Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Турк улсын Гааль, худалдааны дэд сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Турк Улсын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа болон хамтран ажиллах ямар шинэ орон зай байгаа зэрэг асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол-Турк хоёр улсын хамтын ажиллагаа ялангуяа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарах шаардлага зүй ёсоор гарч байна. Худалдааны эргэлтийг 250 сая ам.долларт хүргэх зорилт байгаа. Хоёр улсын ХАҮТ, бизнесийн танилцах уулзалт, форум зохион байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн.

Турк улс арьс, нэхий шир боловсруулалтаараа дэлхийд өндөр түвшинд ордог. Монгол Улс арьс шир, түүхий эд элбэгтэй. Энэ тал дээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. Мөн Монгол Туркийн хамтын ажиллагаанд хөдөө аж ахуй, зам тээвэр, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэр, хөрөнгө оруулалт гэсэн голлох 5 салбар байгаа гэж харж байна” гэлээ.

БНТУ-ын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи “Бид Монгол Улсын гааль, худалдааны байгууллагатай хамтарч ажиллах, үйл ажиллагааг нь төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд гар урлал зэрэг салбарт хамтран ажиллах боломж бий” гэлээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурал ойрын хугацаанд болох товтой байгаа. Энэ хурлаар өнөөдрийн ярилцсан асуудлуудыг хэлэлцэж, ажил хэрэг болгох боломжтойг талууд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *