“Та чинь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн албаа өгчихлөө” гэх асуултаар бид хоёрын яриа эхэлсэн. Миний бие сэтгүүлчдийн байгууллагын тэргүүнийд өнжлөө гэх маягаар явчих санаатай асуусан нь тэр юм. Ингээд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Хархүүгийн Мандахбаярынд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Гэрт нь очиход “Монгол коммент”-ын Билгээ тэр хоёрын “80 дугаар микрофон” нэвтрүүлэг телевизээр гарч байна. Манай хүн уг нэвтрүүлгээ үзэж сууснаа “За дүү ч алаад хаячихлаа шүү. Намайг сайн яриулсан байна” гэх шиг сэтгэл хангалуун байгаа нь илт. Сэтгүүл зүйн өвөрмөц өнгө, нэр нүүр нь болсон мань хоёрын “80 дугаар микрофон” ч “галзуу” болно лээ. “Ерөнхий сайдын шийдвэрийг урж базаад ард түмний нүүр рүү шидэх гэж байна” хэмээх гарчиг бүхий сонины ярилцлагууд гээд сүүлийн үеийн хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн шуугиан болж ард түмний нүдэн дээр ил байгаа түүнтэй ярилцана гэдэг надад амаргүй санагдсан. Үндсэндээ хэвлэлээр баахан “нүдчихсэн” эрхмийг дахиад шинээр нээнэ гэдэг хэцүүхэн даваа байдаг л даа.
Мандахбаяр сэтгүүлчийн хувьд Монголын нэртэй найрагчдын нэг “Халуун говийн Хархүү” гэж алдаршсан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Эрэнжидийн Хархүүгийн хүү юм. Хархүү ах Монголын их утга зохиол, бичиг соёлын ертөнцөд нэгэн жарны туршид өмнийн говио төлөөлж буй ганц ноён нуруу нь. Тэртээ жараад оны сүүлээр Сономын Удвал гуай “Уран үгсийн чуулган”-ыг анх санаачлахдаа бага балчир насаа үдсэн өмнийн говиос эхлүүлсэн байдаг. Тийн явахдаа их Явуу, Сэнгийн Эрдэнэ, Дэндэвийн Пүрэвдорж гээд аваргуудаа дагуулж очсон. Энэ үеэр ёстой нөгөө говийнхоо тааныг ханхлуулж, гоёоны дарс шигээ ааг омогтой шүлгүүдээ уншиж найрагчдын эгнээнд шууд элссэн хүн бол Эрэнжидийн Хархүү байдаг. Тэрээр “Монголын утга зохиолд би говь хангай хоёроор хоёр талаасаа түшүүлсэн хувьтай хүн” гэдэг нь Дэндэвийн Пүрэвдорж, “Говийн өндөр” Сормууниршийн Дашдооров хоёр багшийгаа хэлж буй. Ийм л хувь заяаны эзэн Хархүү найрагчийнд дээрээ нэг эгчтэй, дороо гурван дүүтэй айлын том хүү болж төрсөн нэгэн бол Мандахбаяр юм. Тэрээр Цогт-Овоо суманд эхээс мэндэлсэн байдаг. Аав нь Ханхонгор, ээж нь Баяндалай гээд бодохоор халуун говийн олончиг сумыг дамнан орших тавилан оногджээ гэж болохоор. “Би чинь Адьяа тайжийн гуч хүү, Жанцан тойны ач хүү” гэж удам угсаагаа тодотгосон. Яагаад ингэж тодотгов гэж анзаартал мань