Зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийн сурталчлах зорилготой Зочлох үйлчилгээний мэргэжлийн улсын аварга шалгаруулах тэмцээн, HORECA хангамжийн үзэсгэлэн МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар оролцлоо.
Зочлох үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд эхний өдөр буюу өнөөдөр өрөөний үйлчлэгч, угаалгын ажилтан, зочин хүлээн авагчийн тэмцээн болж өнгөрлөө.
Мөн зочид буудал зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хүнс ахуй хангамжийн үзэсгэлэн худалдаа энэ үеэр хамт явагдсан бөгөөд Монголын зочлох үйлчилгээний холбооны зөвлөх, ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгийн ялагч н.Мөнгөндолгионы гарын хоолыг амтлан, ширээ засалт, ор хураалт зэргээр нээлттэй сургалт зохион байгуулагдаж, бартендерийн найруулсан амтлаг коктейль, дарсны төрөл онцлог, дарсаар үйлчлэх техник, кофений хэрэглээний талаар өргөн мэдлэгтэй болох боломжуудыг олгож байна. Арга хэмжээ энэ сарын 31 буюу маргааш хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.