БШУЯ-наас 2013 оноос эхлэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд сурагчдад зорилготой суралцах, үр дүнд хүрэх зан чанар төлөвшүүлэх зорилготой “Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөрийг нийслэлийн 93-р сургууль дээр хэрэгжүүлж эхэллээ.
“Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөр 93-р сургуулийн 6-12-р ангийн сурагчид хамрагдаж байгаа юм. Ингэхдээ манлайлагч хүмүүсийн амьдралаас суралцах, байгаль орон нутгийн хөгжилд тустай үйлс хийх эрмэлзлэлийг хөгжүүлэх, сургууль эцэг эх, төрийн бус байгууллагын хамтын бүтээлч ажиллагааг хөгжүүлэх зэрэг зорилготой амьдрах арга ухаанд сургах 5 үндсэн зорилтын хүрээнд хөтөлбөр хэрэгжих юм байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сурагчдын 90 гаруй хувь нь дугуйланд хамрагдаж, боловсролын өдөр тутмын үйл ажиллагаанд тухайн орон нутгийн удирдлага, эцэг эх оролцдог болсон гэж салбар яамныхан дүгнэж байна.
“Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөрөөр сурагчид 7 хоногоос сарын хугацаанд зорилгын дэвтэр дээр тэмдэглэл хөтөлж, үр дүнг эцэг эх багшийн хамт дүгнэх юм. Цаашлаад 2021 онд манай улсын боловсрол олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдах урт хугацааны зорилт ийнхүү хэрэгжиж байгаа болохыг салбар яамныхан нь онцоллоо.