Categories
мэдээ нийгэм

“Зорчигч тээврийн нэгтгэл” хүүхдийн ертөнцөд өнгө нэмэхээр боллоо

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс санаачлан “Хүүхдийн ертөнцөд өнгө нэмье” аяныг нэгтгэл, 1, 2 дугаар баазуудын захиргаа удирдлага, инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулахаар боллоо. Энэхүү аян нь хүүхдүүд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч боловсрох, сэтгэхүйг хөгжүүлэх, танин мэдэхүйн орчинг бүрдүүлэх, зөв төлөвшил олгох ач холбогдолтой.

2018 оны долдугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны наймдугаар сарын 25-ныг дуустал сарын хугацаанд аян өрнөнө. Аяны хүрээнд ажилчид дууны, үлгэрийн, түүхийн буддаг, зурагт ном, оюуны, спортын, зөөлөн тоглоом гэх мэт эрүүл ахуй, чанарын шаардлагад нийцсэн сэтгэлийнхээ бэлгийг хүүхдүүдэд хандивлах боломжтой. Хандивын ном, тоглоомыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамтран ажилладаг 94 дүгээр цэцэрлэг болон хоёрдугаар баазын ажилчдын “Бүтээлч багачууд” цэцэрлэгийн хүүхдүүдэд хүлээлгэн өгөх юм.

Аяныг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар үг хэллээ. Тэрбээр ДХШХ-ээс зохион байгуулж байгаа аянд идэвхитэй оролцон хүүхдүүдэд туслахын зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаж, ажлын зохион байгуулалт, дэг журмыг сайжруулахыг үүрэг болгосон.

Дараа нь аяны шилжин явах тугийг нэгдүгээр баазын удирдлагуудад ДХШХ-ийн дарга Д.Отгонсүрэн гардуулан өгөхдөө “ДХШХ хяналт шалгалт хийхээс гадна нийгмийн сайн сайхны төлөө, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, бусдад туслах үүрэгтэй. Тиймээс энэ аяныг өрнүүлж байгаа бөгөөд айл өрх, хүн бүрт бусдад туслах сэтгэл, хүүхдүүдэд өгөх илүү тоглоом, ном байдаг. Ирээдүй хойч болсон багачуудаа амарч, сурч, тоглох, ертөнцийг танин мэдэхэд нь тусалж сэтгэлийн зүрхнээсээ аяндаа нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа “Хүүхдийн ертөнцөд өнгө нэмье” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *