянган га талбайд зориудаар ойжуулалт хийхээс гадна говь, хээрийн бүсийн 290 мянган га талбайд хамгаалалтын ойн зурвас хийж, ойжуулахаар төлөвлөж байгаа. Ингэхдээ булаг, шанд усны эхийг хамгаалах ажлыг хийнэ. Мөн нэг га-д ойжуулалт хийх нормативыг шинэчлэн баталж, 2-3 дахин нэмэгдүүлсэн гэдгийг БОАЖЯ-ны ойн бодлогын газрын дарга мэдэгджээ
МУ-ын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувьд хүргэхээр тусгасан. Ойжуулалтын хүрээнд хийгдэх ажлуудаас онцлон дурьдвал ойн түймрээс хамгаалах ажлыг сайжруулах, нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20%-иар бууруулах, 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөжээ
Эдгээр үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын санал санаачилгаас үүдэн Монгол орны хэмжээнд ой мод тарих, ургуулах асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн энэ үед зориудаар ойжуулахад тохиромжтой талбайг зайнаас тандах судлал (ЗТС) ба газарзүйн мэдээллийн системийг (ГМС) ашиглан тодорхойлох аргазүйн судалгааг хийлээ. Энэхүү судалгааны зорилго нь ЗТС ба ГМС-ийг ашиглан зориудаар ойжуулах боломжтой нутаг дэвсгэрийн байршлыг оновчтой сонгох, төлөвлөхөд шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад тус болох аргачлал боловсруулахад оршино. Судалгааны талбайгаар Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын зарим хэсэг болон нийслэлийн Налайх дүүргийн хэсэг нутаг дэвсгэр багтсан Туул голын эх бүрэлдэх, зарим цутгал голууд багтсан 272,845 га талбайг сонгон авлаа. Галттай, Дэлгэр, Бугат, Дунд ботгот, Зүүн ботгот, Мухарт, Халзан ботгот, Зүүн Баян, Баруун Баян, Тэрэлж зэрэг том жижиг олон голууд Туул гол руу цутгаж ус хураах талбайг нэмэгдүүлж байдаг. 1940 оноос эхлэн Туул голын ай савд мод эхээр огтолсон, түймэрт өртсөн, хортон шавжинд нэрвэгдсний улмаас ойн нөөц доройтол, хомсдолд хүрсэн байна. Зураг 1-д судалгааны талбайн байршлын үзүүлэв. Эдгээр шалтгаанаас хамаарч Туул голын гадаргын урсац багасаж, зарим жилд хаврын улирал тасрах үзэгдэл ажиглагдах болсон. Туул голын ай савд нэн тэргүүнд ойжуулах шаардлагатай 200 гаруй га газар хуримтлагдаад байна. Иймд энэ талбайг судлаж нөхөн сэргээх, шинжлэх ухааны үндэслэл боловсруулах, эн тэргүүнд тулгамдсан асуудал болоод байна
Судалгаанд оптикийн Sentinel 2A хиймэл дагуулын 2020 оны 9-р сарын 26 болон синтетик апертурт радарын (САР)-ын Sentinel 1В дагуулын 2020 оны 5-р сарын 4-ны мэдээ болон Төв аймгийн Эрдэнэ сумын ойн зохион байгуулалтын материал [6], ГМС-д хадгалагдаж буй зарим орон зайн давхрагуудыг ашиглав. Оптикийн мэдээг газрын бүрхэвч болон ойн төрөл зүйлийн ангилалд, САР-ын мэдээг ашиглан орон зайн өндөр нарийвчлалтай өндрийн тоон загвар (ӨТЗ) гарган авч ашиглав. Мөн Landsat цуврал хиймэл дагуулуудын 1990, 2000, 2010, 2019 онуудын ба Sentinel 2A хиймэл дагуулын 2020 оны мэдээг газрын бүрхэвчийн ангилалд ашигласан болно.
Доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах талбайг тодорхойлох аргачлал боловсруулах энэхүү судалгаанд Ц.Дашзэвэгийн ойг нөхөн сэргээх, ойжуулах үндэслэлийн дагуу [3] морфометрийн буюу хотгор, гүдгэрийн хүчин зүйлс (гадаргын өндөр, хэвгий, зүг зовхис) болон ойн өөрчлөлт, ой, хээрийн түймрийн эрсдэл, газрын бүрхэвч, уур амьсгал, хөрсний чийг дулааны хангамж, хөрсний хэв шинж зэрэг хүчин зүйлсийг авч үзсэн болно. Гадаргын өндөр, хэвгий, зүг зовхисын зургуудыг гарган авахын тулд өндрийн тоон загвар (ӨТЗ) ашиглав. Судлаач Э.Нямжаргал нарын Sentinel 1B хиймэл дагуулын САР-ын мэдээг ашиглан ӨТЗ-ыг гарган авах аргачлалыг ашигласан болно
Энэхүү судалгаанд шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон бөгөөд тодорхой үр дүнгүүдийг гарган авлаа. Судалгааны талбай нь далайн түвшнээс дээш 1376-2368м-т оршиж байна. САР-ын мэдээ ашиглан гарган авсан ӨТЗ-ын орон зайн шийд 10м. Зураг 2-т өндөржилтийг харуулав. ӨТЗ-ыг ашиглан гарган авсан налуу, хэвгий болон зүг зовхисын зургийг Зураг 3, 4-т үзүүлэв.