хүнийг нөгөө айхавтар Тосон бумбын тэмцлээр явж байхад нэр хүндийг нь гутаах гэсэн олон дайралт дунд хэнд ч гэмгүй, зөвхөн ном эрдмийн төлөө, ардын хүүхдийг сургах ажилд гуч гаруй жилээ зарцуулж ирсэн найрагч аавыг нь “Хятадын эрлийз” болгон дайрсан юм билээ. “Байгаль эх хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгээр Ханхонгор суманд очиход Хархүү ахыгаа хужаа гэж хэлүүлсэндээ ясных нь дургүй хүрсэн авга эгч Сайнтуяа нь “Адъяа тайжийн гуч хүү, Жанцан тойны ач хүү Хархүүгийн Мандахбаяр” хэмээн тайж гаралтай, найрагч аавын минь хүүг та нар хужаа гээд үз л дээ гэсэн шиг шазууртай нь аргагүй олон түмэнд зарлажээ. “Би Цогт-Овоод төрөөд гурван нас хүртлээ амьдарчээ. Аав минь хичээлийн эрхлэгч, ээж цэцэрлэгийн эрхлэгч. Хоёулаа өглөө эртээ ажилдаа гарна. Би бас ялгаагүй ажилдаа гарна” гээд багынхаа төрхийг яриад инээд алдаж сууна. Чармай нүцгэн жаал аав ээжийнхээ адил өглөө айл хэсэх албандаа гарч говийнхоо алтан шаргал элсэн дундуур манаргаж явдаг гэж байгаа. Ойр тойрны айлууд нь өхөөрдөөд цодгор түүнийг ирэх үед хаалгаа түгжчихнэ. Хэн бэ гэхээр “Мандаа нь байнаа, хаалгаа онгойлгоорой” гэж хээв нэг том хүн шиг хэвлүүхэн нь аргагүй хэлэхийг нь сонсох гэж тэгдэг байж л дээ. Эл бүгдийг ярьж инээд наргиан болж байтал “Хүний амьдрал гэдэг жаргал зовлон ээлжилдэг, алаг тавилан юм. Миний бага насанд хамгийн тод үлдсэн зүйл гэвэл хоёр дүүгээ хэл орчихоосой гэж горьдон мөн ч их залбирдаг байсан” гээд наргиантай төрх нь бодлогошролоор хоромхон зуурт солигдсон. “Аав ээж хоёрт минь яваагүй газар, уулзаагүй эмч гэж ховор. Ёстой л арга цөхрөхдөө анагаахын шинжлэх ухаанаас бариач эмч домч хүртлээ явсан” гэв. Энэ болзоогүй зовлонт байдал Хархүү найрагч, багш, сурган хүмүүжүүлэгчийг говиос нь Улаанбаатар руу хөтөлсөн байна. Хоёрын хоёр эгдүүтэй үрээ хэл орчихно гэж горьдсон ижий аав аргагүйн эрхэнд хувь заяатайгаа эвлэрч 1989 онд хаа байгаа Ханбогд галбын говиос ЗИЛ-130 дээр гэр бараагаа ачиж хоёр хоног явж байж хотын бараа харжээ. “Багахангайд хичээлийн эрхлэгчийн орон тоо бий” гэсний дагуу Багахангайн айл болж том эгч нь хоёр дүүгээ хотод харж 29 дүгээр тусгай сургуульд сургасан байна. Ухаан санаа сэргэлэн, шатар нүүгээд гэрийнхнийгээ гаргаадаггүй хоёр дүү нь өдгөө нэг нь таван хүүхэд, нэг нь гурван хүүхэдтэй сайхан айл болж, тэгш дүүрэн амьдарч яваа гэнэ. Төрсөн хүүхдүүд нь бүгд хэл ярианы ямар нэгэн асуудалгүй гэхийг сонсоод сэтгэлд баяр төрж л суулаа.
Математикийн хичээлд дуртай, тоо сайн боддог Мандахбаяр 1996 онд аравдугаар ангиа төгсөөд IQ-гийн Цэрэнгийн Дэмбэрэл докторын “Хан-Уул” дээд сургуульд хэрэглээний математикч, бизнесийн эдийн засагч гэсэн хос мэргэжлээр суралцжээ. Монгол Улсын их сургуулийн төлбөр 110 мянга байсан бол “Хан-Уул”-ийнх бараг гурав дахин их буюу 290 мянга байсан гэдэг. Гэвч эдийн засагч болгоно гэсэн ээж аав, математикч болно гэж зүтгэсэн өөрийнх нь хүсэл биелсэн учир дуртайяа орсон байна. Ерөнхий сайд Бямбасүрэн гуай, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай гээд дандаа луугарууд багшилж байж. Эхний хоёр жил онц дүнтэй суралцаж, багш нарынхаа хүндэтгэл хүлээсэн оюутан байсан аж. Харин хоёрдугаар курсээ төгсөөд байх тэр жил хувь заяа түүнийг хэвлэлийн салбар руу эргэлт буцалтгүй оруулжээ. “Би чинь эрт аав болсон хүн. Том охин Оюунболор маань мэс заслын мундаг эмч болно гэж зорилго тавьсан анагаахын гуравдугаар курсийн онц сурлагатай оюутан бий. Юм гэдэг сонин шүү. Охиноо нялх байхад хүүхдийн сүү авах гэж Бөмбөгөрийн тэнд гүйж яваад азын сугалаатай таарлаа. Тогдгор Галсантогтох гавьяат “гурван ширхэг сонин 1000” гээд хонжвортой сугалааны эрх өгч байна. Хартал угаалгын машин нүдэнд тусдаг юм, хүүхдийн даавуу угаадаг хүнд чинь шууд л машин хожчих юм шиг санагдлаа. Тэгтэл “Хувийн амьдрал” сониныг бүтэн улирал үнэгүй захиалах эрх хожлоо. Сугалааны сонингоо үзэж байтал сурвалжлагч ажилд авна гэж байна. Оюутан хүүхэд ажилд авдаг болов уу гэж сонирхтол, авьяастай чадалтай бол мэдээ материал бичиж өгөөд шагналаа аваад явчихаж болно оо гэв. Нэг мэдээг таван зуугаас таван мянгаар үнэлнэ гэдэг юм. Хорхой хүрээд нүд сэргээд явчихлаа. Хүүхэд нялх, дээр нь шалдан оюутанд мөнгө л хэрэгтэй нь мэдээж. Ингээд мэдээ олох ажилдаа гарсан даа” гэлээ. “Эрхэт Монгол медиа групп” гэж бас нэг том хэвлэлийн “вант улс”-ыг бий болгосон түүний зам мөр ингэж мэдээгээр эхэлжээ. Гэхдээ бас инээдтэй. Алиалагч Батсүхийг дам мэддэгийн хувьд ганц шил юм аваад түүнээс урлаг соёлынхны холбоотой мэдээ олж дуулахаар очжээ. Батсүх гавьяат байдгаа ярьсан байдаг. Ёстой кино шиг, хошин шогийн тоглолт шиг л юм яриа биз. Түүнийг нь дэвтэр дүүрэн бичиж аваад “Хувийн амьдрал” сонинд бүтэн хоёр нүүр дүүрэн гаргаж, анхны шагнал болох 26 мянган төгрөг халааслаад хөл нь газар хүрэхгүй амьтан гэртээ очжээ. “Үржингийн Хүрэлбаатар шавийнхаа “Улаанбаатар” сонинд 36 мянган төгрөгийн цалинтай аав нь анхны шагналаа аваад ирж байгаа хүүдээ баярлахаас яахав. “Нүднийх нь нулимс цийлэгнээд баярлаад байсан” гэж хүү нь хэлнэ билээ. Өнөө онц сурлагатан чинь сургуулиасаа жилийн чөлөө авч сонины ажилд эргэлт буцалтгүй шуударчээ. Нойр хоолыг умартаж зүтгэсэн байна. Намуудын байр, төрийн ордон гээд орохгүй газаргүй. Сарын цалин 400, 500 мянгаас бууна гэж байхгүй. Өдөр бүр сонины хадаас хийж хяргаж байжээ. “Та тэр олон “хадаасууд” дундаасаа гуравханыг жишээ болгон онцлохгүй юу” гэж хатгалаа. Тэгтэл юу ярьсан гэж бодно. Кино шиг л юм ярьж хоёулаа инээхдээ инээж, хуучин дурсамжуудыг нь сөхөн миний бие бахдан баярлаж, сэтгэлийн таашаал эдэлсэн.
Ингээд Мандахбаяр сэтгүүлчийн гурван “хадаас”-ыг цагаан түүхээр эхэлье гэв. 2004 онд Намбарын Энхбаярыг хаан байхад түүний өөдөөс дуугарч чаддаг цөөхөн хүн байсны нэг нь Нацагийн Багабанди байв. Багабанди Ерөнхийлөгч хэвлэлээр ярилцлага өгөөгүй нэлээд удсан үед 2004 оны Их хурлын сонгуулийн өмнө Багбанди Ерөнхийлөгчөөс ярилцлага авчээ. Тус ярилцлага Улс төрийн хүрээнд ялангуяа тухайн үеийн МАН дотор томоохон шуугиан дэгдээж байсан юм. Хоёр дахь “хадаас” гэвэл казиногийн гурав байна. Би бүгдээс нь ярилцлага авсан. Эхлээд Байгаль гуайг Ганц худагт тоосгон дээр байхад нь яриа авсан. Тэгээд Баттулгаас авлаа. Хууль зүйн сайд байсан Батчулуун гуайгаас шоронгоос гарчихсан бие нь тааруу байхад авч байсан. Энхбаатар нь үлдчихдэг юм. Түүнтэй утсаар холбогдоод л үй зайгүй залгаад, мессэж бичээд байлаа. Тахир соёотын наахна уулан дээр антен манадаг юм байна. “Чи тийм хоншоортой юм бол уулан дээр гараад ир, тэгвэл би чамд яриа өгье” гэдэг юм. Т.Амардаваа эрхлэгчээс 80 мянган төгрөг цохуулж аваад тээврийн товчоон дээрээс “жаран ес” хөлсөлж дөрвөн дугуйнд нь гинж хийж аваад хөдөлсөн. Ингэж өвлийн жавар тачигнаж байхад уулыг хэрж явсаар орой дээр нь гарлаа. “Чи ёстой овоо гар юм даа” гээд буриад нөхөр чинь инээгээд зогсож байсан. Би ганц шил вискигээ задлахад юун миний тэр вискиг тоох манатай, “Байгаль” гэдэг цэвэр усыг авдар авдраар нь битүү өрчихсөн, цонхон дээгүүр нь том том виски дүүрчихсэн, хоёр туслахдаа үүрэг өгөөд өөхтэй мах чанаад сууж байлаа. Их хурлын гишүүн байсан, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшиж байсан хүн шоронд тийм л байсан. Мань эр хэргээ задална аа гээд л, ардчиллын томчуудыг бүгдийг нь нэр устай нь хусаад, ёстой цус гарсан ярилцлага болсон. Казино Энхбаатартай тэр дугаар цөм авсан, гурван ч удаа хэвлэгдсэн санагдана. Хэвлэгдээд л зарагдаж дуусаад л дахин хэвлэгдээд Монголын нийгмийг тухайн үед шуугиулсан. Энэ яриа миний сэтгүүлчийн карьерыг үнэхээр өсгөсөн” гээд инээд алдаж сууна. Цус амтагдсан яриаг ингэж хийсэн түүний гурав дахь шуугиан нь Сүхбат Өсөхбаярыг тийрдэг тэр жилийн наадамтай холбоотой юм билээ. Наадмын сурвалжлагад явахдаа хариуцлага алдаж, хадаас яриагүй тууж иртэл бусад сонинууд дээр Бат-Эрдэнэ аваргын яриа, “тийрдэг” Өсөхөө аваргын яриа гараад иржээ. Амраа эрхлэгчдээ зайл гэж хөөгдөхдөө А.Сүхбатаас авна гээд амлачихаж. Пагмажавын Даваасүрэн найзтайгаа хоёул Сүхбатын сургийг тавьтал Тэрэлжийн Шивэртийн аманд Баянаа аваргын зуслан дээр байна гэнэ. Наян жилийн ойн наадмын түрүү бөхөд баяр хүргэх гэж байгаа хүн болоод туугаад очжээ. Даваасүрэн нь Увсын нөхөр учир Баянаа аваргатай дороо л хэл амаа ололцож нэг мэдэх нь ээ гэрийнх нь хоймор эгээтэй л гарчихалгүй суув гэнэ. Хүмүүс аваргад боодол боодол мөнгө өгөөд л, хөөрөг ч бэлэглэж байх шиг, тэр бүгдийг тэмдэглээд байгаа. Баахан дайлуулж цадталаа хоол идэж, ганц нэг татаад бүр сайхан яриа орчихсон байж байтал хэрэг бишдэх нь тэр. Сүхбат аваргын гэргий Баянаа аваргын охин Баясгалан орж ирээд “Энэ хоёр сурвалжлагч юу хийж яваа юм” гэтэл Баянаа аварга “Өө сурвалжлагч байсан юм уу, гар та хоёр, хэн ир гэсийн” гээд баахан дайлсныхаа дараа хөөв гэнэ. Сүхбат аварга өнөө хоёрыг чинь чихдээд “Яаж байгаан та нар, айлыг ингэж болдог юм уу” гээд гаргачихаж. “Ах аа уучлаарай, танаас яриа авъя гэж зөндөө залгаад утсаа аваагүй, аргагүйн эрхэнд ингээд ирлээ” гэхэд “Та хоёрт би ярилцлага өгөхгүй. Айлд ирээд хөгшин настай хүнийг ч хүндлэхгүй, ямар хаашаа нөхөд вэ” гээд гэрийн гадаа суув гэнэ. Энэ зуурт “Өсөхөө аваргыг тийрэхэд аймаар өвдсөн үү” гээд асуугаад авчээ. “Өвдөхгүй яахын тэр чинь, нүд харанхуйлаад л явчихаж байгаа. Өөрийн эрхгүй эвхрээд уначихаж байгааг та нар хараа биз дээ” гэж хэлчихээд бас л яриа өгөхгүй гэдгээ өчжээ. Бас дуугүй явчихалгүй “Таныг ам мэх хийсэн гээд байгаа” хэмээхэд “Ам мэхсээд байх юу байхав, барилдаж л байгаа юм чинь” гэв. Гэр дотор нь Баянаа аварга наадмын өндөр даваанд ам мэхэнд унаж байгаа бол бөх биш л дээ” гэдэг үгийг аваргаас асуусан нь тэр. Үүнийг лавшруулах маягтай асуутал “Тийн ш дээ, давахын төлөө бүх юм аа л хийнэ ш дээ” гэснээ мөн л яриа өгөхгүй гээд хөөж туусан байна. “Намайг баашилсан гээд байгаа хүмүүс Өсөхөөгийн тэмээн тавхай шиг хөлөөр өшиглүүлээд нэг үзэхгүй юу, ямар байх нь уу” гэх утга бүхий нөгөө сенсаци үгийг тэгэхэд л Сүхбат аваргын амнаас гаргаж чадсан байдаг. Сонин дээр Баянаа аваргынд болсон үйл явдал хэн хэн боодолтой мөнгө, хөөрөг өгсөн зэргийг нэг бүрчлэн бичээд Сүхбат аваргатай ярилцсан биш хөөрөлдсөн болгож гаргаснаа хэлж, хоёул элгээ хөштөл инээж суув. Бас болоогүй сурвалжлагынхаа төгсгөлд аврагдаа олон жил дараалан түрүүлэхийг ерөөгөөд үнэнхүү шүтэн бишрэгчийн хувиар үзсэн дуулснаа таны фанатуутай хуваалцахгүй байж чадсангүй хэмээн аргадсан гэж байгаа.
Хархүүгийн Мандахбаярынд өнжсөн маань ийм л нэг инээд наргиантай яриа хөөрөөгөөр үргэлжилсэн юм. “Хан-Уул” сургуульдаа зургаан жил сурч байж төгссөнөө, хоёр жил болоод зургаан сонины ерөнхий редакторын албатай болж сардаа хоёр сая төгрөгийн цалин авдаг байснаа, 2002 онд “Зиндаа” сониныг “Кёкүшюзан хөгжил сан”-гийн байрны подвальд эхлүүлж байснаа гээд мөн олон зүйлийн талаар ярилцсан. “Зиндаа” сонин хүчээ авч 2004 оны нэгдүгээр сар гэхэд 48 мянган захиалагчтай болж “Зиндаагийн Мандахбаяр” гэдэг нэр домог болж, Солонгосын киноны Ким Духаныг дуурайсан хар драпан пальто, цагаан ороолт, хар шлаяпитай залуу 9911-тэй дугаар барьчихсан ганган хар форд, нүдэн бенц гээд хоёр машин зэрэг унадаг, өнөөх солонгос киноныхоо од шиг мандаж явжээ. “Хар сарнай”-гийн Амараа, Маадай, “Камертон”-ы Болд, Ганаа, дуучин Минжинсор нартай найзалдаг, тэднээсээ ганган, үеийнхэндээ бол тэднээсээ дутахааргүй од нөхөр явсан байна. 2005 он гээд 17 компани, хэвлэл мэдээллээ оруулаад 21 аж ахуйн нэгжтэй босс манаргаж байж. Тэрхүү яриа дундуур нь “Гэнэт баяжих хэцүү биз” гээд асуучихлаа. Шуудхан “Гэнэт баяжих л хэцүү дээ” гээд үнэнээсээ инээж байна. Хадгаламж зээлийн хоршоо байгуулж бүр их мөнгөтэй болсон хүн чинь 2006 оны сүүлээр дампуурч 1200 хүнд 2.7 тэрбум төгрөгийн өртэй үлдсэн гэдэг. “Яг арван жил ах нь өр төлж амьдарсан” гэж үнэнээ өчсөн юм. Эхний зургаан жил бол өр төлөхийн төлөө амьдарсан. Сүүлийн дөрвөн жил бизнесээ босгохын зэрэгцээ өрөө төлөөд л явсан даа гэв. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын үеэр шоронд орчихоогүй боловч оюун санааны хувьд шоронд байсан гэж нэгэнтээ хэлснийг ойлгож байв. “Хүн чинь унаж байж л юмыг мэдэрдэг юм билээ” гэсэн нь хий нь арилсан бөх гэдэг шиг санаа сэтгэлд буусан. “Ах нь дахиад хэвлэлээрээ босч ирсэн хүн шүү” гэж хэлсэн нь аргагүй л цусанд нь байдаг юм байна даа гэж бодогдсон. “Зиндаа” гэх овог нь, алтан титэм нь болсон эл үгэнд л учир байх шиг. Тэрээр 10 жил өр төлж бүр хасахын хасахаас бүхнийг эхэлснийхээ дараа хөл дээрээ тогтох нэг хөшүүрэг нь “Зиндаа.мн” сайт болсон гэдэг. Мөн “залуу.ком” сайтыг хаагдаад байхад нь босгож ирээд нэр бүхий хүнд 51 хувийг нь 800 саяар, 41 хувийг 350 саяар зарж өөр бусад бизнес рүү орсон гээд “дахин сэргэлт”-ийнх нь түүх эхэлнэ. 2017 онд Өмнөговь аймгийнхаа МАН-ын хорооны дэд даргын албыг аваад бүх сумаа бүтэн гурав тойрсон байдаг. Тэгж явахдаа нөгөө цуутай Тосонбумбын тэмцлээ эхэлсэн юм билээ. “Энэ салбарт хайртай, энэ салбарт дуртайн хувьд би өөрийгөө олж авсан. Олон түмэн намайг тэмцэгч гэж харж байна, бид энэ тэмцлийг сэтгүүлчийн буянд олж авсан. Салбарын ажлаа хаяад уул уурхайтай тэмцээд явчихлаа гэж сэтгүүлчид хэлдэг, би тэмцэх ёстой ш дээ. Эх нутгаа хамгаалах гээд энэ тэмцэлд орсон. Микрофоноо бариад Тосонбумба руу явсан. Тэр үед телевизээр цацах боломжгүй байлаа. Ингээд л “Тосонбумбын нулимс” гурван цувралаа сошиалаар цацаж шуугиан болгосон. Тагнуулынхан Ганц худагт гурав хоног хорьсон, ямар ч асуудалгүй зүйл дээр шалгагдаад гарсан. Энэ намайг хурцалсан, улам хэрсүү байх хэрэгтэйгээ ойлгосон. Зохион байгуулалтад орох ёстой, шийдлийг олох ёстой юм байна гэдгийг ойлгож иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан. Энэ тэмцлийн төлөө явж байгаа хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах менежмэнтийг хийсэн. Энэ бол ялалтын үндэс суурь нь болсон гэж боддог. Хамгийн том мөнгө эргэлддэг уул уурхайн салбарыг авлига, ашиг сонирхлоос ангид, ил тод болгохгүйгээр Монгол Улс хөгжил ярих боломжгүй” гэж хэлсэн.
Арван жилийн хугацаанд өрөө яс төлж дахин бизнесээ эхлүүлэн, эх нутаг байгаль дэлхийнхээ төлөө амь хайрлахгүй эрмэг зоримог тэмцэж буй түүнээс “Өрийг төлж дуусгадаг болохоос өрнөөс зугтаж,өрийг луйвардаж дуусгадаггүй. Эцсийн зоосоо өгч байж л өрийг дарна. Үүнийг уул уурхай руу увайгүйгээр улайран дайрч байгаа нөхдүүд бодох ёстой. Та нар уулыг ухаад, усыг эргүүлээд, рашаанаар алт угаачихсан ш дээ, энэ байгаль ээжийн өрцийг нь цоолоод элгийг нь эмтлээд алтыг нь аваад идчихсэн ш дээ. Түүнээс үр хүүхэд, удам судар чинь идэж байгаа ш дээ. Энэ өр заавал төлөгдөнө гэдгийг бүү мартаарай” гэж хэний ч сэтгэл сэрдхийхээр хэлсэн айхтар үгийнх нь талаар асуухад, “Байгалийнхуулийгхэн ч сөрж чадахгүй. Тиймээс уул уурхайг хариуцлагатай, байгальдаа ээлтэй, хүн арддаа өгөөжтэй хэлбэрээр эрхлэн явуулах ёстой. Үүний төлөө л бид тэмцээд байгаа юм” хэмээн тодорхой хариулсан юм. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Алтан ууланд хууль бус үйл ажиллагаа явуулж, Торомхоны нүдний рашааныг ширгээн, уулын сайрыг хусч алт угаасан, малчдыг өвөлжөөнөөс нь хөөсөн БНСУ-ын100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ майнинг” ХХК-ийн талаарх мэдээлэл, шаардлагыг БНСУ-ын элчин сайд Ли Ё Хунд өөрийн биеэр гардуулж өгснийг, мөн 2022 онд болох Дэлхийн сэтгүүлчдийн XXXI Их хурлыг хүлээн авах шалгаруулалтад 20 гаруй оноос Монгол Улс сүүлийн гуравт тунаж үлдээд буй тухай, Монголын сэтгүүл зүй, монгол сэтгүүлч тэгж л дэлхийн тавцанд тодорно гэдгийг түүний сэтгүүлчдийн байгууллагыг толгойлж ажиллахдаа том зорилтынх нь нэг байсан зэргийн талаар ярилцлаа. МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажилласан байгаль хамгаалахын төлөөх тэмцэл хөдөлгөөнд оролцсон дээрх хугацаанд хатуу итгэл үнэмшил олж авсан нь сэтгүүл зүйг хараат бус болгох. Монголын сэтгүүл зүйн хараат бус байдал алдагдсан гэж тэрээр шуудхан хэлдэг. Тиймээс “Хариуцлагатай уул уурхай, хараат бус сэтгүүл зүйн төлөө зүтгэнэ” гэж олны өмнө бардам зарласан нэгэн. “Би багаасаа аавынхаа уран тансаг шүлгүүдийг уншиж, цээжилж хөдөөгийн агь ганга, таана хөмүүл ханхалсан монгол найргийг амталж өссөн. Миний мах цус эд эс, оюун бодолд үндсэрхэг чанар байгаа. Аавын тэр уран тансаг зүйрлэлтэй шүлэг, үг өгүүлбэрүүд миний эд эс бүхэнд шингэсэн. Тэрхүү шүлгийн амь амьсгалаар дамжаад бага балчраасаа нутагтайгаа, халуун говьтойгоо сүлжигдэж нэгэн цул болсон” гэж хэлсэн түүнд говийнхоо уул ус, ургамал, амьтдыг хамгаалах бүр нэг зүрхнийх нь тангараг байдаг гэлтэй.
Ер нь тэгээд эх оронч гэдэг ойлголт хүмүүн гэгчид шүлэг найргаар, ном бүтээлээр оюун санаанд нь хадагдаж дархлагддаг юм байна гэдгийг Мандахбаяр сэтгүүлчтэй уулзаж суухдаа бодож байсан. Ердөө хоёрдугаар ангийн сурагч байхдаа хамгийн олон ном уншсан хүүхдээр тодорч, аймагтаа аваргалж, “Хорвоотой танилцсан түүхээс”-ээс авахуулаад “Зөвлөлтийн зохиолчдын шилдэг туужис”, “Цаазын тавцан”, “Цагаан бээлий” гээд дэлхийн сонгодгуудыг уншсан тэрээр зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, багшийн гэр бүлд төрж, номыг дээдэлж өссөнөөрөө юунаас ч илүү бахархдаг.
“Танай гэр тэр чигээрээ монгол ханхалсан айл байна даа” гэхүйд “Миний дүү аавын минь “Тос даасан монгол айл”, “Амгалан цэнхэр хөдөө”, “Хайрын дулаан хорвоо” гээд олон номыг нь мэднэ дээ, тийм ном бүтээсэн найрагчийн голомтод өссөн хүн ийм болдог юм билээ” хэмээн хэлэв. Тиймийн учир өнөө сүр дуулиантай, монгол ахуйг жинхэнэ утгаар нь гаргасан хуримынх нь тухай ч сонирхохыг хүссэнгүй. “Унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгаль эх л Монгол Улсыг дэлхийд хамгийн үнэтэй болгоно, нүүдлийн соёл иргэншил, нүүдлийн мал аж ахуйгаа энэ хэвээр нь хадгалж үлдэх хэрэгтэй” гээд савлхийвэл хэлээд байдаг нь ийм учиртай байх нь. Монголын нийгэмд, цахим орчинд багагүй шуугиан тарьж, олны нүдэнд ил байгаа Хархүүгийн Мандахбаярынд өнжсөн тэмдэглэлээ цухасхан хүргэхэд ийм байна.