Categories
мэдээ нийгэм

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны хугацааг цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс тооцно DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.05.04) ХУУЛЬ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Хуулийн төсөлд тусгасан асуудлуудыг товч танилцуулбал.

1.Шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болсон өдрийг гүйцэтгэх хуудсанд дурдаагүйгээс ял эдэлсэн хугацааг харилцан адилгүй тоолж, ялтанд ял завших боломж бий болгож байх тул зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны ял эдэлсэн хугацааг тоолохдоо шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс бус ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхэлж тоолох зохицуулалтыг тусгалаа.

2.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал дахь дотоод аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг, оролцоо бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах зохицуулалтыг тусгалаа.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270.7-д “Цагдан хорих төв, байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн болон согтуурах, мансуурах донтох эмгэгтэй этгээдийг албадан эмчлэх байгууллагын ажилтныг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзнэ.” гэж заасан. Энэ нь баривчлах төв болон баривчлах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хамаарахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хуульд заасан эрх зүйн байдал харилцан адилгүй, ялгамжтай байдлаар зохицуулсан байх тул баривчлах төв болон байранд ажиллаж буй алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзэх өөрчлөлтийг тусгав.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох зохицуулалтыг тусгалаа. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цэргийн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажлаас чөлөөлөгдсөн иргэнд энэ хууль үйлчлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчдын эрх зүйн байдал, нийгэм, эдийн засгийн баталгаа хангагдахаас гадна зорчих эрхийг хязгаарлах ял бодитой хэрэгжих боломж нөхцөл бүрдэх бөгөөд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *