УИХ-ын чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан
тушаалд томилох асуудлыг зөвшилцлөө.
Энэ үеэр гишүүд батлан хамгаалах салбар, үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн асуудал өөрчлөгдөж, шинэ шатанд орж байгааг сануулж,
Монгол цэргийн бодлогын шинэ баримт бичгийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг
хүссэн юм.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн
хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Ерөнхийлөгч бүрэн
эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний
газрын дарга, бригадын генерал Д.Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын
албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Д.Даваа
нь 1963 онд төрсөн. 1994 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд
сургууль, Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар
талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр төгсчээ. Тэрээр Монголын ардын
армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж
ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга,
Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, ар
тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын
хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний
газрын даргаар ажиллаж иржээ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний
Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан,
хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзэж энэхүү албан тушаалд
томилуулахаар зөвшилцөх саналаа ирүүлсэн байна.