Монгол орны ой ургамалжилтийн мужлалаар Өвөр байгалийн ой ургамалжилтийн мужийн Зүүн Хэнтийн хошуунд хамаарагдана (Цэдэндаш, 1996). Монгол орны ойжуулалт, ойг нөхөн сэргээх мужлалаар Өвөр байгалийн ой ургамалжилт, ойжуулалт, ойг нөхөн сэргээх мужид хамаарагдана. Энэхүү мужид ойн түймэр, нилэнхүй огтлолтын дараа хусан ой ургах бөгөөд зориудаар нөхөн сэргээх шаардлагатай. Үндсэн төрлийн шилмүүст ойн талбайд орлон ургасан хусан ойг хэсэг бүлгээр, эсвэл нарийн зурвасаар нэлэнхүйд нь огтолж, үндсэн төрлийн ойг зориудаар нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн байна.
Газрын бүрхэвч: Landsat 8 хиймэл дагуулын 2019 оны 9-р сарын 26-ны оптикийн мэдээг газрын бүрхэвчийн ангилалд ашиглав. Туслах векторын машин сургалтын аргаар ангилал хийн газрын бүрхэвчийн зургийг гарган авлаа. Газрын бүрхэвчийг ангилахын тулд нийт 20247 пикселийг сигнатур болгон сонгон авсан бөгөөд ангиллын нийт нарийвчлал 91.29% байв.
Ойн талбайн өөрчлөлт: Эхлээд ойн бүрхэвчийн талбайг олон цаг улирлын сансрын мэдээ ашиглан гаргалаа Зайнаас тандсан олон цаг улирлын сансрын мэдээ ашиглан ойн бүрхэвчийн талбайн өөрчлөлтөөс үзэхэд 1990-2019 оны хооронд тогтмол буурсан бөгөөд нийт талбай 87.3801 км2-р хорогдсон байна. Зураг 5-д 1990-2019 оны ойн талбайн өөрчлөлтийг харуулав.
Доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах талбайг тодорхойлоход дээрх шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон бөгөөд шаталсан дүн шинжилгээний аргаар нэгдсэн үр дүнг гарган авлаа. Судалгааны талбайг нэн тохиромжтой, тохиромжтой, тохиромжгүй, нэн тохиромжгүй гэж 4 ангилан зураглалаа. Мөн ойн зохион байгуулалтын материалаас ойжих болон ойжуулсан талбайг давхцуулан харахад ихэнх талбай нь нэн тохиромжтой ангилалд тохирч байлаа.
Орчин үед ГМС ба агаар сансрын түвшнээс зайнаас тандсан мэдээг төрөл бүрийн сэдэвчилсэн судалгаанд өргөнөөр ашигласаар байгаа бөгөөд хиймэл оюун болон зүйлсийн интернет (IoT) зэрэг ахисан түвшний технологиудыг орон зайн дүн шинжилгээ, хэрэглээнд эрчимтэй ашиглаж байна. Олон эх сурвалжийн янз бүрийн өгөгдөл, мэдээ, судалгааны дүн болон өндөр түвшний технологиудыг экологийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ихээр ашиглах болсон. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах бэлчээр, ус, ой, хөдөө аж ахуйн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд ашиглаж байна.
Энэхүү судалгаагаар ЗТС ба ГМС-ийг ашиглан нөхөн сэргээлт хийх, ойжуулах талбайг сонгох, байршлыг нь тогтоох, зураглал боловсруулах боломжтой юм гэж дүгнэлээ.
Мөн түүнчлэн энэхүү аргын дагуу тодорхой бүс нутгийн (аймаг, сум, нийслэл) түвшинд зориудаар ойжуулахад тохиромжтой байдлын нэгдсэн үнэлгээг хийх боломжтой юм гэж үзлээ. Энэхүү судалгааны үр дүн болох боловсруулсан аргачлал нь доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах талбайг сонгох, төлөвлөхөд шийдвэр гаргагч болон судлаачдад тус болох юм. Энэхүү судалгаа нь ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн “Монгол орны газарзүй, геоэкологийн асуудлууд” эрдэм шинжилгээний бүтээлд бүрэн эхээрээ хэвлэгдэхээр
хяналтын шатанд явж байгаа болно.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн