Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг орлох шагналд Японы зохиолч Харуки Муракамигийн нэрийг дэвшүүлээд байв.
Орлуулах шагнал гэсний учир нь Нобелийн шагналыг олгодог Шведийн Академид бэлгийн дарамтын хэрэг илэрсний улмаас энэ жилийн шагналыг дараа жилийн шагналтай хамт олгохоор хойшлуулсантай холбоотой. Энэ шийдвэрийн дараа Шведийн урлаг соёлын хэсэг зүтгэлтнүүд нэгдэж, Нобелийн утга зохиолын шагналыг орлуулах шинэ шагналыг бий болгож, энэ онд олгохоор болсон юм.
Уг шагналд Муракамигаас гадна Британий зохиолч Нэйл Гэйман, Францын Гваделупт төрсөн Марис Конде, Вьетнамын зохиолч Ким Тхуй нар нэр дэвшээд байжээ.
Японы утга зохиолын хамгийн амжилттай экспортуудын нэгт тооцогддог Муракамиг жил бүр Нобелийн шагнал хүртэнэ гэсэн хүлээлт нутаг нэгтнүүдийнх нь дунд бий болдог.
Тэгвэл нэрт зохиолч шагналд нэр дэвшүүлсэнд талархал илэрхийлээд зохиол бүтээл туурвих ажилдаа анхаарал төвлөрүүлэхийн тулд нэрээ татах хүсэлт илгээснийг Шведийн New Academy Prize in Literature байгууллагын фэйсбүүк хуудсанд мэдээлжээ.
Уг шагналын ялагчийг ирэх сард зарлах юм.